Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгааг түүх, археологи, угсаатны зүйн салбарт хэрэгжүүлэх, музейн үзмэр цуглуулгын хадгалалт хамгаалалтын орчны суурь болон төрөлжсөн судалгаа хийх, музейн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны үр дүнгээр сэтгүүл, ном, каталоги эрхлэн хэвлүүлэх, олон нийтэд мэдээлэн сурталчилах чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх санамж бичигт Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Захирал А.Энхбат нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь соёлын биет болон биет бус өвийн үнэлгээ, тодорхойлолт гаргах, судлагдахууны төрөл зүйл, цар хүрээг тогтоох судалгаа хийх, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах, үзмэр цуглуулгыг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн соёлын өв дурсгалыг хамгаалах, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын цар хүрээг эрчимжүүлэх юм.
Монгол эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлье.