Эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Тэгвэл XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ. Энэ тухай Марко Поло “...Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Тэд бүгд заншил ёсоор эрэгтэй эмэгтэй ялгалгүй чадах чинээгээрээ цагаан хувцас өмсдөг...”хэмээн тэмдэглэжээ.
XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй ба өдгөө хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн.
“Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдах үе үеийн урчуудын бүтээж буй болгосон өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах болно.
Та бүхэн таалан болгооно уу.
Хотол олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Харилцах утас: 70110913, 70110911
www.nationalmuseum.mn