Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн ажилтнууд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Орон нутаг судлах танхимын үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийг боловсруулан шинээр дэглэн хүлээлгэн өглөө.
2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхтэй байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сумын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт газрын судлан үзмэр цуглуулгыг бүрдүүлж, угсаатны зүйн холбогдолтой зарим үзмэрийг иргэдийн гар дээрээс авч бүртгэн баримтжуулж, орон нутаг судлах танхимын үзүүллэгийг дэглэв. Тухайлбал, шинэ чулуун зэвсгийн үеийн түүвэр олдвор чулуун зэв, сувс, ваар сав, Хүннү болон Юань улсын үед холбогдох барилгын материал, угсаатны сонирхолтой үзмэрүүд дэлгэгдлээ.
Энэхүү ажлыг МҮМ-н Эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, куратор Ж.Наранчимэг, Археологи-антропологийн секторын эрхлэгч ЭША Г.Бүрэнтөгс, Эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр, Д.Нямсүрэн, Ж.Цэрэндулам нарын бүрэлдэхүүн болон Баян-Овоо сумын И.Эрдэнэтуяа даргатай Соёлын төвийн ажилтнуудтай хамтран 2022 оны 5 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Орон нутаг судлах танхим нь тухайн нутагт амьдран суугаа хүн ардын соёл, уламжлал, түүхийг илтгэн харуулж орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц болдог тул Монголын Үндэсний музейгээс Монголд буй орон нутаг судлах танхим, жижиг музейдийг өөрийн өвөрмөц онцлогт тохирсон байдлаар шинэчлэн дэглэх ажилд мэргэжил-арга зүйгээр удирдан хамтран ажиллахад нээлттэй юм.
Шинэ музей энэ оны 7 дугаар сараас олон нийтэд нээлттэй ажиллаж эхэлнэ. Та бүхэндээ амжилт хүсье.