Монголын Үндэсний музейгээс анх удаа санаачлан хэрэгжүүлж буй ӨГЛӨӨНИЙ МУЗЕЙ үйл ажиллагаа энэ жил “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн дор 09 сарын 21-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд музейн хосгүй, өвөрмөц үзмэр болох "Алтай ятга" болон археологийн малтлагаар Хориг уулнаас олж илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор нандин олдворыг олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэв. Түүнчлэн монгол угсаатнуудын хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөр, тус музейгээс эрхлэн хэвлүүлсэн ном, каталоги, мэргэжил арга зүйн зөвлөмж, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн танилцуулга зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэ үеэр мөн "Гамма" гэрэл зургийн агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийв.