card

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын Үндэсний музейн (МҮМ) нийт ажилтнуудаас музейн үйл ажиллагаа явуулах тухай хуулиар тодорхойлсон зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомж, Олон улсын музейн зөвлөлийн Ёс зүйн дүрмийг баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг, дагаж мөрдөх, дээрх асуудлуудаар үүсэж болох зөрчил болон бусад харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Монголын Үндэсний музейн ажилтны ёс зүйн журмын /цаашид Журам гэх /үндэс нь Монголы Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Музейн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад баримт бичгээс бүрдэнэ.

1.3. Журамд ажилтны зайлшгүй баримтлах, дагаж мөрдөх ёс суртахууны, ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг шаардлагаас гадна ёс зүйн зарчим, байгууллагын болон мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх түгээн дэлгэрүүлэх, үүрэг хариуцлагыг тусгасан болно.


 

Хоёр. Ёс зүйн зарчим

2.1. Музейн ажилтан хариуцсан ажилдаа үнэнч, шударга, хүнлэг, энэрэнгүй, хариуцлагатай, манлайлах, хамтач зарчимч байх, бодит байдлыг мөрдлөг болгоно. МҮМ-н ажилтан нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

а. Үнэнч байх;

б. Хариуцлагатай байх;

в. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;

2.2. Энэхүү  дүрмийн 2.1-д заасан ёс зүйн зарчмыг дараах байдлаар ойлгоно. Үүнд:

а. Шударга байх зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ худал хэлэхгүй, хулгай хийхгүй, бодитой байх, аливаа асуудалд шударгаар хандах, шударга бус байдалтай үл эвлэрэн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;

б. Хариуцлагатай байх, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж, ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлбэл зохих хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, ажлын үр дүнд бүрэн хариуцлага хүлээх, ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй сэтгэлээсээ хандах;

в. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх –МҮМ-н ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа, ур чадвар, зан байдал нь музейд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэх, МУ-н Соёлын биет болон биет бус соёлын дурсгалыг хамгаалахад чиглэнэ;

 

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

3.1. МҮМ-н ажилтан нь энэхүү дүрмийн 2.2.“а”  хэсэгт заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.1.1. бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэх, баримт нотолгоонд суурилсан шийдвэрийг эрхэмлэх, санал илэрхийлэх;

3.1.2. олонхийн (нийтийн) эрх ашгийг ямагт хувийн ашиг сонирхлоос дээгүүр үзэж, ажил мэргэжлийн дагуу өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэх;

3.1.3. эрх зүйн чадамж бүхий байгууллага, хувь хүмүүстэй харьцахдаа бусдын нөлөөнд автах, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, /үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж, дур мэдэн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхгүй байх, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх/;

3.1.4. хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх;

3.1.5. өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөх, хариуцлага хүлээх, засаж залруулах чадамжтай байх;

3.2. МҮМ-н ажилтан нь энэхүү дүрмийн 2.2.“б” дэх хэсэгт заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.2.1. ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний хавсралтад тус тус заасан ажил үүргийн хэрэгжилт, ахлах ажилтны үүрэг даалгавар, гүйцэтгэлийн хугацаа, чанар, нэр төрийн төлөө хариуцлага хүлээнэ;

3.2.2. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, эрсдэл, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;

3.2.3. музейн сан хөмрөгийг хамгаалах, түүнийг олон нийтийн хүртээл болгох, үзэгчдэд зориулсан олон хэлбэрийн шинэ үйлчилгээг санаачлан явуулах, аюулгүй байдалд хамаарах арга хэмжээнүүдийг зохион байгуулах явцад бусдын буруутай үйлдлээс хамаарч хариуцлага хүлээх, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж ажиллана /зохих төвшинд, зүй ёсны шаардлага, зөвлөмж санал, зөвлөлгөөн, хэлэлцээр зэрэг харилцааны хэлбэрээс сонгох, шаардлагатай үед бичгээр үйлдэх/;

3.2.4. Хөдөлмөрийн хууль, “МҮМ-н хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;

