Улс орон даяар тэмдэглэж буй 35 дахь удаагийн “Номын өдөр”-т зориулан Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвөөс “Монголчуудын хувцас, гоёл чимэглэл”, Халхын Сэцэн хан Навааннэрэн” хэмээх хоёр номоо судлаач, уншигч нартаа өргөн барьж байна.
Монголын Үндэсний музей өвөг дээдсийнхээ цаглашгүй их өв соёл, түүхэн уламжлалын судлан, сурталчилж, түгээн дэлгэрүүлсээр ирсэн. Энэ удаа эртний чулуун зэвсгийн үеэс эхтэй хувцас, гоёл чимэглэлийн цөм болсон нүүдэлчдийн хувцас, гоёл чимэглэлийн хувьсал, өөрчлөлт түүхэн хөгжил, уламжлал, ижилсэл, ондоошилыг тусгасан “Монголчуудын хувцас, гоёл чимэглэл I” каталог, Монголын тусгаар тогтнолыг төлөө зүтгэгч, Алтан ургийн язгууртан, Халхын Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн амьдрал, тэмцэл, монголын тусгаар тогтнолын төлөө түүний оруулсан хувь нэмрийг тодруулах зорилготой “Халхын Сэцэн хан Навааннэрэн” бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлээд байна.
“Монголчуудын хувцас, гоёл чимэглэл I” каталог нь чулуун зэвсгийн үеэс XIV-XVII зууны үе хүртэлх нүүдэлчдийн хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг тусгасан үндсэн 9 бүлэгт Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хувцас, гоёл чимэглэлтэй холбогдох археологи, угсаатны зүйн 150 гаруй үзмэрийн судалгаа, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт монгол, англи хэлээр бичсэн, QR кодтой цахим хэлбэрээр монгол бичгийн хувилбарыг уншихаар багтаасан.
“Халхын Сэцэн хан Навааннэрэн” эмхэтгэлд Хан Хэнтий аймаг байгуулагдсан түүх, Халхын Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэнгийн намтар, үйл ажиллагааны тухай өгүүлэхээс гадна 2010 оны 12 дугаар сард зохион байгуулсан Халхын Махасамади Далай Сэцэн хан ханы хэргэм залгамжилсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын урьд өмнө хэвлэгдээгүй илтгэлүүд болон үзэсгэлэнгийн материалуудыг орууллаа.
Энэхүү бүтээлүүд нь мянга мянган судлаач, залуу хойч үеийн оюуны мэлмийг нээнэ гэдэгт итгэж байна.