“САР ШИНИЙН ҮНЭТ БЭЛЭГ-ӨВ ТЭЭСЭН ҮНЭ ЦЭН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээ нээлээ. Монголын Үндэсний музейн Захирал Б.Сарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, "Дуут урлан" ХХК Захирал Д.Баярхуяг нар үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд олон нийтэд зориулан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тус үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт өв соёлын өв дурсгал тухайлбал монгол шатар, сав суулга, халх эхнэрийн толгойн гоёл зэрэг бүтээлийг монгол уран дархны уламжлалт арга болон орчин үеийн технологийн дэвшил инновац шингээн бүтээсэн 30 гаруй бүтээл дэлгэгдэж байгаа юм.

Дуут урлан” ХХК 33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээн монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг үзэсгэлэнд олон нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэн 2025 оны Хоёрдугаар сарын 11-ны өдрөсө Гуравдугаар сарын 15 хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байна. Та бүхэн сар шинийн баярт зориулсан “САР ШИНИЙН ҮНЭТ БЭЛЭГ-ӨВ ТЭЭСЭН ҮНЭ ЦЭН” үзэсгэлэнд тавтай морилоорой.