“МОРЬ ШҮТЛЭГ -  КҮН ДЬӨҺӨГӨЙ ОҔОТО”

Адууны дэл, сүүл хялгасаар нэхэх урлаг бол Саха ард түмний өнгөрсөн болон өнөө үеийг холбосон үнэт өв юм. Якутын өргөн уудам нутагт дэлгэрсэн энэхүү ур чадвар нь саха түмний олон зууны мэргэн ухаан, ариун нандин уламжлал нь амьдралын итгэлт хань адуугаа хязгааргүй их хүндэтгэдгийн жишээ юм. Саха гар урчууд үеийн үед гоёмсог үнэт эдлэл, гэр ахуйн эд зүйлс, зан үйлийн эдлэлүүд, морины хөллөгөө зэргийг уян хатан атлаа бат бөх адууны дэл, сүүлний хялгасаар урлаж, өдөр тутмын эд зүйлсийг урлагийн бүтээл болгон хувиргасаар иржээ. Орчин цагт ёс уламжлалаа нандигнан хадгалагч хүмүүс, урчуудын ачаар энэ эртний чадвар алга болоогүй, харин ч хоёр дахь амьдралтайгаа золгосон юм.

"Морь шүтлэг" тусгай үзэсгэлэн нь Якутын өв уламжлалын дуулал бөгөөд үзэсгэлэн бүр өөрийн түүхийг өгүүлдэг. Үзэсгэлэнгийн үндсэн үзмэрүүд нь адууны иж бүрэн баярын чимэглэл болно. Энэ нь төмрийн дархан, үнэт эдлэл, хатгамалч, эмээл урлаачдын ур хийц нийлсэн жинхэнэ урлагийн бүтээл юм. Энэ цогц ансамбль нь энгийн нэг чимэглэл төдийгүй эртний түрэг болон монгол ард түмний адууг дээдлэн хүндэтгэж, тэдний эстетик үзэл бодлын илэрхийлэл болсоор иржээ.

Үзэгчид дээрх сүлжмэл бүтээлүүдээс гадна хуш модон эдлэл, сийлбэртэй модон бүтээлүүд зэрэг Якутын ардын гар урлалын эрдэнэсийн сангийн олон нандин бүтээлийг үзэх боломжтой. Өнөө үед адууны дэл, сүүлийг сүлжиж хийсэн га урлалын бүтээлийн  сэргэн мандалт болж байна гэж хэлж болно. Энэ нь уламжлалыг хадгалж үлдэх төдийгүй ирээдүй рүү гүүр болж, орчин үеийн зураачдад сүнслэг нөлөө үзүүлж, соёлын аялал жуулчлал, бэлэг дурсгалын урлагийн хөшүүрэг болж байна.

Амьд өв уламжлалыг хадгалагч СИМЭХ (ЧИМЭГ) гар урчуудын үндэсний төв шинэ ойлголтыг нээж, хамтын ажиллагааны хил хязгаарыг өргөжүүлж, Якутын урлагийг дэлхийн түвшинд төлөөлж байна. Энэхүү үзэсгэлэн улс үндэстний жинхэнэ баялаг нь соёл иргэншилд байдгийг сануулж байна. Үндэсний өв уламжлалыг таслахгүйн тулд үүнийг хойч үедээ болгоомжтойгоор өвлүүлэх нь бидний үүрэг юм.

Та бүхэн өнө мөнхийн бүтээлд гар хүр.

Адууны дэл сүүлээр сүлжсэн бүтээл бүрээс өвөг дээдсийнхээ дуу хоолойг сонс.

Холбогдох утас: 70110913, 99123922