Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа хүүхэд багачууддаа 2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Энэхүү баярын өдөртэй давхцан 18 хүртэлх насны хүүхдүүд музейг үнэгүй үзэх шийдвэрийг Монгол Улсын Соёлын Яам гаргалаа. Соёлын Сайдын А-03 тушаалын дагуу 9 дүгээр сарын 1-ээс хүүхдүүд бүх музейг үнэ төлбөргүй үзнэ.
Монголын Үндэсний музей нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-6 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлдэг билээ. Эх түүхээсээ сурч мэдэх, амралт чөлөөт цагаа музейд үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зорилтот бүлгийг дэмждэг уг ажлын цар хүрээ ийнхүү өсөн нэмэгдэж 18 хүртэлх насныхан музейд үнэгүй зочилох боломж нээгдсэнд бид талархаж байна.
Музейг хүүхэд багачуудад хүргэхэд музейн боловсролын ажил, танин мэдэхүйн хөтөлбөр чухал үүрэгтэй. Ийм учраас музейн боловсролын өрөөгөө олон нийтэд нээлттэй ажиллуулж байна. Мөн гэр бүлээрээ музей үзэх, гэр бүлийн тасалбарыг үйлчилгээнд нэвтрүүлээд багаггүй хугацаа өнгөрч байна. Гэр бүлийн багцын тасалбараар музей үзэхэд өрхийн эдийн засагт дарамтгүй хийгээд аав, ээжтэйгээ үзсэн музейгээ хүүхэд насан туршдаа дурсаж, соёлын шинэ хандлага дадалд суралцдаг олон давуу талтай. Аав, ээж, хүүхдийн багц нь ердөө 6000 төгрөг шүү.
Цуутай дээдсийн баатарлаг түүх, соёлын үнэт өв, урлагийн бүтээлийн яндашгүй баялаг сантай Монголын Үндэсний музейд тавтай морилоорой.