card

Монголын Үндэсний музейд тавтай морилоорой.

Монголын Үндэсний музей нь байнгын үзэсгэлэнгийн 9 танхимтай.

Байнгын үзэсгэлэнгийн танхимууд

Эртний түүхийн танхимаас монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, соёлын онцлогийг илтгэсэн олон сонирхолтой эд өлгийн зүйлтэй танилцах боломжтой. Танхимд буй үзмэрүүдийн ихэнхийг эртний судлалын хайгуул, малтлага судалгааны үр дүнд илрүүлэн олсон бөгөөд он цагийн хувьд Хуучин чулуун зэвсгийн үеэс Төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдана.

Нэн эртний түүхэн үеийн тухай

Эртний судлалын ухаанд хүн үүссэнээс эхлэн анхны төрт улс хүртэлх түүхэн үеийг Нэн эртний түүхийн үе гэж нэрлэдэг бөгөөд энэ түүхэн үеийг дотор нь эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж, зэвсгийн хувьсал хөгжилд нь тулгуурлан Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Төмөр зэвсгийн түрүү үе хэмээн хуваан үздэг. Нэн эртний түүхийн танхимыг дээрх түүхэн ангилалын дагуу зохион байгуулж дэглэсэн юм.

Танхимын он цагийн дараалал

  • Хуучин чулуун зэвсгийн үе  НТӨ  800 000 - 15 000
  • Дунд чулуун зэвсгийн үе    НТӨ 15 000 - 8 000
  • Шинэ чулуун зэвсгийн үе  НТӨ  8 000 - 3 000
  • Хүрэл зэвсгийн үе-  НТӨ 3 000 -700 700                      
  • Төмөр зэвсгийн түрүү үе  НТӨ  700 – 209

Тус танхим нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. МЭӨ III зуунд Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш нүүдэлчин угсаатнууд өөрсдийн  төр  улсаа  ээлжлэн  байгуулж, оршин тогтносоор  иржээ.  Угсаатан  үндэстнүүд хүчирхэгжин мандах цагт бусдыгаа эрхшээлдээ оруулан, хүчин доройтох цагтаа бусдын эрхэнд  орж  үргэлжийн  өрсөлдөөн  тэмцлийн  замыг  туулж  ирсэн  байна.  Хүннүгийн эзэнт гүрнийг залгамжлан Сяньби, Жужaн нар өөрсдийн төрт улсаа байгуулжээ. 

МЭ YI зууны дунд үеэс IX зууны сүүл  хүртэл  Түрэг,  Уйгур,  Киргиз  зэрэг  түрэг  угсаатнууд  ноёрхлоо  тогтоож  байлаа.  МЭ Х зууны эхэнд монгол, тунгус угсааны Хятан (Кидан) нар төр улсаа байгуулсан юм. Монголын Үндэсний Музейд тэдгээр нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж ахуй, зан заншлыг илтгэн харуулах олон зуун сонирхолтой эд өлгийн зүйлс хадгалагддаг. Монголын эртний улсуудын түүхийг харуулсан танхим дараах хэсгүүдэд хуваагдана.  

  1. Хүннүгийн эзэнт гүрний үе МЭӨ III - МЭ I зуун
  2. Түрэгийн хаант улсын үе МЭ VI - VIII зуун
  3.  Уйгурын хаант улсын үе МЭ VIII - IX зуун
  4. Хятан улсын үе X - XII зууны эхэн

Монгол угсаатан нь XIII зуунд бүрэлдэн тогтсон бөгөөд эдүгээ 2 үндэстний бүрэлдэхүүнтэй, 20 гаруй угсаатны бүлгээс бүрддэг.  Энэ танхимд XIX зууны эцэс XX зууны эхэн үеийн монголчуудын хувцас, гоёл чимэглэлийг дэглэн үзүүлсэн юм. Эдгээр нь төрийн ёслолын хувцас, угсаатны бүлгүүдийн эрэгтэй, эмэгтэй хувцас, улирлын хувцас болон гоёл чимэглэл байна. Танхимын эхэнд монголчуудын хувцасны түүхтэй холбогдох археологийн олдвор, ном судрын чимэглэл болон дэлгэмэл зураг, өнгөрөгч хоёр зууны зааг үеийн түүхэн гэрэл зургаас хуулбарласан зурагт самбар байрлуулжээ. 

