2022.07.08-18
Монгол тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зориулсан энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гаруй 100 гаруй үзмэрийг дэглэн үзэгч таны гэгээн мэлмийд толилуулж байна.
Төрт ёсны эртний уламжлалтай Монголчуудын үндэсний баяр наадам нь төрийн ёслолын хүндэтгэл их цэнгэлд зүй ёсоор тооцогддог төдийгүй энгүүн аж амьдралын язгуур өв соёлыг тээж ирсэн үнэт өв маань билээ. Тийм ч учраас 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм. Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол билээ.
Үзэсгэлэн Монголчуудын уламжлалт гар урлалын бүтээлүүдээс гадна алдар цуут бөхчүүлийн өмсөж эдлэж байсан хувцас хэрэглэл, хурдан морины хүүхдийн хувцас, өмсгөл, нум сум, товх болон шагайн харвааны эд эдлэл зэрэг олон сонирхолтой цуглуулгыг дэлгэж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Монголчуудын хайртай бөх дархан аварга Б.Түвдэндоржийн эдлэж хэрэглэж байсан тэрлэг дээл, түрийн боолт, гутлын ногт уг үзэсгэлэнд тавигдсан. Тэрээр Монголын бөхийн түүхэнд тодорсон домог шалгарсан манлай олныг баясуулагч, баяр наадмын манлай дархан аварга байлаа. Мөн ард олноо Боохой хэмээн алдаршсан Монгол улсын арслан Дамдинсүрэнгийн Данзангийн зодог шуудгийг олон нийтэд үзүүлж байна.
Уг үзэсгэлэнд наадмын чимэг хурдан хүлгийн унаач хүүхдийн хувцас, хэрэгсэл, адууны соёлын өвөрмөц илэрхийлэл айргийн хул, мөнгөн аяга болон адууны тоног хэрэгсэл, мөн сур харвааны тоног хэрэгсэл, Маршал Х.Чойбалсангийн нум сум, Урианхай сурын уламжлалт нум, сумыг үзэж болно. Мөн шагайн харвааны хасаа, хашлага, сум тэргүүтэн 150 гаруй үзмэрийг сан хөмрөгөөсөө дээжлэн уг үзэсгэлэнд дэглэн байрлуулав.
Та бүхэн таалан соёрхож баяр наадамдаа сайхан наадаарай.
Монголын Үндэсний Музей