Монгол улсын Үндсэн хууль: Уламжлал ба шинэчлэл

Монгол Улс нэн шинэ үеийн түүхэдээ 1924, 1940, 1960, 1992 онд нийт дөрвөн удаа Үндсэн хууль батлан дагаж мөрдсөн билээ. ХХ зууны эхэнд өөрийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тунхагласан цаг үеэс эхлэн Монгол Улс нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замналд хөтлөгдөн Азийн улс орнуудаас (Япон, Дундад Улс, Туркийн дараа) түчээлэн “Үндсэн хуульт төр ёс”-ыг тогтоон явуулахыг эрмэлзэх болсон билээ. Өнөөдөр бидэнд мэдэгдсэнээр 1911 оноос хойш зарим нэгэн орнуудын Конституци буюу Үндсэн хуулийг судлан орчуулж, “Умард Америкийн Холбоот улсын Үндсэн хуулийг 1787 оны Сентябрь хэмээх сард тогтсон нь эдүгээ цагийн олон улсад хэрэглжэ буй шинэ хэмжээт засгийн Үндсэн хуулийн анх нь мөн хэмээвээс зохимуй. ” гэж дүгнэжээ. Хэмжээт цаазат Монгол Улсын хаан эзэн Богд Жавзандамба хутагт ба Ардын Засгийн газар тус тусын эрх хэмжээг тогтоосон дүрэм буюу  “Тангарагийн гэрээ” юм. Уг гэрээ нь 1921 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан ажээ. Дүрмийн 2,4,7 зүйлүүдэд Богд хаан эзэн улсын аливаа хэргийг Ерөнхий сайдаар дамжуулан  гүйцэтгэх,  Улсын үндсийг боловсруулах, ард түмний ашиг тусыг батлан дэлгэрүүлэх, зэрэг эвдэж үл болох хуулиас бусад хууль дүрмийг нэг удаа эргүүлэн буцааж хэлэлцүүлэх зэрэг үндсэн хуулийн зарим нэгэн нийтлэг эрх зүйн ёс дүрмийг тогтоож өгсөн юм. Харин 1924 оны 5 дугаар сарын 20нд хэмжээт эрхт Богд хаан нэгэнт жанч халснаас улбаалан Монгол Улс нь шинэ тулгар төр буюу хаант засаглалаас ардын Бүгд Найрамдах Засаг тогтоон явуулах түүхэн нөхцлийг бүрдүүлж, тухайн цаг үеийн улс төрийн байдалд түшиглэн анхны Үндсэн хуулийг тун удалгүй хэлэлцэн баталсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхдугаар Их Хурал чуулан хуралдаж, БНМАУ-ын Үндсэн хууль батлагдсан 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг бид Бүгд найрамдах улс тунхагласны баярын тэмдэглэлт өдөр хэмээн өргөн тэмдэглэж ирсэн орчин цагийн уламжлал тогтсон билээ.  Засаг төрийн бодлого, олон улсын эрх зүйн байдлаас монголчууд Үндсэн хуулиа 1940, 1960, 1992 онуудад дахин эргэн харж, өөрчлөлт шинэчлэлүүдийг хэлэлцэн батлаж тогтсон байдаг юм. Тухайлбал, Монгол Улсын хүн амын иргэнлэг соёл, нийгэмшлийн хэв маяг, эдийн засгийн бүтэц, улс төрийн тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх засаг төрийн зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд,  1992 оны 1 дүгээр сарын 13-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.

Үүний учир энэхүү тусгай үзэсгэлэн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах, улс төрийн үнэ цэнэ, сургамж, цаашид хэрхэн улам бүр боловсронгүй болгож шинэтгэх талаар ард иргэдэд ойлгуулан мэдүүлж түгээхэд оршино.

“Монголын тулгар төр мандан бадрах болтугай! ”

Жамсрангийн Цэвээн  /Улсын эрх, 1912-1914 он/

Монголын Үндэсний музей