ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ- International Council of Museums - ICOM) 1977 оноос эхлэн 40 гаруй жил  “Олон Улсын Музейн өдөр”- ийг (International Museum Day) жил бүрийн 5 дугаар сарын 18-нд  тодорхой сэдвийн  хүрээнд дэлхий даяар зохион байгуулж ирлээ. 

Энэ жил “Музейн хүч нөлөө” олон улсын музейн өдрийн нээлтийн ёслолыг , Монголын Үндэсний музейн задгай тайлбайд олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Уг арга хэмжээг Соёлын Яам, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Олон улсын Музейн Зөвлөлийн Монгол дахь Үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх музей үйл ажиллагаагаа сурталчилан оролцоно. 

Нээлтийн ёслол 2022.05.18-ны 11.40 цагаас эхлэн олон сонирхолтой арга хэмжээ, соёл, танин мэдэхүйн хөтөлбөр, шинэ ном бүтээлийн үзэсгэлэнг үзэгч олон нийтэд сонирхуулах юм. 

 ОУМЗ 1946 онд байгуулагдсан бөгөөд ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхий дахины байгаль, соёлын өв, соёлын биет, одоо, ирээдүй, биет болон биет бус өвийг суах, хадгалах, хамгаалах, уламжлуулах, нийгэмд түгээн хүргэх үүрэг хүлээсэн музей, музейн мэргэжилтнүүдийн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд өнөөгийн байдлаар 138 орны 44 686 музейн мэргэжилтнийг 118 үндэсний хороо, 32 олон улсын хороонд нэгтгээд байна.

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн олон улсын музейн өдрийг Музейн хүч нөлөө- The Power of  Museums  сэдвийн дор дараах зорилго дэвшүүлэн тэмдэглэж байна. Үүнд:

Музейнүүд эерэг өөрчлөлтийг авчирдаг гэдгийг харуулах

Музейнүүд ба хүн амын бүлгийн харилцаа холбоог илүү ойр дотно болгоход дэмжлэг үзүүлэх

Хүмүүс хоорондын энх тайвныг цогцлоох хөдөлгүүр нь соёлын солилцоо хэмээн хөхиүлэн дэмжих

НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх

Олон улсын музейн өдөр бол дэлхий даяарх музейн хамт олны хувьд ховор боломж юм. Энэ өдрийг тохиолдуулан олон мянган музей тухайн оны сэдвийн хүрээнд бүтээлч эвент ба үйл ажиллагаагаа төлөвлөж, үзэгчтэйгээ харилцаж, музей нийгэмд үйлчлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлон харуулж музейн хүч нөлөөг нээн харуулах үйлсэд дэлхий даяарх мянга мянган музейтэй нэгдэхийг уриалж байна.

Холбогдох утас: 70110913

www.nationalmuseum.mn;  www.facebook.com/nationalmuseummongolia