Монгол бичгийн гарал үүслийг тайлбарлахдаа зарим түүхэн сурвалж дахь мэдээ сэлтэд үндэслэн Чингис хаан Тататунга нэрт бичгийн түшмэлээр зохиолгосон хэмээн үзэх нь бий боловч “Чингисийн чулууны бичиг”, “Монголын нууц товчоо” зэрэг XIII зууны үеийн монгол бичгийн сонгодог дурсгалууд дахь бичиг үсгийн ихэд боловсрон хөгжсөн байдлаас үзэхэд уул бичгийн эх үндэс бүр Уйгурын үед Арамей, Согдоос авсан байх магадтай гэх үзэл илүү түгээмэл болжээ.
Монгол бичиг нь зуун зууныг өртөөлөн урагшлахдаа үе үеийн Монголчуудын оюун сэтгэлгээ, бүтээл туурвилын охь манлай бүхнийг бүтээн цогцлоосон юм. Гэвч Зөвлөлтийн шахалт дарамтаар Монголчууд үндэсний бичгээ орхиж кирилл шинэ үсэг хэрэглэх болсон нь саяхны түүх билээ. Төдөлгүй, сайн цагийн эхэнд буюу 1985 оноос эхлэн монгол бичгээ сэргээн хэрэглэх, суралцах хөдөлгөөн орон даяар өрнөх болсон ба ард иргэдээ үндэсний бичигт суралцуулах энэ үйл явц нь тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ. Улмаар эх монгол бичгээ сурах хүмүүсийн идэвх сонирхол, урам зоригийг улам бүр дэвжээх зорилгоор 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 тоот зарлиг гарч “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг жил бүрийн 5-р сарын эхний Ням гарагт тэмдэглэх уламжлал тогтсон билээ. Мөн монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох шат дараатай бодлогын хүрээнд, Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны 1-р сараас эхлэн Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах болсон юм.
Монгол үндэстний түүх, соёлын баялаг өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүрэг бүхий Монголын Үндэсний Музей нь “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд монгол бичгээ сурталчлах, таниулах зорилгоор тус музейн цуглуулгад буй үзмэр эд өлгийн зүйлсэд түшиглэн монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг – Өв соёл” үзэсгэлэнг нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд Францын хаан Гоо Филиппт Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгүүд, монгол бичгээр туурвисан эртний ховор судар номнууд, бийр янтай, үнсэн самбар зэрэг бичгийн хэрэглэл, Манж ба Богд хаант Монгол улсын тамга тэмдгүүд, 1920-1940-өөд оны үеийн ном, сурах бичиг, сонин сэтгүүл, нэрт монголч эрдэмтэн В.Котвичийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд өргөмжилсөн бичиг, маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу тэргүүтэй төр засгийн удирдагчид, хөдөлмөрийн сайчуудад олгосон баярын бичиг, илэрхийлэлт, өргөмжлөлүүд, одон медалиуд, дээрээ монгол бичиг бүхий тамхины хайрцаг, цоож цуурганы зүйлс зэрэг нийт 100 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэн 2025 оны 5-р сарын 2-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Монголын Үндэсний музей