МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙД Ч.НОМИН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТЛАВ.

Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин 2022 оны 6 дугаар сарын 14-нд "Монголын Үндэсний музейн үзэл баримтлал", "Монголын Үндэсний музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө", "Монголын Үндэсний музейн Үзмэр цуглуулгын төлөвлөгөө /2015-2025 он/" үндсэн баримт бичгүүдийг батлан Захирал Л.Жаргалд гардуулан өгч музейн хамт олон хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. 

"Монголын Үндэсний музей нь ирээдүй хойч үеэ эх оронч хүмүүнлэг Монгол иргэн болж төлөвшихөд үйл ажиллагаагаа чиглүүлж, шинжлэх ухаан, боловсрол, соёлын аялал жуулчлалын олон талт үйл ажиллагааг эрхлэх Үндэсний хэмжээний тэргүүлэх зэргийн музей байна. Бид түүх соёл. музей судлал болон шинжлэх ухааны бусад салбар ухаанаар мэргэшсэн чадварлаг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр монгол үндэстний их өв сан, үзмэр цуглуулгаа хайрлан хамгаалах, судлах, сурталчлах үйл ажиллагааг төрийн албаны ёс зүйн хүрээнд чин шударгаар гүйцэтгэх, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлах, нийгэмд үйлчлэх нөлөөлөл, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмрээ оруулах, НҮБ-ийн тогтвортой хөгжлийг дэмжигч түнш байгууллага байна." хэмээн үзэл баримтлал, хэтийн төлөвлөө тодорхойлон албан ёсоор батлууллаа.