АСЕМ-ын өдрийг Ази, Европын харилцааг бэхжүүлж, хоёр тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжиж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэдэг билээ. Эдүгээ Ковид-19 цар тахал нь бидэнд бие биетэйгээ улам ойр дотно харилцаатай байх шаардлагатайг улам бүр мэдрүүлж байна. Энэ жилийн АСЕМ-ын өдөр нь Ази Европын уулзалт (АСЕМ) -ын 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. АСЕМ нь дэлхийн 53 орныг эгнээндээ нэгтгэсэн хийгээд улс гүрнүүдийн улс төр, эдийн засаг, олон улсын асуудлаарх яриа хэлэлцээ, ойлголцлыг эрх тэгш түншлэл, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан дэмжиж ирсэн юм.Энэхүү ойг тохиолдуулан Европын Холбоо (ЕХ) Брюссель хотын Дүрслэх Урлагийн Төв (BOZAR), Ази-Европын Сан (ASEF) -тай хамтран “Азид нэвтрэх гарц; Ази, Европ тивийн 2500 жилийн солилцоо” сэдэвт дижитал үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна. Түүнчлэн уг форумын үеэр “Ази, Европын музейнүүдийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд” сэдэвт форум зохион байгуулагдана.
Дижитал үзэсгэлэн нь дэлхийн 15 орны музейн 18 шилдэг бүтээл, үзмэрийг дээжлэн толилуулж буй хийгээд Ази, Европын 2500 жилийн түүх, харилцааг илэрхийлж буйгаараа онцлогтой. 2010 онд Брюссель хотноо зохион байгуулсан үзэсгэлэнгээс эдгээр 18 үзмэрийг сонгосон ба тэдгээрийн мэдээлэл, гэрэл зурагт тулгуурлан үзмэрүүдийг гэрэл зургаар болон /3D/ 3-н хэмжээст дүрсийг бүтээж, үзэсгэлэнгийн мэдээлэл, хаяг тайлбарыг сонсох, унших боломжтойгоор оруулжээ. Үзэсгэлэн нь бүхэлдээ Европ, Ази тивийн олон улс орнуудын соёл, худалдаа эдийн засаг, улс төрийн харилцааны гэрч болж буй юм. Европ, Азийн харилцааны ач холбогдлыг өнөө үед сануулж, манай хоёр тивийн харилцаа, соёлын солилцоог харуулахад уг дижитал үзэсгэлэнгийн зорилго оршино.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн цуглуулгаас Монгол цэргийн ялтсан хуяг дуулга, нум сум, хоромсог саадгийг толилуулж байна. Захирал доктор Д.Сүхбаатарын мэндчилгээ мөн байршжээ.