«ТҮРЭГ ЕРТӨНЦ: ТҮҮХ-СОЁЛЫН ӨВ» АТЛАС

Монголын Үндэсний музей 2017 оноос хойш Олон улсын Түрэг академитай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Манай хамтрагч байгууллага 2021 оны 1-р сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах  Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо  Үндэсний академийн номын санд Олон улсын Түрэг академи «Түрэгийн ертөнц: Түүх, соёлын өв» олон улсын хурлыг зохион байгууллаа.  

Мөн түүнчилэн  Казахстан улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахан дүүсийн холбоот Түрэг улсуудын Шинжлэх ухааны академийн тэргүүн нар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын болон Мажилисын депутатууд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн нар, Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк Узбекистан, Орос, АНУ, Итали, Монгол, Герман  зэрэг  дэлхийн 20 гаруй улс орны нэрт түрэг судлаач эрдэмтэд, шинжээчид оролцов.

Онлайн болон офлайн горимд болсон энэ арга хэмжээний үеэр Олон улсын Түрэг  академи бэлтгэсэн «Түрэг ертөнц: түүх -соёлын өв атлас» хэмээх  эрдэм шинжилгээний суурь бүтээлийн номын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү суурь судалгааны Атлас хэвлэл нь   Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы Н.А. Назарбаевын өмнөх үгтэйгээр хэвлэгдсэн бөгөөд тус хэвлэлд  алдарт аялагчдын бүтээсэн эртний газрын зураг, мөн өвөг дээдсийн соёлын арвин өвийг харуулсан чухал мэдээллийг багтаасан болно. Атласын бүтэц нь Елбасы Н.А. Назарбаевын  «Их талын долоон гайхамшиг» хөтөлбөрт нийтлэлийн гол заалтуудыг тусгасан зургаан сэдэвчилсэн хэсгээс бүрдсэн  болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Олон улсын Түрэг академийн зүгээс бэлдэж хэвлүүлсэн  «Түрэгийн ертөнц: Түүх, соёлын өв» Атлас нь : Тус Атласт  түрэг угсаатануудтай холбоотой археологийн, түүхийн,  газарзүйн  болон  өрнө, дорны бичгийн эх сурвалжуудын сонгомол  эхүүд хамрагдсан бөгөөд Их талын нүүдэлдчийн тухай олон үеийн судлаачдын хамгийн  товч тодорхой материалуудаас шилдэг нь  тусгагдсан болно. Энэхүү  «Түрэгийн ертөнц: түүх, соёлын өв» Атласын  ерөнхий редактороор  Д.Кыдырали, хариуцлагатай редактороор С. Пиримбетов, Н.Базылхан нар ажилласан бөгөөд, Атласын эрдэм шинжилгээний шүүмжийг олон улсын бүрэлдэхүүнтэй түүхийн шинжлэх ухааны алдар цуутай доктор, профессор, академич  Д.Д.Васильев (ОХУ),К.Конкобаев (Киргиз улс), О.Смагулов (Казахстан), Б.Кумеков (Казахстан), Д.Сүхбаатар (Монгол улс), Х.Хазанов (Азербайжан улс), Ю.Шамильоглу (АНУ)  нарын эрдэмтэд гүйцэтгэсэн байна.

Атласыг  бүтээн, хэвлэлд бэлдэхэд Олон улсын Түрэг академийн А.Кесикбаев, Б.Напил, А.Абаева, Т.Козырев, Ф.Маджидли, С.Кудасов,А.Тойшанулы, Ж.Баделулы, Н.Бөгенбаев, Б.Төлегенулы нарын баг оролцсон бөгөөд ерөнхий дизайн хэвлэлийн эхийг А.Скакова гүйцэтгэжээ. Тус Атлас нь анхлан 2020 онд  орос хэлээр хэвлэгдсэн бөгөөд удахгүй түрк, казах, англи хэлээр тус тус хэвлэгдэх юм. 

Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баяндэлгэр