Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны 1-р сараас 3-р сар хүртэл амжилттай явагдсан бөгөөд төслийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой юм. Уг төслийн судалгааны үр дүнг Кембрижийн Их сургуулийн нээлттэй фестивалиар хэлэлцүүлэн олноо хүргэсэн ба төслийн зорилго, судалгааны үр дүнг бид Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй үзмэр эд өлгөөр дамжуулан хүргэхийг зорьж байгаа билээ.
Төслийн судалгааны гол хэрэглэгдэхүүн нь Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этел Жон Линдгрений Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материал болон монгол барга, буриад солон нуменчин угсаатны сонирхолтой гэрэл зураг, тэмдэглэл болон бөөгийн хувцас хэрэглэл болно.
Этел Жон Линдгрен (1905 оны 1 сарын 1-ээс 1988 оны 3 сарын 23) нь ардын аман зохиол судлалаас гадна Манжуурын нүүдэлчин малчдын зан заншил, бөө мөргөлийг судалсан Америк гаралтай Английн угсаатны судлаач, антропологич юм. Тэрбээр 1927 онд Урга (одоогийн Улаанбаатар) руу явж, дараа нь Манжуурт очиж, нүүдэлчин Тунгус хэлийг судалжээ. Тэрээр нөхөр Оскар Мамены тусламжтайгаар Манжуурын бүс нутаг дахь бөөгийн зан үйлийг бүртгэн судалсан бөгөөд түүний хээрийн судалгааны үр дүнд 5600 орчим гэрэл зураг хадгалагддаг байна.
Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдснээс тухайлан дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгддэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжон ламын хувцас хэрэглэл зэрэг болно.
Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 08 сарын 01-ны өдөр 11:00 цагаас болно. Эрхэм хүндэт Та бүхнийг морилон ирэхийг урьж байна.