card

Музейн тухай хууль

Музейн батлагдсан дүрэм

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 5 дугаар сарын  02-ны өдрийн 230 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монголын Үндэсний Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх үүргийг тодорхойлж зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино. 
1.2. Монголын Үндэсний музей /цаашид ”музей” гэнэ/ нь төрийн өмчит, ашгийн төлөө бус эрдэм шинжилгээний болон соёлын байгууллага мөн.
1.3. Монголын Үндэсний музейн зорилго нь соёлын өвийг хадгалж хамгаална, хойч үедээ уламжлуулж, иргэдийн оюуны тодорхой эрэлт хэрэгцээг хангах улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.
1.4. Музейн нь өөрийн нэр дээр тусгайлсан хөрөнгөтэй, улсын өмчийг эзэмшигч, банкинд харилцах данстай, тогтоосон журмын дагуу үйлдсэн, өөрийн нэр бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай, өөрийн бэлгэдэлтэй хуулийн этгээд байна.
1.5.  Музейн оноосон нэр: Монголын үндэсний музей, англи хэл дээр National Museum of Mongolia байна.  
1.6. Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж-1, шуудангийн хаяг: Улаанбаатар-46, ш/хайрцаг-332. Вэб хуудас: www.nationalmuseum.mn
1.7. Музей нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, “Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага”- Монгол улсын стандарт, Монгол улсын Сан хөмрөгийн дүрэм бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
2.1.  Музей нь өөрийн сан хөмрөгөө иж бүрдүүлэх, эрэн сурвалжлах, баяжуулах,, үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалах, хамгаалах, арчлан тордох, сэргээн засварлах ажлыг зохих дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.
2.2.  Үзмэр, эд өлгийн зүйлийг бүртгэх, байнгын үзлэг хийх, тоолох, ангилах, баримтжуулах ажлыг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.
2.3.  Музейн үзмэрт түшиглэн судалгаа явуулах, баяжуулах, үр дүнг нийтийн хүртээл болгох, тэдгээрийн гарал үүсэл, үнэ цэнийг тогтоох чиглэлээр дангаар болон бусад холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхэлнэ.
2.4. Музейн үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэл, уран сайхны зохистой шийдэлтэйгээр дэглэн, дотоод, гадаадад үзэсгэлэн зохион байгуулж, үзэгчдэд сурталчлах ажлыг хийнэ.
2.5.  Сургуулийн өмнөх насны болон сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид, байгууллага, иргэдэд зориулсан танин мэдэхүй, сурталчилгаа, соёл боловсролын ажлыг зохион байгуулна.
2.7. Музей судлалыг хөгжүүлэх, музейнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх, музейн ажилтнуудын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны эрдмийн зэрэгтэй ажилтны эзлэх хувийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

ГУРАВ. МУЗЕЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

3.1.  Музейн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
3.2. Музейн захирлын дэргэд Захиргааны зөвлөл, Үзмэр худалдан авах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Мэргэжил арга зүйн зөвлөл, Өмч хамгаалах байнгын зөвлөл тус тус ажиллана.
3.3.  Музейн захиргаа, үйлчилгээний, аюулгүй байдал, хамгаалалтын, сан хөмрөг, бүртгэлийн, Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын, Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн, мэргэжил-арга зүйн албадтай байна.
3.4.   Музейн ажлын хэрэгцээний номын сантай байна.
3.5. Музейн захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.
3.5.1. Захирал музейн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага,  зохицуулалт, хяналтыг хариуцах,
3.5.2.  Музейг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох, гэрээ хэлцэл байгуулах,
3.5.3.  Батлагдсан төсөв, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хөрөн-гийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу захиран зарцуулах,
3.5.4.  Зохих журмын дагуу зөвшөөрөл авч, байгууллагын нэр дээр данс нээж, ашиглах,
3.5.5.  Байгууллагын дотоод журам, нэгжийн ажиллах журмыг батлах, мөрдүүлэх, бүх ажилтнууд мөрдөх тушаал, шийдвэр гаргах,
3.5.6.  Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилох, чөлөөлөх,
3.5.7.  Музейг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон музейг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулах,
3.5.8.  Цуглуулгыг байнга баяжуулах, хадгалалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, үзмэрийг бүрэн бүтэн байдлаар хадгалах талаар холбогдох арга хэмжээг тогтмол зохион байгуулах,
3.5.9.  Музейн үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан, техни-кийн ололт, шинэ технологийг нэвтрүүлэх,
3.5.10.  Байгалийн аюул гамшиг, гэнэтийн халдлага, эрсдэл, галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах бүх талын арга хэмжээг авах,
3.5.11.  Ажилтнуудын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах,
3.5.12.   Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг,