3.2.5. Ажилтны ажлын байранд, ажлын цагаар гүйцэтгэсэн судалгааны бүтээл, баримтжуулалт, статистик судалгааны дүн мэдээ, бүртгэл зэрэг тухайн ажилтны үр дүнгийн гэрээний дагуу бүтээгдсэн биет болон оюуны бүтээл нь МҮМ-н өмч байна;

3.3. МҮМ-н ажилтан нь энэхүү дүрмийн 2.2.“в” дэх хэсэгт заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.3.1. Монголы Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Музейн тухай хууль, байгууллагаас музейтэй холбогдож гарсан тушаал, шийдвэр, хууль тогтоомжийн хүрээнд тулгарсан асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд судалж, санал, дүгнэлт, танилцуулга боловсруулах, үндэслэлтэй, үнэн зөв, бодит мэдээллээр удирдлагыг хангах;

3.3.2. Эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах, сургууль, дамжаа, курс, семинарт оролцохдоо зохих журмын дагуу танилцуулан албан ёсоор шийдвэрлүүлэх;

3.3.3. МҮМ-н ажилтны хэлэх үг, хэвлэн нийтлүүлэх өгүүлэл, материал нь МҮМ-н нэр хүнд, бие даасан байдалтай үл харшлах;

3.3.4. Хамт олон, иргэд, олон нийтийг ухуулах талаар өөрийн үзэл бодол, таамаглалаа МҮМ-н бодлого, байр суурийн өмнөөс үл илэрхийлэх;

3.3.5. Ажиллаж буй орчноо хог хаягдалгүй цэвэр цэмцгэр байлгах, байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх;

3.3.6. Ажилтан бусад иргэний адил үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрх чөлөөг эдлэхдээ МҮМ-н нэр хүнд, бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэнэ;

3.4. албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх.

3.5. албан үүргээ гүйцэтгэхдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг чандлан сахих, бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх.

3.6. байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ манлайлал үзүүлэх.

 

Дөрөв. МҮМ-н ажилтнуудын баримтлан ажиллах ёс зүй

4.1. МҮМ-н ажилтнууд бие биенээ болон нийт үйлчлүүлэгчдээ хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байна.

4.2. Хамт олны дунд элдэв хов жив, хэрүүл маргаан үүсгэх, нэр төр, албан тушаал хөөцөлдсөн үйлдэл гаргахыг хатуу хориглоно.

4.3. Ажлын цагаар ажлын байраа орхиж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд хэлтэс, алба, төвийн даргаас “МҮМ-н хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу зөвшөөрөл авна.

4.4. Ажлын байранд дараах зүйлийг хориглоно. Үүнд:

4.4.1. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх;

4.4.2. Бүдүүлэг зан авир гаргах, өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх, бусадтай зүй бусаар харьцах, илтэд өөрийн бодлоо тулгах, шаардах;

4.4.3. Хөгжим чангаар тавих;

4.4.4. Бусдын эд зүйлийг хулгайлах, эвдэх, сүйтгэх, зөвшөөрөлгүй авч ашиглах;

4.4.5. Хувь хүний гадаад үзэмж, төрх байдлаар ялгаварлан гадуурхах, ажилласан жил, цол зэрэг, албан тушаалын ялгарлаар ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үүрэг даалгавар оногдуулах;

4.5. Музейн ажилтан нь албан тушаалын давуу байдал, боломжийг хувийн зорилгод ашиглах.

4.6. Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө нэг сарын цалингаас дээш үнэ бүхий мөнгөн хөрөнгө, эд зүйл, бэлэг дурсгал, шагнал урамшуулал зэрэг хуулиар хориглосон бараа материалыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авахыг хориглоно.

4.7. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хамт ажилладаг ажилтнуудыг болон бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.

4.8. Бусад ажилтнуудын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, нөлөөлөхийг оролдох, хүсэлт тавих, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

4.9. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, ийм байдалтай ирэх, бүдүүлэг зан авир гаргахыг хориглоно.

4.10. Ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэвэр цэмцгэр, төлөв, албаны ажил хэрэгч хувцаслаж, үсний засалтанд анхаарч байна.

