Монголын Үндэсний музей жил бүр олон нийтийн боловсрол танин мэдэхүй, соёл урлагийг сурталчлах үүднээс “Нээлттэй сан хөмрөг” үйл ажиллагааг зохион байгуулж, үзэсгэлэн, хамтын судалгааг хийдэг билээ. Энэ удаад МҮМ нь Угсаатан зүйн Гэр музейтэй хамтран “Модон урлал: Монгол авдар” хэмээх үзэсгэлэнг дэглэн толилуулж байна. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв эгэл жирийн нэгэн авдарт нь монгол түмний минь соёл уламжлал, гүн ухаан агуулагддаг юм.
Хүн төрөлхтөн нэн эрт үеэс ахуй амьдралын шаардлагадаа нийцүүлэн орон сууц болон ахуйн хэрэглээний олон төрлийн тавилга хэрэгслийг урлаж хэрэглэсээр ирсэн бөгөөд тэр дундаа авдар хэмээх эд зүйлсээ хадгалах хайрцаг, сав нь хэдэн мянганы туршид гэрийн хамгийн түгээмэл хэрэглээтэй тавилга болсоор ирсэн юм. Авдар нь үүрэг зориулалтаасаа хамаарч хэлбэр загвар нь олон төрөл болсон байна. Тухайлбал, энгийн эд зүйлс хадгалах хайрцаг савнаас гадна шүүгээ, шургуулга, аян жин тээвэрт хэрэглэгдэх, хувцас эд зүйлс агуулах, бараа таваарын, инжний, гоёл чимэглэлийн, үнэт зүйл хадгалах гэх мэтээр салбарлан хөгжсөн ажээ. Тйимээс энэхүү үзэсгэлэнд Угсаатны зүйн Гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрүүдийг дэглэн үзүүлж байна. Үүнд, монголчуудын уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдрууд мөн худалдаа арилжаа болон язгууртан ноёдын шагнал, хэрэглэлд зориулагдан ирсэн хятад төвөд авдарнуудаас дээжлэн хүргэж байна.
Эрхэм Таныг Монголын Үндэсний музей Угсаатны зүйн Гэр музейн хамтарсан үзэсгэлэнг тухлан ирж соёрхоно уу.
Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхим
2022 оны 06 дугаар сарын 13-ны 11:40 цагт