ДӨРӨВ. МУЗЕЙН ЭРХ ҮҮРЭГ

4.1.  Музей нь дор дурдсан эрх эдэлнэ:
4.1.1. Өөрийн сан хөмрөгт байгаа үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалах журмыг нийтлэг журмын үндсэн дээр тогтоон хэрэгжүүлэх,
4.1.2. Музейн төрөл чиглэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт үзмэрийн хайгуул, цуглуулгын ажил явуулах, үзмэр эд зүйл худалдан авах, мөн бэлэг хандиваар авах,
4.1.3.  Өөрийн сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлийг  судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор зохих журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулах, түрээслүүлэх, хэвлэн нийтлүүлэх, түүнээс олсон орлогыг сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад зарцуулах,
4.1.4. Нийтэд үйлчлэх журам, үйлчилгээний нөхцөлийг тогтоох
4.1.5. Музейн үйл ажиллагааны чиглэлд хамаарах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, суурь, хавсрах судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг гүйцэтгэх шалгаруулалтад оролцох, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдах, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, семинар зохион байгуулах, оролцох, харилцан мэдээлэл солилцох, 
4.1.6. Музейн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар холбогдох дээд байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлэх,
4.1.7. Өөрийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай ажилтнуудаар хангагдах,
4.1.8. Дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, гэрээ хэлцэл байгуулах, хандив, тусламж авах,
4.1.9. Музейн нийтэд зориулагдсан талбайг соёл, боловсролын арга хэмжээ зохион байгуулахад зориулан, зохих журмын дагуу түрээслүүлэх, 
4.1.10. Ижил, төстэй үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын байгууллагын гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох, 
4.1.11. Музейнүүдэд мэргэжил-арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээ, судалгааг гаргуулах,
4.1.12. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, 
4.2.   Музей нь дор дурдсан үүрэг хүлээнэ.
4.2.1. Цуглуулгыг байнга баяжуулах, сан хөмрөгийн хадгалалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах төлөвлөгөө гарган ажиллах, 
4.2.2. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэл, баримтжуулалтыг зохих стандартын дагуу хийх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл-Мэдээллийн санд бүртгүүлэх,
4.2.3. Үзүүллэг, зохион байгуулалтын үзэл баримтлал боловсруулан батлуулах, үзүүллэгийг тогтмол баяжуулан шинэчлэх, үзэсгэлэнгийн тусгай танхимд сан хөмрөгөө түшиглэн үзэсгэлэн тогтмол зохион байгуулж байх,
4.2.4. Музейд цэвэр, тохилог орчныг бүрдүүлж, шуурхай чанартай үйлчлэх, үзүүллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг боловсруулж, тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хийх зрхистой хэлбтэрийг сонгож ажиллах, соёл гэгээрлийн ажил зохиох,
4.2.5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодитой хэрэгжүүлж, тогтоосон журмын дагуу тайланг хүргүүлэх, бүртгэх,
4.2.6. Музейн үйл ажиллагаа, үзмэр, эд өлгийн зүйлийг сурталчилсан танилцуулга, товхимол гаргах, цомог, бэлэг дурсгалын зүйл бэлтгэн гаргах,
4.2.7. “Музейн судлал” болон эрдэм шинжилгээний сэтгүүл, мэргэжил арга зүйн ном, сэтгүүл, гарын авлага, мэдээлэл зэргийг эрхлэн гаргах,
4.2.8. Музейн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий олон нийтийн санаачлага, хөдөлгөөнийг дэмжих,
4.2.9. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулах, хамтран ажиллах, тэдний арга туршлагаас музейн үйл ажиллагаанд нэвтрүүлэх,
4.2.10. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн даатгалын асуудлаар бодит тооцоо, судалгаа гаргасны үндсэн дээр даатгалд хамруулах, 
4.2.11. Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг

