Мэндчилгээ
Хүндэт зочид, судлаачид, үзэгч олонта бүхэндээ Монголын Үндэсний музейн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монголын Үндэсний музей нь Монгол Улсын түүх, соёл, угсаатны өвийг цогцоор нь хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах үндэсний хэмжээний соёл, шинжлэх ухааны байгууллага билээ.
Манай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй археологи, түүх, угсаатны зүй, соёлын хосгүй үнэт дурсгалууд нь монголчуудын төрт ёс, нүүдэлчдийн соёл иргэншил, оюун санааны үнэт өвийг илэрхийлж байдаг. Музей бол зөвхөн үзмэр хадгалах орон зай бус, өнгөрсөн ба өнөөг холбосон, ирээдүйд мэдлэг, ухамсар түгээгч соёлын амьд орчин юм.
Бид судалгаанд суурилсан үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, олон нийтийг хамарсан соёлын үйл ажиллагаагаар дамжуулан музейг нээлттэй, хүртээмжтэй, орчин үеийн байгууллага болгон хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Та бүхнийг Монголын түүх, соёлын үнэт өвтэй танилцаж, музейн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Та бидний хамтын оролцоо, дэмжлэг нь үндэсний өв соёлоо хамгаалан өвлүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Түүхээ мэдэж, соёлоо дээдлэн, ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе!
Хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D) Д.ОТГОНСҮРЭН

