card

Монголын Үндэсний музей нь Соёлын Яамны харъяа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Дэлхийд үнэлэгдсэн тэргүүлэх зэргийн Үндэсний музей байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Үндэсний түүх, соёлыг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх байгууллага байна. 

ҮНЭТ ЗҮЙЛ: 

  • Үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, эх оронч үзэлтэй, эрх чөлөөтэй, өндөр ёс суртахуунтай оюунлаг иргэд, үзэгч;
  • Салбарын мэргэшсэн, чадварлаг хүний нөөц;
  • Найдвартай хамгаалагдсан үндэсний соёлын өв, үзмэр цуглуулга; 
  • Үйлчлүүлэгчээ дээдэлсэн танин мэдэхүй, сургалт, сурталчилгааны орчин; 

Музейн танилцуулга:

Монголын Үндэсний Музей нь монголчуудын үндэсний түүх, соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр цуглуулгатай, монгол үндэстний ижилсэл, үндэсний ухамсарыг илэрхийлж төлөвшүүлэх, улс аймаг, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрлийн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит, үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор “Монголын Үндэсний Түүхийн музей”-г улс, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ-судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэгтэй “Монголын Үндэсний Музей” болгон өөрчлөн зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнд нь зохих шинэтгэл хийжээ.

Монголын Үндэсний Музей нь одоо Бодлого төлөвлөлт, Удирдлагын хэлтэс, Эрдэм шинжилгээний төв, Музей судлал мэргэжил арга зүйн төв, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, Маркетингийн алба, Сан хөмрөгийн алба, Аюулгүй байдал, үйлчилгээний алба гэсэн үндсэн бүтэцтэй 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Музейн захирлын дэргэд Эрдмийн зөвлөл, Мэргэжил-арга зүйн зөвлөл ажиллахаас гадна Захиргааны зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл, Өмч хамгаалах байнгын зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл, Ёс зүйн зөвлөл ажилладаг.  

Цуглуулгын хувьд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаараа дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна. Монголын Үндэсний музей нь эдүгээ 60.000 гаруй үзмэр цуглуулгатай, 2673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.

 

Музейн үндсэн чиглэл, үзэл баримтлал

Музейн үндсэн чиглэл, үзэл баримтлал

Монголын Үндэсний музей нь монгол үндэстэн угсаатны түүх, соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр цуглуулгатай, үндэстний ижилсэл, үндэсний ухамсарыг илэрхийлж төлөвшүүлэх, улс аймаг, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрэл, судалгаа, аялал-танин мэдэхүйн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит, үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний  байгууллага билээ. Тус музей нь сан хөмрөгтөө Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх үеийн түүх, археологи, угсаатны зүй, соёл, аж ахуйн баялаг үзмэр цуглуулгыг хадгалан хамгаалж, судлан шинжлэх, сэргээн засварлах, олон нийтэд дэглэн үзүүлж дэлхий дахинаа сурталчлах, үзэгч үйлчлүүлэгчдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл-үйлчилгээ үзүүлдэг мэргэжил-арга зүйн удирдлага мэдээллээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага байна.

Монголын Үндэсний музейн үзмэр цуглуулгын бодлого нь Монгол үндэстний түүх, соёлыг цогцоор нь илэрхийлэх цуглуулга бүрдүүлж олон нийтэд үзүүлэхэд чиглэх бөгөөд Монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эхлээд нэн шинэ түүхийн бүхий л цаг үеийг гэрчлэх үзмэр, эд өлгийг археологийн олдвор, түүхийн баримт, сурвалж, угсаатны зүй соёлын биет болон биет бус өв дурсгал, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг төрлөөр сан хөмрөгийг баяжуулж, цуглуулгын судалгааг шинжлэх ухааны үндэслэл, арга зүйгээр судалж олон улсын жишгээр хадгалан хамгаалж, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчилан түгээж, ард түмнийхээ өв соёлыг үеэс үед өвлүүлэхэд чиглэнэ.        

Монголын Үндэсний музей нь байнгын болон тусгай үзэсгэлэнгээр үзүүллэг дэглэлтээ зохион байгуулж олон нийтэд хүргэнэ. Байнгын үзүүллэг дэглэлт нь Монголын нэн эртний үеэс эхлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн түрүү үеийн дурсгал, Монгол нутагт оршин тогтнож байсан эртний төрт улсууд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн түүх, археологийн дурсгалууд, Монголын эзэнт гүрний үе, XVII-XX зууны эхэн үе, Монголын уламжлалт соёл, уламжлалт аж ахуй, Нүүдлийн соёл иргэншил, монголчуудын биет бус соёлын өв, Социалист Монгол Улс, Ардчилсан Монгол Улсын үеийн өв дурсгал, үзмэрийг түүхэн он цагийн хэлхээ холбоонд нь биет үзмэрээр дэглэн толилуулахын сацуу дижитал технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байна.  

Музейн цуглуулга, үзүүллэг дэглэлтийн бодлогод хүн төрөлхтний соёл иргэншилд монголчуудын оруулсан онцгой хувь нэмэр нүүдэллэн аж төрөх ёс нүүдлийн соёлыг онцгойлон үзэж агуулга, хэлбэрийн уялдааг нь музейн орчин, үзүүллэг дэглэлт, үйлчилгээнд нийцүүлж дэглэн үзүүлж, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулна. Түүнчлэн өнөөгийн Монгол үндэстний нийгэм эдийн засгийн хөгжил, түүхийн сургамж, үндэсний ой санамжийг сэргээн сануулж, эх оронч үзэл агуулгыг бүх үзэсгэлэн, үзүүллэг, үйл ажиллагаанд чандлан хадгална. 

Музейн соён гэгээрлийн ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейн үзмэр, цуглуулга, үйлчилгээнд түшиглэн хөгжүүлнэ.   

Монголын Үндэсний музей нь Монголын түүх, археологи, угсаатны зүйн сэдвээр эрдэм шинжилгээний судалгааны үйл ажиллагаа эрхэлж, судлан сурталчилах эрдэм шинжилгээний төв байна. Мөн “Музей судлал”-ыг шинжлэх ухааны судалгаа, сургалт, арга зүйн түвшинд хөгжүүлж бэхжүүлэх, музейн мэргэжлийн ажилтан, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах, арга зүйгээр хангах чадавхжуулах сургалт, судалгааны төв байна.

 Монголын соёлын аялал жуулчлалд музейн үйлчилгээг брэнд бүтээгдэхүүн болгон бэхжүүлж, музейн ажил үйлчилгээг чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурлан хөгжүүлнэ. Монголын Үндэсний музейн гадаад харилцааг өргөтгөн тэлж, дэлхийн улсуудын үндэсний музейдтэй нягт хамтран ажиллаж, зах зээлд эрэлттэй, байнгын тогтвортой өсөлттэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй салбар болон хөгжихөд бүхий л нөөц, менежмент, маркетингийн ажиллагааг чиглүүлэн ажиллана. 

Цааш үзэх