ТАВ. МУЗЕЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

5.1.  Музей нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна.
5.2.  Музейн хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ.
    А. Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн үзмэр, эд өлгийн зүйл 
    Б. Музейн үндсэн хөрөнгөд тусгагдсан зүйлүүд
5.3.  Музей нь улсын төсвөөс санхүүжинэ. 
5.4. Музейн санхүүжилт нь батлагдсан төсөв, музейн үндсэн үйл ажиллагааны орлого, байгууллага, хувь хүмүүсээс өгсөн хандив, өөрийн хөрөнгийг бусдад ашиглуулсан, түрээслүүлсний орлого, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ. 
5.5.  Музей нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нягтлан бодохын болон анхан шатны, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөж, санхүүгийн тайлан тэнцэл гарган баталгаажуулна. 

ЗУРГАА. ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ЖУРАМ

6.1.  Музейг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.
6.2. Татан буулгах шийдвэр гарсан бол татан буулгах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс Иргэний хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ. 
6.3.  Бүртгэх байгууллага музейг улсын бүртгэлээс хассанаар музей үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдсанд тооцогдоно. 

Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс

 

Монголын үндэсний музейн үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах амжилтнуудын мөрдөх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Тус музейн үзмэр, цуглуулга нь Монголын ар түмний олон үеийн турш бүтээсэн эдийн болоод оюуны соёлын үнэт өв, давтагдашгүй, нөхөн бүтээгдэшгүй, үндэсний баялаг, нийгэм-соёлын онцгой ач холбогдолтой эд зүйлс төдийгүй дэлхийн соёлын өвийн нэгэн хэсэг мөн. Энэхүү соёлын өв, үзмэр цуглуулгыг хайрлан хамгаалах, хадгалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь монголын төр, засаг захиргаа, соёл, гэгээрлийн байгууллагууд, музейн салбарын ажилтнууд хийгээд иргэн хүний эрхэм үүрэг юм. Энэхүү журмаар тус музсйн, үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудын үйл ажиллагаа, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулна.

1.2. Тус музейн албан ёсны шийдвэрээр сан хөмрөгт авч, үнэлгээ тогтоосон, үзмэрийн хувийн дугаар авсан бүх эд зүйлсийг ашиглалт, байршил харгалзахгүйгээр музейн үзмэр цуглуулга гэж үзнэ.

1.3. Үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, арчлах, цэвэрлэх, тоолох, бүртгэх, сэргээн засварлах, судлах, музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх, дэглэлтийг өөрчлөх, гадаад дотоодын үзэсгэлэнд гаргах, сурталчилах, хэвлэн нийтлэх, сургалтанд ашиглах зорилгоор гар хүрэх, байршлыг өөрчлөх, зөөвөрлөх, шилжүүлэх. тээвэрлэх үйл явцыг үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаа гэж хэлнэ.

1.4. Журмын 1.3-т заасан үйл ажиллагаанд оролцогсдыг албан тушаал харгалзахгүйгээр үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнууд гэнэ.

1.5. Олон улсын музейн зөвлөлийн зааварчилгаанд заасны дагуу музейн үзмэр цуглуулгад зайлшгүй тохиолдлоос бусад үед аль болох олон удаа гар хүрэхгүй байх зарчимыг баримтлана.

