Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан   “Халхын гол, Ялалтын 80 жил”  үзэсгэлэн

 “...1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. 5 дугаар сарын 11, 12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар  Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг японы нисэх онгоц 5 дугаар сарын 15-нд бөмбөгдөв. 5 дугаар сарын 28-ны үүрээр японы 40 орчим онгоц  манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор  Халх голын бүс нутаг дахь байлдагч талуудын  цэргийн  ажиллагаа эхэлжээ”.

      “...Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь  харьцангуй бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн Хоёрдугаар дайны  өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм”.  

      Халх голын байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын  8500 орчим цэрэг дайчид  оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан  улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг  хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулав.   

Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүд байна. Эдгээрээс 17 насандаа Халх голын байлдаанд мордсон Ефрем Андреевич Ковалевын намтар сонирхол татам юм. Түүнчлэн Григорьев Петр Осипович, Сактоев Дорофей Гаврилович, Аюржанаев Циренжап Санданович, Логинов Иван Логинович, Акилов Александр Максимович, Линкхоев Доржи Дигарович, Хохлов Андрей, Перевалов Иван болон бусад хүмүүсийн гэрэл зураг, холбогдох баримт бичиг байна. Мөн Буриадын Бүгд Найрамдах улсын Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүрмөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковийн 1939 оны 8-р сарын 17-ны №0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэх мэт зүйл байна.

Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг таалан сонирхоно уу.  Эрхэм үзэгчдийнхээ гэгээн мэлмий, гэрэлт оюунд зориулав.

Эх орноо батлан хамгаалж, алтан амиараа эрсдсэн баатарлаг эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийе.