Монголын Үндэсний музей нь Үндэсний их баяр наадмаар үзэгч олон нийтдээ зориулан “Монгол авдар” тусгай үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд монголчуудын уламжлалт авдар сав, тэдгээрийн өвөрмөц төрлүүдээс 100 гаруй үзмэр эд өлгийг сан хөмрөгөөсөө дэлгэн харуулж байна.
Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь айлын бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог. Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Монгол авдар нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага янз бүрийн хэмжээтэй байхын сацуу түүний өнгө будаг, хээ хуар, зүмбэр чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлийн талаар цогц ойлголт өгдөг. Нөгөөтэйгүүр, айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, цаашлаад улс гүрний түүх цадигийг ч тодруулан үзэх боломжтой юм.
Үзэсгэлэнд монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй дан авдраас эхлээд төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цүү цуурга, түлхүүрийн гэр, айл өрх, бурхан шүтээн, эд агуурсыг муу бүхнээс хамгаалах билэгдэлтэй модон сийлбэр арслан болон монгол авдар хайрцагны хөгжлийг илтгэх янз бүрийн шүүгээ, үйлний хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар номын шогол, хорлын ба дамрын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ. Мөн дархны багажны авдар, авдрын өвөрмөц нэгэн төрөл болох үхэг авдар зэрэг ховор сонин зүйлс ч байна.
ЭРХЭМ ХҮНДЭТ ҮЗЭЧИД, НААДАМЧИН ЗОН ОЛОН ТА БҮХНИЙГЭЭ “МОНГОЛ АВДАР” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧИЛОН ӨВ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭЖ САЙХАН НААДАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.