1.6. Үзмэр цуглуулгатай харьцах бүрт ажилтнууд тухайн үйл явцтай холбогдох бусад дүрэм, стандарт, журам, заавар зэргийг баримтлахаас гадна мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо бүрэн ашиглаж, олон улсын музейн ажилтны ёс зүйн дүрмийн баримтлан ажиллана.

Хоёр: Үзмэр цуглуулгатай харьцах дадал, бэлтгэл

2.1. Үзмэр цуглуулгатай байнга болон түр хугацаагаар харьцах бүх хүмүүст үзмэр цуглуулгатай харьцах анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг музейн арга зүйч, сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч нар өгнө. Музейд шинээр орсон болон үзмэр, цуглуулгатай ямар нэг байдлаар харьцаж ажиллах музейн ажилтнуудыг музейн захирлын тушаалаар тодорхой хугацаанд, шат дараалалтай дадлагажуулж сургана.

2.2. Үзмэр цуглуулгатай харьцахдаа аль болох биед эвтэйхэн хувцас, хальтрахгүй нам өсгийтэй гутал, тухайн эд зүйлд хүрэхэд тохиромжтой, хор хөнөөл учруулахгүй, харилцан урвал үүсгэхгүй бээлий, амны хаалтыг сонгон өмсөнө. Бээлийгүй харьцах шаардлагатай үзмэр байна.

2.3. Үзмэр цуглуулгатай харьцахдаа тухайн үзмэрийн хэмжээ, онцлогг тохирсон хайрцаг баглаа боодол, жийрэг, хөдөлгөх хүч, багаж хэрэгслийг бэлтгэсэн байна.

2.4. Музейн удирдлага үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаанд шаардагдах өрөө тасалгаа, шүүгээ, багаж хэрэгсэл, баглаа боодол, хайрцаг сав, тоног төхөөрөмж, эд зүйлсээр хангаж өгөх үүрэгтэй.

2.5. Үзмэр цуглуулгын энэ журмын 1.3-т заасан зорилгоор хөдөлгөхдөө заавал захирлын тушаалыг үндэслэж, бусад холбогдох дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.

Гурав: Үзмэр цуглуулгатай харьцах үйл явц, хариуцлага

3.1. Энэ журмын 1.3-т заасан тохиолдлууд нь үзмэр цуглуулгыг хөдөлгөх, үзмэртэй харьцах үндэслэл болно.

3.2. Энэ журмын 2.2-т заасныг үндэслэн үзмэр цуглуулгыг сан хөмрөгөөс гаргах бүх үйл явцыг сан хөмрөгийн алба, сан хөмрөгийн эрхлэгч нар холбогдох дүрэм, заавар, журмын дагуу гүйцэтгэнэ.

3.3. Сан хөмрөгийн эрхлэгчийн хэн нэгэн эзгүй үед шаардлага гарсан тохиолдолд Сан хөмрөгийн албаны журмын 3.9, 4.2.13-т заасны дагуу албаны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана. Сан хөмрөгийн эрхлэгчийн буруутай үйлдлээс албаны хэвийн үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 -т заасан хариуцлага тооцно.

3.4. Олон хүний хүч хөдөлмөр шаардагдах овор хэмжээ ихтэй үзмэрийг хөдөлгөхдөө захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч нарын төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу харьцаж хөдөлгөнө. Энэ үйл явцад гарсан бүх зөрчил дутагдлыг тухайн үед үзмэр цуглуулгатай харьцах үйл явцад оролцсон ажлын хэсэг, ажилтнууд хариуцана. Хөдөлгөөний акт болон бусад холбогдох баримт бичигтэй холбоотой зөрчил дутагдлыг сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч хариуцана.