Монголын эзэнт гүрэн танхим нь монгол угсаатан бүрэлдэн тогтнож улмаар дэлхийн түүхийн 200 жилийг эзэгнэсэн Их эзэнт гүрний түүхэнд холбогдох түүх, археологи угсаатны зүйн холбогдолтой үзмэрүүдээс бүрдэнэ. Монголчууд XIII-XIV зуунд Евроазийн олон орныг байлдан дагуулж, хүн төрөлхтөний түүхэн урьд, хожид давтагдаагүй их эзэнт гүрнийг байгуулсан билээ. Энэ нь дэлхийн хаант улсуудаас эзэлсэн газар нутгаараа хоёрдугаарт бичигддэг аж. Тухайн үеийн Монголын эзэнт гүрэн нь бүрэлдэхүүндээ 50 гаруй улс, угсаатныг нэгтгэсэн таван үндсэн бүрэлдэхүүн бүхий байв. Эдгээр нь Алтан ордны улс, Цагаадайн хаант улс, Ил Хаант улс, Юан улс хэмээн түүхнээ алдаршжээ.   Монголын эзэнт гүрэн танхим нь Чингис хааны өмнөх үеийн монгол Ханлиг улсууд, Их Монгол улс ба Эзэнт гүрэн Чингис хааны залгамжлагчдийн түүхийг өгүүлнэ. 

 

Монголчууд эрхэлж байгаа аж ахуй, байгаль цаг уурын онцлог, хүн зоны амьдрах арга ухаан, хэв хэвшил, зан заншил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан нүүдлийн соёлын хэв шинжийг бүрэлдүүлсэн байдаг. Нүүдэлчин монголчуудын уламжлалт соёл нь гайхалтай баялаг өв сантай билээ. Энэ танхим таньд нүүдэлчдийн оюуны соёлын дурсгалууд ард түмний дуу хөгжим, шашин шүтлэг, бичиг үсэг, уламжлалт хэвлэлийн технологи, гар урлалын бүтээлийн дээжис, тоглоом, ардын наадам цэнгэл зэргийг тусгасан эд өлгийг дэлгэн харуулж байна.

Монголын уламжлалт аж ахуйн онцлогийг харуулсан эд өлгийн зүйлс, монгол гэр, таван хошуу малын хэрэгсэл, ан агнуурын хэрэгслүүд, ахуйн хэрэгсэл, уламжлалт нүүдлийн аөж ахуйтай холбогдох үзмэрүүд тус танхимд буй. Монголчууд адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа зэрэг таван хошуу мал адуулан малласаар ирсэн нүүдлийн сонгодог аж ахуй эрхэлдэг ард түмэн билээ.  Монголчууд мал аж ахуйн зэрэгцээ ан ав хийх, тариа тарих, гэр зуурын үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг туслах чанартай аж ахуйн төрлүүдийг эрхэлсээр ирсэн.

Монголын дорнод талд хил залган оршиж байсан Хамниган угсааны Манж нар XVI зууны сүүл, XVII зууны эхээр төр улсаа байгуулж ихэд хүчирхэгжин зэргэлдээх Хятад, Монгол орныг байлдан эзэлжээ. 1636 онд Өвөр монголыг, 1691 онд Ар монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг тус тус эзэлж ноёрхолоо тогтоосон. Музейд Манж Чин улсын төрийн туг, тэр үед хэрэглэгдэж байсан тамга, тэмдэг, зоосыг та сонирхож байна. Манжууд төрийнхөө туг далбаан дээр лууг дүрсэлдэг бөгөөд  ер нь дорно дахины ард түмэн лууг тэнгэрийн амьтан хэмээн ихэд хүндэтгэдэг билээ.  

Энэ танхимд Богд Хаант Монгол улсын үе буюу 1911 оны түүхэн үйл явдалтай холбоотой бичиг баримт, гэрэл зураг, үзмэрүүдийг дэлгэн харуулсан. Монгол улс Манж Чин улсын эрхшээлд 200 гаруй жил болж, XX зуунтай золгосон юм.[1]  Тухайн үед Монгол  улс дэлхийн хөгжлийн жишгээс  хэдэн зуун жилээр хоцрогдсон нийгэм эдийн засгийн хувьд туйлын хүнд нөхцөлд байв. Энэ зуунд монголчуудын түүхэн хувь заяанд гарсан үндсэн эргэлтийн анхных нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм.  Энэ байдлыг ойлгосон  зарим хүмүүс угсаатны харанхуй бүдүүлэг байдлыг өөрчлөх зохистой арга хэмжээ сэдэж байв. 1911 оны зун YIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Дайчин ван Ханддорж, Чагдаржав, да лам Цэрэнчимэд нар Богд ууланд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд Манжаас салж тусгаар улс болох санал сэдэж Богд Живзандамбаар зөвшөөрүүлжээ. Энд өргөсөн бичигт хэд хэдэн санал дэвшүүлсэн нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулах, худалдаа хийх, төмөр зам тавих шуудан харилцаа өргөтгөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах  зэрэг асуудал байв.

