ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ

Хадны зураг эртний нүүдэлчдийн түүхийн нэгэн чухал сурвалж, тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Монгол орон нь хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд хамгийн баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэн зэргээрээ судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм.

Монголын хадны зураг бол зөвхөн Монгол орны түүх, соёлын өв төдийгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өв байгаль дээрээ хадгалагдан үлдсэн үнэт архив билээ. Иймд, Монгол улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан Боловсрол, Шинжлэх ухааны яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2022 оны 11 дүгээр сарын 10-нд Монголын Үндэсний музейд 12.00 цагт боллоо.  Тус үзэсгэлэнг зохион байгуулснаар Монгол улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар хүндэтгэлийн үг хэлж, хүрэлцэн ирсэн хүндэт зочид эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүллээ. Уг үзэсгэлэн олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүйгээр 1 сарын турш үргэлжилнэ.
Тус үзэсгэлэнд хадны зургийн ерөнхий ангиллын дагуу:

Хадны сийлмэл зураг, Зосон зураг гэсэн 2 бүлэгт хуваан Монгол орны нутагт буй хадны зургийн дурсгалаас 100 гаруй шилмэл зургийг сонгон дэлгэн үзүүлж байна. Мөн хадны зураг нь эртний хүмүүсийн үлдээсэн шүтлэг бишрэл, урлаг соёлын бүтээл болох тул тэдний ахуй амьдралын талаарх үнэтэй мэдээллийг агуулж байдаг бөгөөд хүний амьдралын олон талт ажиллагааг харуулсан сэдэв зохиомжоор хуваан дэглэж олон нийтэд толилуулж байна. Үүнд: 1. Ан амьтан, 2. Тамга тэмдэг, 3. Хүн, 3.Ан агнуур, 4. Аж ахуй, 5. Тэрэг, 6.Шүтлэг бишрэл, 7. Зосон зураг” гэсэн сэдвүүдийн хүрээнд үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ШУА-ийн Археологийн хүрээлэн

Монголын Үндэсний музей