Монголын Үндэсний музейн цуглуулгаас цуврал нийтлэл

ХӨЛТ МАГНАГ ТОРГОН ДЭЭЛ

XVII-XIX зууны эхэн үе

Монголын Үндэсний музейн сан хөмрөг

XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятад зэрэг орныг эрх нөлөөндөө оруулан тэдгээр орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна. Чин улсын албаны хувцас нь хуанди, хунтайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байна. Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ. Энэ нь эртний хятадын төрийн бэлгэдлийн зүйл болно. Манж Чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц. Монгол хувцас нь манж зүрчдийн хувцастай төстэй, нөгөө талаар монголчууд эрт үед хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган уугуул монгол хувцасны загвараа хадгалан ирснээс хятад хувцсанд уусаагүй зэрэг нь монгол хувцсыг нэлэнхүйд нь манж хятад маягтай болгож чадаагүй юм. Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ.

Богд хаант Монгол улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагдана.