card

Зохион байгуулалтын бүтцийн хувьд 4 газартай, 54 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Монголын Үндэсний Музейн үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт

Монголын Үндэсний Музей нь монгол нутагт хүн анх аж төрж эхэлсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёлын өв, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг харуулсан байнгын үзүүллэгийн 10 танхимтай, сан хөмрөгтөө 60 гаруй мянган үзмэр хадгалж, дэлгэн үзүүлдэг үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм. Тус музей нь Монгол Улсын нийт музейн сан хөмрөгийн 30 гаруй хувийг хадгалж, судалж, олон нийтэд хүргэдэг бөгөөд эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны төв байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргаа, төлөвлөлтийн газар

Захиргаа, төлөвлөлтийн газар нь музейн үндсэн үйл ажиллагааг бодлого, удирдлагаар хангах, удирдлага-менежментийг хэрэгжүүлэх, сан хөмрөгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, бүртгэл-мэдээлэл, санхүү болон музейн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн газар

Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн газар нь Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн эрдэм шинжилгээ, судалгааг гүйцэтгэж, музейн цуглуулгын судалгаа, археологи, угсаатны зүйн хээрийн судалгаа, үзүүллэг дэглэлт, гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцох ажлыг зохион байгуулна. Мөн дэлхий нийтэд монголын түүх, соёл, зан заншил, уламжлалыг сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Тус газар нь гадаад, дотоодын судалгааны байгууллага, их, дээд сургууль, музейтэй хамтран археологи, түүх, угсаатан судлалын судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт түүх, соёл, археологийн дурсгалын авран хамгаалах судалгаа хийх, сан хөмрөгийг баяжуулах, олдворуудыг сэргээн засварлах, судалж шинжлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулна. Үүний хүрээнд тайлан, судалгааны бүтээл, каталог, эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлэх, гадаад, дотоодод тусгай үзэсгэлэн гаргана.

Сан хөмрөг, бүртгэлийн алба нь музейн цуглуулгыг баяжуулах, хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, улсын болон байгууллагын тооллогыг батлагдсан хугацаанд хийж, үзмэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцан ажиллана.

Мэргэжил, арга зүйн газар

Мэргэжил, арга зүйн газар нь улс, орон нутгийн музейг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, музейн холбогдолтой хууль, дүрэм, журам боловсруулахад оролцох, мэргэжил, арга зүйн ном, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн музейн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх онолын болон дадлагын сургалт зохион байгуулж, музейн менежмент, маркетинг, боловсрол, олон нийтийн хөтөлбөр, аюулгүй байдал, үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн хадгалалтын талаар зөвлөгөө өгнө.

Тус газар нь “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл, гарын авлага, зөвлөмж боловсруулан хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын төсөл хэрэгжүүлэх замаар Монгол Улсад музей судлалыг хөгжүүлэх, музейн ажлын арга зүйг боловсронгуй болгох, мэргэжилтэн боловсон хүчний чадавхыг сайжруулах, музей судлалаар мэргэшүүлэх гэрчилгээт сургалтыг зохион байгуулах эрхтэй байна.

Маркетинг, боловсрол, үзэсгэлэнгийн газар

Маркетинг, боловсрол, үзэсгэлэнгийн газар нь музейн үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх, боловсрол-танин мэдэхүйн хөтөлбөрөөр дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ирээдүй хойч үед соёлын өвийг сурталчлан таниулах, өвлүүлэх, уламжлуулах ажлыг музейн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд хүргэх бөгөөд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, дэлхийн жишигт нийцсэн музейн үйл ажиллагааг хөгжүүлнэ.

Мөн гадаад, дотоодод монголын түүх, соёл, зан заншил, уламжлалыг таниулах түр болон байнгын үзэсгэлэн дэглэн ажиллаж, музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухтай байдлыг хангана. Үйлчилгээний ажилтнуудын ёс зүйг өндөрт өргөж, үйлчлүүлэгчидтэй стандартын дагуу соёлч, боловсноор харилцах нөхцөлийг бүрдүүлнэ.