Монгол Улсын Соёлын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол улсын Филармони хамтран зохион байгуулж буй “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний хүрээнд тус музей нь сан хөмрөгтөө буй эртний хөгжмийн зэмсэг үзмэртээ тулгуурлан нээлттэй цуврал лекцийг зохион байгуулах юм.
“Хубилай хааны их найрал хөгжим” сэдэвт лекцийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч, ардын хөгжим судлаач, урлаг судлалын ухааны доктор С.Соронзонболд уншина. Лекц Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 2020 оны 10 дугаар сарын 20-ны 11.00-12.00 цагт болно. Тус танхимд "Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн ажиллаж буй юм.
“Алтай ятга” сэдэвт лекцийг хөгжмийн зохиолч, продюсер Д.Ганпүрэв уншина. Энэхүү цуврал лекц 2020 оны 10 дугаар сарын 28-ны 11.00-12.00 цагт Монголын Үндэсний музейн хоёрдугаар танхим "Монголын эртний төрт улсууд" танхимд олон нийтэд нээлттэй болно.
Монгол угсаатны хөгжмийн зэмсэг, хөгжмийн түүхийн сэдвээр судалгаа хийж, уран бүтээл туурвидаг мэргэжлийн уран бүтээлчид эдгээр лекцийг удирдан олон нийтэд нээлттэй толилуулж буйгаар онцлог юм.
Эдгээр лекцүүдэд монголын түүх сонирхогчид, хөгжмийн түүх судлан буй оюутан залуус, олон нийтийг урьж байна. Эх түүхийн өв сангаар аялан, суут мэргэн өвгөд дээсийнхээ бүтээл туурвил, хөг эгшгийн нэгээхэн нууцыг сонсох ховорхон боломжийг үл алдан мэргэн оюунаа тэтгээрэй. Та бүхнийг урьж байна.