3.5. Эрдэм шинжилгээний ажилтан нар болон бусад ажилтнууд үзмэр, цуглуулах судлах, тодорхойлолт хийх зорилгоор сан хөмрөгийн албанд бичгээр хүсэлтээ гаргаж, захирлын тушаалаар сан хөмрөгийн эрхлэгчээс 20-иос дээшгүй үзмэрийг 14 хоногийн хугацаагаар түр хүлээн авч, музейгээс гаргаж өгсөн өрөө тасалгаа, аюулгүй орчинд, тусгай цоож, түлхүүр, лац бүхий сейфэнд хадгалж судална. Сан хөмрөгийн эрхлэгчээс албан ёсоор хүлээн авснаас буцааж хүлээлгэн өгөх хүртэлх үеийн үзмэр цуглуулгын бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөний актанд гарын үсэг зурж хүлээж авсан эрдэм шинжилгээний ажилтан бүрэн хариуцана. Үзмэр, цуглуулгыг ноцтой гэмтээх эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д заасан хариуцлага тооцно.

3.6. Сан хөмрөгийн эрхлэгч нь эрдэм шинжилгээний ажилтнууд, музейн бусад ажилтнууд болон томилогдсон ажлын хэсэгт үзмэр цуглуулгыг түр болон байнгын үзэсгэлэнд дэглэх зорилгоор сан хөмрөгөөс гаргахдаа заавал захирлын тушаалыг үндэслэл болгоно.

3.7. Сан хөмрөгийн өрөөнөөс зөвшөөрөгдсөн ажилтанд захирлын тушаалын хэрэгжилтийг биелүүлж үзмэрийг хүлээлгэн өгөхдөө  үзмэр бүрийг зөвшөөрөгдсөн маягтын  дагуу акт үйлдэн, хадгалалт хамгаалалтын байдал болон гэмтэл, онцлог шинж зэргийг тусгайлан бичиж тэмдэглэнэ. Энэхүү баримтыг хөтөлж, үзмэрийг зөөх хүнээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Үзмэрийг зөөхөөр хүлээн авсан ажилтан болон ажилтнууд тухайн үзмэрийг сан хөмрөгөөс байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим  болон бусад хэсэгт хүртэл зөөх явцад бүрэн бүтэн байдлыг хариуцана. Үзмэрийг зөөж буй хүн нь энэ журмын 2-р бүлэгт заасан дадлыг эзэмшиж, бэлтгэл хангасан байна. Зөөх явцдаа үзмэр цуглуулгыг өөр хүнд дамжуулахыг хатуу хориглоно. Тухайн үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх ажлын хэсэгт хүлээлгэн өгч, үзмэрийн жагсаалт бүхий актанд эвдрэл, гэмтэлгүй хүлээлгэн өгснийг баталгаажуулан гарын үсэг зурна. Үүнээс хойш үзмэрийн бүрэн бүтэн байдлыг тухайн үзмэртэй харьцаж, дэглэх ажилтнууд хариуцана.  Дээрх хөдөлгөөний үйл явцад үзмэр, цуглуулгыг зөөх явцдаа бусдад шилжүүлсэн, ноцтой гэмтээсэн эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60.1.7[1] болон Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5[2]-д заасан хариуцлага тооцно. Тухайн үзмэр, цуглуулгыг үзэсгэлэнд дэглэж дууссаны дараа үзмэр харагч болон дохиолол, аюулгүй байдлын ажилтанд хүлээлгэн өгч, хүлээлцсэн акт үйлдэнэ.  

3.8. Үзмэр харагч болон үзэсгэлэн дэглэх үйл ажиллагаанд оролцож, үзмэртэй харьцах ажилтан бүр зөвхөн тухайн ажлын хэсгийн ахлагчийн зааврын дагуу, үзмэртэй туйлын нарийн нямбай, арга зүйн дагуу ажиллана. Тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа үзмэрт ямар нэгэн гэмтэл учруулбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулнйн 31.1-т заасан хариуцлага хүлээнэ.

