Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг Катар Улсын Гадаад хэргийн яам ивээн тэтгэж Монголын үзэгчдэд толилуулж буйгаараа онцлогтой. Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног үзэсгэлэнд дэлгэн газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын аж амьдрал, ахуй соёлыг энэхүү цогц үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэнгийн гол агуулга нь газрын тос олборлохоос өмнө цөл нутгийн Катарын малчин ардын өдөр тутмын амьдрал, Катар эмэгтэйчүүдийн нийгэм дэхь үүрэг оролцоо, өдөр тутмын ажил, малчид тэмээ малаа хэрхэн малладаг, шонхор шувууны эд эдлэл зэргийг багтаасан 6 дэд сэдвийн хүрээнд дэглэгдсэн юм. Түүнчлэн баяр ёслол, шашны болон хуримын зан үйлийг биет үзмэрээс гадна түүхэн гэрэл зураг, баримтат киногоор дэлгэрүүлэн толилуулав.
Үзэсгэлэн зохион байгуулагчдад монголын болон дэлхийн олон орны үзэгч жуулчид, судлаачдад нүүдэлчдийн аж амьдралын туршлага, мэдлэг ухааныг судлах, уугуул соёлынхоо онцлог, ижил болон ялгаатай талуудаа харьцуулан эргэцүүлэх боломжийг олгож байгаад Монголын Үндэсний музейн зүгээс туйлын талархаж буйгаа онцлон тэмдэглэхийг хүсэж байна. "Энгийн бөгөөд эрх чөлөөт нүүдэлчин" ахуйн талаарх барууны ертөнц дэх хэвшмэл ойлголт, эндүү ташааг залруулахад энэхүү үзэсгэлэн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Бэлчээрийн мал аж ахуйт ард түмэн нь дэлхийн бөмбөрцөгийн хуурай, эрс тэс орчинд амьдрахдаа нүүдлийн амьдралын туршлага мэдлэг, шинэ технологийг хөгжүүлсээр ирсэн билээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Катарын Үндэсний музейн захирал, Эрхэмсэг ноён Шейх Абдулазиз Аль Тани, Талал Радан Аль Шаммари, Катарын Үндэсний музейн Кураторын газрын дэд захирал, Таниа Ал Мажид, Катарын Үндэсний музейн захиргаа, музейн хөгжлийн бодлогын ахлах шинжээч Доктор Александар Боуниа, Катарын Үндэсний музейн Сан хөмрөгийн хэлтсийн дарга Сунг Хёун Им, Нийгэм болон аман түүх судлаач Нажма-Ахмед нар оролцож байна.
Үзэсгэлэнг Монгол улсын талаас Соёлын дэд Сайд П.Баттөр, Катарын Үндэсний музейн Захирал Эрхэмсэг Шейх Абдулазиз Аль Тани нар нээж үг хэллээ.
“Нүүдэл” тусгай үзэсгэлэн 05 дугаар сарын 02-оос 08 дугаар сарын 11 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллана.
Та бүхэн тавтай морилоорой.