“МИНИЙ ЧАДВАР-МУЗЕЙН ҮНЭЛЭМЖ”

Нэг. Зорилго

Соёлын дэд сайд, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн ахлагч П.Баттөрийн баталсан “Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн 3.2, “Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 15.2 дахь арга хэмжээ, Монголын Үндэсний музейн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр “Миний чадвар-музейн үнэлэмж” уралдаанд музейн бүртгэл, мэдээллийн санчийн ажлын үзүүлэлт, бүтээмжийг үнэлэх, дүгнэх, шилдэг бүртгэл, мэдээллийн санчийг шалгаруулахад энэхүү уралдааны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Уралдаанд төрийн болон орон нутгийн өмчийн музей хамрагдана.

Гурав. Хугацаа

Уралдаан зохион байгуулагдах хугацаа нь дараах үе шаттай байна.

Үүнд:

Уралдаанд ирүүлэх материал 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн материалыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нэгтгэнэ.

Уралдаанд оролцогчдыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шалгаруулна.

Дөрөв. Уралдаанд оролцоход шаардлагатай бүрдүүлэх материал

Уралдаанд оролцогч нь дараах материалуудыг хэвлэмэл болон цахим байдлаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны дотор Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн албаны дарга Э.Оюунтуяа (утас: 96009014) nmm@nationalmuseum.mn цахим хаягт цахимаар болон албан бичгээр ирүүлсний үндсэн дээр тус уралдаанд оролцох эрх үүснэ.

Бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үзмэрийн ерөнхий бүртгэлийн Register программ болон RCH  программыг хөтөлсөн байдлын нэгдсэн дүнг харуулсан гэрэл зураг;
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дэх  заалтын дагуу зохион байгуулагддаг “Түүх, соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого”, Соёлын биет бус өвийн улсын үзлэгт хамрагдсан байдлыг Соёлын өвийн үндэсний төвийн тодорхойлолт;
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сангийн тайлан мэдээ, цаг хугацаанд бүрэн өгсөн талаарх Соёлын өвийн үндэсний төвийн тодорхойлолт /сүүлийн 3 жил/;
  • Соёлын өвийг бүртгэх, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулсан ажлын тайлан;
  • Ерөнхий бүртгэлийн дэвтэр хөтлөлт /сүүлийн 3-н жилд музейд шинээр авсан үзмэрийн хөтлөлтийг гэрэл зургаар ирүүлсэн байх/;
  • Бүртгэл мэдээллийн сангийн цаасан болон цахим суурьтай материалын ангилал, хаягжуулалт, хадгалалтын байдлыг 2-3 минутын хугацаанд багтаан дүрс бичлэгээр танилцуулсан байх /гар утасны бичлэг байж болно/;

Тав. Шалгаруулалт

Уралдаанд оролцогч нь шалгуур үзүүлэлтийн дагуу холбогдох материалыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын Үндэсний музейд цахим болон цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Монголын Үндэсний музейн захирлын баталсан Ажлын хэсэг  “Миний чадвар музейн үнэлэмж” уралдааныг дүгнэх Дэд ажлын хэсгийн гишүүд оролцогчоос ирүүлсэн материалыг хэлэлцэн шалгуур үзүүлэлтийн дагуу 0-3 хүртэлх оноогоор дүгнэж, дүнг гаргана.

Шалгаруулалтыг тухайн оролцогчийн ирүүлсэн материалд үндэслэн Түүх соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалын улсын тооллого, соёлын биет бус өвийн улсын үзлэг, бүртгэл, мэдээллийн сангийн бүрдэл, хөтлөлт, ангилал хадгалалт, зохион байгуулсан сургалт зэргийг харгалзан үзэж шалгаруулна.

Улсын болон аймаг, орон нутгийн өмчит музейгээс тус бүр нэг нэг бүртгэл мэдээллийн санчийг шалгаруулна.

Шалгаруулалтыг дүгнэж, шилдэг оролцогчдын шагналыг 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах “Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хурал - Хүндэтгэлийн арга хэмжээ”-н дээр гардуулна.

Зургаа. Шалгуур үзүүлэлт

Үзмэрийн ерөнхий бүртгэлийн Register программ болон RCH программыг  хөтөлсөн байдал;

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дэх  заалтын дагуу зохион байгуулагддаг “Түүх, соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого”, Соёлын биет бус өвийн улсын үзлэгт нэг ба түүнээс дээш удаа оролцсон байх;

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сангийн тайлан мэдээ, цаг хугацаанд бүрэн өгсөн байх /сүүлийн 3 жил/;

Соёлын өвийг бүртгэх, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулсан байх, зохион байгуулсан сургалтуудыг жагсаалтаар өгөх;

Ерөнхий бүртгэлийн дэвтэр хөтлөлт /сүүлийн 3-н жил/;

Бүртгэл мэдээллийн сангийн цаасан болон цахим суурьтай материалын ангилал, хаягжуулалт, хадгалалтын байдлыг харуулсан 2-3 минутын дүрс бичлэг.

Долоо. Дүгнэх аргачлал

Дээрх зургаан шалгуур үзүүлэлт тус бүр 0-3 оноогоор дүгнэнэ.

Онооны нийлбэр 0-6 бол дунд, 7-12 бол сайн, 13-18 бол маш сайн гэж үнэлэгдэнэ.

Маш сайн үнэлгээнд хамрагдсан оролцогчийг онооны эрэмбээр тэргүүн байранд шалгаруулна.

Найм. Шагналын сан

Шагналын сан 4 000 000₮ /дөрвөн сая төгрөг/

Үндэсний, Улсын музейн Бүртгэл мэдээллийн санч  тэргүүн байр-1 хүн  2 000 000 төгрөг

 Аймаг, орон нутгийн музейн Бүртгэл мэдээллийн санч тэргүүн байр-1 хүн 2 000 000 төгрөг

---ooOoo---