3.9. Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгын аюулгүй байдал,  бүрэн бүтэн байдлыг үзмэр харагч, Аюулгүй байдал,  үйлчилгээннй алба бүрэн хариуцана.

3.10. Үзмэр цуглуулгын байршил харгалзахгүйгээр хадгалалт хамгаалалтын орчины горимыг музейн сан хөмрөгийн эрхлэгч, арга зүйчид, сэргээн засварлагч нар тогтсон хугацаанд хянаж, шаардлагатай үед санал зөвлөгөөг Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэст албан ёсоор мэдэгдэж шийдүүлнэ.

3.11. Байнгын болон түр үзэсгэлэнгээс буух, солих шаардлагатай болсон үзмэрийг хөдөлгөхдөө тухайн танхим, түр  үзэсгэлэнг хариуцсан ажилтан захиргаанд албан хүсэлт гаргаж, захирлын тушаалаар холбогдох дүрэм, журам, зааврын дагуу сан хөмрөгийн эрхлэгчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө бүртгэл мэдээллийн санч, тухайн үзэсгэлэнгийн танхим хариуцсан үзмэр харагч зэрэг хүмүүсийг байлцуулан буулгаж, сан хөмрөгийн өрөөнд зөөж оруулна. Энэ үйл явцад гарсан зөрчил дутагдлыг тухайн эрдэм шинжилгээний ажилтан болон уг үйл ажиллагааг гардан болон хамтран гүйцэтгэсэн албан ёсны ажилтнууд хариуцана. Сан хөмрөгт оруулсны дараа үзмэрийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлын талаар акт үйлдэн, хоёр  тал гарын үсэг зурж хүлээлцэнэ. Үүнээс хойш сан хөмрөг дотор байршуулах явцын үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч бүрэн хариуцана.

3.12. Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгатай захирлын тушаал, хүлээн авсан ажилтнуудын зөвшөөрөл, хяналтгүйгээр харьцах, хөдөлгөхийг хатуу хориглоно. Зөвшөөрөл, хяналтгүйгээр үзмэр цуглуулгатай харьцах болон энэ үед гарсан зөрчил дутагдлыг тухайн зөрчил гаргасан ажилтан бүрэн хариуцана.

3.13. Дотоод, гадаадад түр үзэсгэлэн гаргах үед үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж, зөөвөрлөх, тээвэрлэх, дэглэх үйл ажиллагааг тусгай гэрээгээр зохицуулна.

3.14. Сэргээн засварлах шаардлагатай болсон үзмэр цуглуулгыг сан хөмрөгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагчид болон бусад шинжээчийн санал хүсэлтэд үндэслэн захирлын тушаалаар сэргээн засварлагч болон сэргээн засварлах эрх бүхий улсын байгууллагад холбогдох акт, баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэн өгнө.

3.15. Үзмэр цуглуулгыг сэргээн засварлуулахаар сан хөмрөг болон үзэсгэлэнгээс гаргаж, тухайн цуглуулга хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч хүлээн авснаас хойш сэргээн засварлагч болон сэргээн засварлах газарт хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч, сэргээн засварлагч нар бүрэн хариуцана.

3.16. Сэргээн засварлуулахаар тээвэрлэх болон зөөвөрлөх үеийн аюулгүй байдалд музейн удирдлага, Сан хөмрөгийн алба болон Аюулгүй байдал, үйлчилгээний алба хяналт тавьж, тухайн ажлыг гүйцэтгэхээр албан ёсоор томилогдсон ажилтнууд дүрэм, журам, зааврыг баримтлан, хариуцлагатай ажиллана. 

3.17. Сэргээн засварлахаар албан ёсоор хүлээн авснаас хойш сэргээн засварлаж дууссаны дараа буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тухайн үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сэргээн засварлагч, байгууллага бүрэн хариуцана.

