Монголын Үндэсний музей, Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал Монгол Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад Хэргийн Яамны Азийн газрын дэд захирал н.Эрдэнэболд тэргүүнтэй дипломатч, Хууль зүйн Яам, УИХ –ын Гадаад хэргийн хэлтсийн мэргэжилтэн, Монголын Үндэсний музейн БТУХ-ийн дарга И.Будбаяр, Монгол газрын тосны дарга Алтанцэцэг, ШУА -ын Хэл зохиолын хүрээлэн, ОУХ-ны хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд, судлаачид, Түвдэн-Пэлжээ хийдийн хамба лам Гончигсүрэн нар Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, Газрын тосны Энэтхэгийн талын дарга зэрэг албаны хүмүүс, оролцлоо.
Их Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн болох Алтан орд, Цагаадайн улс, Юан гүрэн, Ил хаант улсаас өнөө цагт юу үлдэж хоцорсныг харуулж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой. Түүнчлэн үзэсгэлэнд дэлхийн Монголчууд хэсэгт Индо-Монголойд, Балбын Монголчууд, Афганистаны Хазарчууд (ХIII зуны монголчууд), Мяньмарын монгол гаралтнуудын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол-Энэтхэгийн эртний болон өнөө цагийн хэлхээ холбооны харилцааг гаргахыг зорьжээ. Тухайлбал, хоёр орны шинэ үеийн дипломат харилцааг 1955 онд тогтоосон, түүний дараах улс төрийн удирдагчдын айлчлалууд, хамтын ажиллагааг гаргажээ.