[1] Монгол улсын түүх. УБ.,2006 он. тал 140

Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээлд орсон хэдий ч нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг эрмэлзэгч хүчнүүд бий болж, нууц бүлгүүд үүсэн харийн дарлалаас ангижрах арга замыг эрэлхийлж байлаа. Эдгээрт консулын бүлгэм, хүрээний бүлгэм, язгууртнуудын бүлгэм багтана.  Эдгээр бүлгэмүүд харилцан зорилго бодлогоо мэдэлцэх, ЗОУ-аас тусламж хүсэх, Сюй Шүжаны амь насанд халдахыг оролдох гэх мэт бололцоотой бүхий л алхмыг хийж байлаа. Оросыг хамарсан цагаатны хөдөлгөөн дарагдаж, иргэний дайн төгсгөлдөө орсон 1919? оны эцсээр Барон Унгерн  монголд орж ирэв.  Монголын төв засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж, хятадын харгислал Бароны дэглэмээр солигдсон энэ үед монголын хувьсгалчдын үйл ажиллагаа  идэвхжиж, 1921 оны ардын хувьсгал ялжээ. Тус онд Богд хаан Живзандамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, засгийн эрхийг Ардын Засгийн Газарт төвлрүүлснээ зарлав. 1924 онд анхны хууль батлагдан БНМАУ-ыг тунхаглав. Үндэсний бие даасан байдлыг хамгаалах хадгалахын төлөө тууштай тэмцэж агсан түшээд баруунтан хэмээгдэн буруутгагдаж, төр засгийн бодлогод Оросын нөлөөлөл хүчтэй болж, зүүнтний алдаа завхрал гүнзгийрлээ. Үүнээс үүдэн тус улсад ардыг хамарсан бослого хөдөлгөөн өрнөж, өмнөд хэсгийн аймгуудын ардууд хил даван дүрвэн, нүүж байв. Зүүнтний  алдаатай бодлогын уршгаар  лам нарын эрхийг боогдуулж, феодал агсдын хөрөнгийг хураасан  нь тус улсын эдийн засгийн үндсийг ихээхэн сулруулсан юм.

АРДЧИЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ  \1990-ээд оноос эдүгээ\

 1980-аад оны дунд үеэс СОЦ систем задран унах эхлэл тавигдсан бөгөөд 80-аад оны сүүлчээр ЗХУ-д “Өөрчлөн байгуулалт” эхэлж, Польшид коммунист нам ялагдал хүлээж, хэзээ ч эвлэшгүй гэгдэж байсан хоёр Герман улс нэгдэн, улмаар 1991 онд ЗСБНХУ задран тусгаар улсууд үүссэн байна.

Дэлхий дахины энэ байдлын нөлөөгөөр монголчуудын үндэсний ухамсар сэргэж эхэлсэн юм. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг шүүмжлэн Улсын Багшийн Дээд Сургуулийн хэсэг оюутнууд “Цагийн толь” сонин эрхлэн гаргаж байсан бол МҮЭ-ийн Соёлын төв ордоны дэргэд улс төр сонирхогчдын “Орчлон” клуб байгуулагдаж байсан бөгөөд “Ертөнц” маргааны клуб,”Залуу эдийн засагчдын клуб”, “Шинэ үе” бүлэг, мөн Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн байранд хэсэг залуучууд нэгдэн “Дэвшилтэт залуучуудын эвсэл” зэрэг бүлэг, клуб, эвсэлүүд үүсэн байгуулагдаж эхэлсэн ч тодорхой цэгцэрсэн бодлого, дүрэм журам, мөрийн хөтөлбөртэй байж чадаагүй юм. Гэсэн хэдий ч эдгээр залуучууд нийгмийн шударга ёс, ардчиллыг тогтоохыг уриалсан ухуулах хуудас хотын гудамжинд наан ард түмний нийгмийн сэтгэл зүй, улс төрийн ухамсарт ил далдаар нөлөөлж эхэлжээ.

1989 оны 11-р сард хуралдсан Залуу уран бүтээлчдийн II зөвөлгөөнд оролцсон төлөөлөгчид улс төрийн шинэчлэлийг түргэсгэхийн тулд Залуу уран бүтээлчдийн эвсэл байгууллах санаачилга гарсан байна. Улмаар 12-р сарын 7-ний өдөр Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг оюутнууд цуглаан хийсэн бөгөөд 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр Улаанбаатар хот дахь Залуучуудын Соёлын Төв ордны урд талбайд 200 орчим хүн оролцсон улс төрийн цуглаан зохион байгуулж, МоАХ-г байгуулснаа албан ёсоор зарласан юм. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын багш, аспирант С.Зориг сонгогджээ. Цуглаанд оролцогчид “Олон намын систем хэрэгтэй”, “Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе” зэрэг уриа лоозон барин, Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайханы “Хонхны дуу”

Урьд шөнө хар дарж зүүдэллээ.

Урт гар намайг зовооно.

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг халхална.

            Аз болж хонх дуугарлаа.

            Арай ядан нойрноос сэрлээ.

            Хонхны дуу биднийг сэрээ

            Хонхны дуу биднийг сэрээ... гэсээр олон мянган залуучуудыг гүн нойрноос нь сэрээж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд уриалж байлаа.