“ХХ ЗУУНЫ МОНГОЛ БА ГУРВАН ХУВЬСГАЛ”  тусгай үзэсгэлэн - 2021.07.08-08.01

                 

ХХ зуунд монголчуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авах тэмцлийн жилүүд үргэлжилсэн юм.

Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гадны нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтөний нийтлэг гольдролоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд эргэлт буцалтгүй оруулсан юм.

                                                                                                          

Ийнхүү 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музейн хамтарсан “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” тусгай үзэсгэлэн 2021 оны 7 сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэж олон нийтэд толилуулах бөгөөд үзэгч олныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус үзэсгэлэнгээс 1911 оны Үндэсний эрх чөлөөний, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэнэ, залгамж холбоог илэрхийлэх 60 гаруй архивын баримт материал, баримтат кино, гэрэл зураг 130 гаруй үзмэр эд өлгийн зүйлсийг судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид ЗОУ-аас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны Улсын эрх зохиол, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, улсын сүлд, далбаа зэргийн залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр архивын баримт, баримтат кино, гэрэл зургийг дурдаж болно.

Та бүхэн таалан болгооно уу.