Тав. Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх

5.1. МҮМ-д ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн дэд хороо (цаашид “Хороо” гэх) ажиллана. Хороо нь 5 хүртэл сондгой тоотой гишүүдтэй байна.

5.2. Хорооны бүрэлдэхүүнийг нийт ажилтны хурлаар нэр дэвшүүлэн бүрдүүлэх бөгөөд Ёс зүйн дэд хороог МҮМ-н Захирлын тушаалаар баталгаажуулна.

5.3. МҮМ-н Ёс зүйн дэд хороонь 1 дарга, 1 нарийн бичгийн дарга, 3 гишүүнээс бүрдэх бөгөөд бүгд саналын эрхтэй байна.

5.4. МҮМ-н Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж буй гишүүнийг жилд нэг удаа шинэчлэн томилно.

 

                 5.5. МҮМ-н ажилтан, албан хаагчийг хөндлөнгийн хүн, хуулийн этгээд дарамтлах, хэл амаар доромжлох, ёс зүйгүй харьцсан тохиолдолд Ёс зүйн дэд хороо нь ажилтан албан хаагчаа хамгаалах арга хэмжээг зохион байгуулна хуулийн хүрээнд.

5.6. Ёс зүйн дэд хороо нь тухайн жилийн төсөв, төлвлөгөө, урамшууллыг жил бүрийн 1 дүгээр сард байгууллагын удирдлагаар батлуулна.

5.6. Хорооны үйл ажиллагааны хэлбэр хурал байна. Хорооны шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар гаргана. Хороо хурлын тэмдэглэл хөтөлнө.

5.7. Хороо нь дараах эрх, үүрэгтэй ажиллана.

“МҮМ-н ажилтны ёс зүйн журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сургалтсемнар зохин байгуулах;

гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан, албан тушаалтан болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох;

аливаа зөрчил болон бусад харилцааг зохицуулж, эрхэлсэн үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт дүгнэлтийг архивлах, тайлагнах;

Захиргааны зөвлөлд ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг танилцуулж, санал оруулна;

5.8. Хорооны шалгалтаар ажилтны гаргасан зөрчил нь нотлогдоогүй бол энэ тухай удирдлагад болон холбогдох талуудад танилцуулж, шаардлагатай бол хамт олонд мэдээлэл хийж болно.

5.9.бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах.

5.10.тус хорооны үйл ажиллагааны үеэр цугларсан ажилтан, хувь хүнтэй холбогдох баримт, мэдээ материалын нууцлалыг зохих хууль, дүрэм, журмын дагуу чандлан хадгалах, шаардлагатай үед эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

5.11.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаарх нэгдсэн дүн, төлөв байдлын тайлан гаргах.

5.12. Ёс зүйн дэд хорооны гишүүн хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх,төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүл, садан төрлийн бусад гишүүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй.

 

Зургаа. Томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх

6.1. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, гишүүдийг урамшуулах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

6.2. ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай тайлбар, баримтыг, Ёс зүйн дэд хороонд гаргаж өгөх.

6.3. ёс зүйн хариуцлага хүлээсэн этгээдийн шийдвэрийн бүртгэлийг хөтөлж, Ёс зүйн хороонд тайлагнах.

6.4. Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах.

 

Долоо. Гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

 

7.1.Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

7.2. Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

 

7.3. Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

 

7.4.гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авна.

 

Найм. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх

 

8.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2 дугаар заалтыг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:

 

8.1.1.гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;

8.1.2.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;

8.1.3.байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;

8.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах;

8.3. Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.

 

ЕС. Бусад

9.1. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, МҮМ-н Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад баримт бичиг болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн МҮМ-н ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

9.2. Ажилтны ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, нийгэмд болон байгууллагад учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, 123.2 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах шийдвэр гаргана.

9.3. Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

9.4. Ажилтан нь өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

9.5. МҮМ-н ажилтны талаарх аливаа нийтлэл, мэдээлэл үндэслэлгүй бол тухайн ажилтан эсхүл эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий этгээд шүүхэд хандаж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээлгэх, эдийн бус гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгуулахыг шаардах эрхтэй.