Тайпейн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгч хатагтай Грейс Ж.Р.Лүө, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Чуан Хао Юн нарыг Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар хүлээн авч уулзлаа. Тайпейн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Монгол-Тайваны соёлын солилцоог идэхжүүлэх музей хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг дэмжин ажилладаг байгууллагын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд уг газрын дэмжлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музейн үйлчилгээг тэгш хүртээх дэд бүтцийг музейн гаднах талбай ба орох шатны хэсэгт налуу зам засаж, тэргэнцэртэй үзэгчдэд зориулсан ариун цэврийн өрөөг тохижуулсан юм. Түүнчлэн Тайваны Үндэсний музейгээс Монголын талд Юань гүрний үеийн хаад хатдын зургийн хуулбарыг Төлөөлөгчийн газартай хамтран хүлээлгэн өгч байсан билээ.
Монголын Үндэсний музейн зүгээс гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх Тайваны музейнүүдэд хэрэгждэг сайн дурын ажилтны хөтөлбөрийг монгол нутагшуулах болон Тайваны Үндэсний музей Монголын Үндэсний музейд дижитал үзэсгэлэн зохион байгуулах, музей хоорондын хамтын ажиллагааг сайжруулах ажлыг дэмжих зэрэг асуудлаар харилцан ярилцлаа.