Монголын Үндэсний музей Монголын эзэнт гүрэн танхимдаа 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) технологийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж Дижитал танхимын үйлчилгээг үзэгчиддээ толилуулж нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Дэлхийн музейнүүд үзүүүлэг, үзэсгэлэнгээ виртуал, дижитал технологид шилжүүлж цахим шилжилт хийж байна.
Бид музейнхээ байнгын үзүүллэгийн IV танхим "Монголын эзэнт гүрэн" танхимын үзмэрүүдийг "Зэв дижитал" музейн интерактив контенттой хослуулан шинээр дэглэн үзэгчиддээ бэлэг болгон барьж байна.
“Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүллэгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан Мифокс анимейшн студийн чадварлаг хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэв. Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.
Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан манай үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой болж байна.
Монголынхоо үзэгчид, хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийж, эх түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ДИЖИТАЛ музейг ивээн тэтгэсэн ЮНИТЕЛ групп, #UNITEL ЗЭВ ДИЖИТАЛ музей,#ZevMuseum Мифокс анимейшн студийн хамт олондоо халуун талархлаа ирэлхийлье.
#ZEVdigitalmuseum #VR #Technology