ХҮННҮ ШИРМЭЛ ШИРДЭГ

Ширдэгийг сайтар боловсруулсан эсгийгээр хийж, нүүрэн талыг бөс даавуугаар битүү эмжиж, түүнээ хөвөөлөн ноцолдож буй хос амьтныг модны хооронд өнгийн утсаар зээглэн хатгажээ. Сөөлжүүлэн өөд өөдөөс харан тулалдаж буй улангассан бух болон арслан барстай төстэй домгийн араатны дүрс, зугатаж буй хандгайн нуруунд ассан домгийн шувууны дүрсийг урласан байна. Энэ зохиомжийг улаан, ногоон, шаргал өнгийн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсүүдээр солбиулан зээглэсэн хүрээ татжээ. Харин ширдэгний төв хэсгийг өргөшөө гурван эгнээ, уртаашаа найман эгнээ усан хаялага хээгээр битүү ширжээ.
Эхний хос амьтан: Олон салаа дэлтэй /эвэртэй/ арслан барс мэт амьтныг сүүлээ дээш агссан байдалтай дүрслэхдээ дэл сүүлний үзүүрийг том махир хошуу бүхий домгийн шувууны толгойн дүрсээр төгсгөж, биен дээр нь өөр өнгийн эсгийгээр зээг тавьж далавчийг хатгажээ. Арслан барс мэт энэ амьтан саваг сүүлтэй сарлагны шилэн хүзүүнээс хазаж байхад сарлаг зөрүүлээд, түүнийг эврээрээ ольж байх аж. Сарлаг амаа ангайн, хэлээ унжуулж, нүдээ бүлтийлгэн, сүүлээ агсан араатантай цухалдан тэмцэж байгаа байдалтай. Сарлагийн саваг, сүүлийг цайвар болон бараан өнгийн утсаар өнгө хоршин урлажээ.
Хоёр дахь хос амьтан: Амаа ангайн, хэлээ гаргаж хар хурдаараа давхиж буй хандгайн хондлой дээр сууж, нуруунаас нь хазаж буй махир том хошуутай, шовх чихтэй, том далавчтай домгийн шувууг дүрсэлжээ. Хандгай нуруугаа хотойлгон, ууцаа шарван, урагш мултран зугтахаар хүчээ шавхан байгаа байдлыг энэ тэмцлээр үзүүлжээ. Түүний эх бие дээр өөр өнгийн эсгийгээр зээг тавьж, далавчийг хатгасан байна. Шувууны нүд, хошуу, чихийг цохон үзүүлсний зэрэгцээ хоёр далавч болон сүүлний өдийг дээш махийлган хоёр өнгийн утсаар өнгө хоршуулан хатгаж үзэмж оруулж өгчээ.
Энэхүү ширдэг нь бүхэлдээ маш нарийн уртай бөгөөд түүн дээр хатгаж урласан амьтдын дүр төрх, хөдөлгөөн, тэмцлийг ихэд чадварлаг амьд мэт гаргаж чадсан байдаг. Хүннүчүүдийн уран сэтгэлгээний бодит илрэл болсон энэ ширдэг нь чимэглэх урлагийн сор бүтээл бөгөөд Монгол Улсын Засгийн газраас “Түүх-Соёлын хосгүй үнэт өв”-өөр батламжилсан.