3.18. Мөн үзмэр цуглуулгыг гадны хувь хүн болон албан байгууллагын санал хүсэлтээр захирлын тушаал гарсны дагуу үзүүлэх, гэрэл зураг авах зэрэг үйл ажиллагааг сан хөмрөгийн албаны дарга, хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч  нар бүрэн хариуцаж, хяналт тавьж ажиллана.

3.19. Гадны судлаач болон гэрэл зурагчид үзмэр цуглуулгын аюулгүй болон бүрэн бүтэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр үйлдэл хийсэн тохиолдолд тухайн үйл явцыг даруй зогсоож, удирдлагад мэдэгдэнэ. Ийнхүү санамсаргүй болон санаатайгаар үзмэр цуглуулгад хор хохирол учруулсан бол тухайн хариуцлагыг гадны судлаач болон гэрэл зурагчид бүрэн хариуцаж, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.

3.20. Үзмэр цуглуулгыг арчлах цэвэрлэх зорилгоор харьцахдаа сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч, музейн арга зүйчдийн боловсруулж, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталгаажуулсан цэвэрлэгээний журмыг баримтлан ажиллана.

3.21. Сан хөмрөгийн эрхлэгчид өөрсдийн хариуцсан сан хөмрөг дэх үзмэр цуглуулгыг аль болох тогтмол арчилж цэвэрлэх шаардлагатай бөгөөд чингэхдээ сэргээн засварлагч, музейн арга зүйчдийн зөвлөгөө тусламжыг авч болно.

3.22. Үзмэр цуглуулга солигдсон, үрэгдсэн тохиолдолд сан хөмрөгийн эрхлэгч нар яаралтай албаны дарга болон музейн удирдлагад мэдэгдэнэ.

3.23. Үзмэр харагч нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд буй зарим ил үзмэрүүдийг сэргээн засварлагч, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч нарын зөвлөснөөр тоггмол хөнгөн цэвэрлэгээ хийж болно. Харин хоргонд буй үзмэрүүдийг захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хамт цэвэрлэнэ.

3.24. Үзмэр цуглуулгыг байршил харгалзахгүйгээр арчлах цэвэрлэх явцын бүрэн бүтэн байдлыг тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилтан бүрэн хариуцана.

3.25. Үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудаас үл шалтгаалан үүсэх байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад хүмүүсийн буруутай уйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зөрчил дутагдлыг тухайн ажилтан хариуцахгүй

- оОо -

60.1.7. соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт, журам, стандарт зөрчсөн, анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500000 төгрөгөөр, үүрэг бүхий этгээдийг 1000000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000000 төгрөгөөр торгох;

12.5. Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг нэг удаа гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй. Үүнд:

12.5.1. Ажлын байранд буюу ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэсэн

12.5.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан

12.5.3. Байгууллагын эд хөрөнгийг өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ноцтой гэмтээсэн, устгасан, хулгайлсан, завшсан, үрэгдүүлсэн, зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагш гаргасан.

12.5.4. Байгууллагын ба байгууллагын удирдлагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан,

12.5.5. Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журам, зааврыг зөрчсөн

12.5.6. Байгууллагын нууцын жагсаалтад орсон нууцыг хууль бусаар олж авсан, ашигласан

12.5.7. Ажилтнуудын өөрийнх нь ажил үүргийн хуваарьт байгаа байгууллагын нууцын жагсаалтад орсон нууц задарсан, алдагдсан

12.5.8 Мэдээ тайлан, тооллогын дүн буруу гаргасан.

1. Зураг хажуудаа тексттэй - Жижиг зурагтай

1. Зураг хажуудаа тексттэй - Жижиг зурагтай

Авагчдын талаар илүү гүнзгий ойлголт авах

Google Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг. Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг. Худалдан авагчдын талаар илүү гүнзгий ойлголт авах. Google Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг. 

Аналитик танд өөрийн бизнесийн өгөгдлийг нэг дор анализ хийхэд шаардагдах үнэгүй хэрэгслүүд танд өгдөг. 

Дэлгэрэнгүй