Музейн өв соёлтой холбогдолтой дүрэм, журмууд

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монголын Үндэсний Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх үүргийг тодорхойлж зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.  Монголын Үндэсний музей /цаашид ”музей” гэнэ/ нь төрийн өмчит, ашгийн төлөө бус эрдэм шинжилгээний болон соёлын байгууллага мөн.

1.3. Монголын Үндэсний музейн зорилго нь соёлын өвийг хадгалж хамгаална, хойч үедээ уламжлуулж, иргэдийн оюуны тодорхой эрэлт хэрэгцээг хангах улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.

1.4.  Музейн нь өөрийн нэр дээр тусгайлсан хөрөнгөтэй, улсын өмчийг эзэмшигч, банкинд харилцах данстай, тогтоосон журмын дагуу үйлдсэн, өөрийн нэр бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай, өөрийн бэлгэдэлтэй хуулийн этгээд байна.

1.5.  Музейн оноосон нэр: Монголын үндэсний музей, англи хэл дээр National Museum of Mongolia байна.

1.6. Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж-1, шуудангийн хаяг: Улаанбаатар-46, ш/хайрцаг-332. Вэб хуудас: www.nationalmuseum.mn

1.7. Музей нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, “Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага”- Монгол улсын стандарт, Монгол улсын Сан хөмрөгийн дүрэм бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1. Музей нь өөрийн сан хөмрөгөө иж бүрдүүлэх, эрэн сурвалжлах, баяжуулах,, үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалах, хамгаалах, арчлан тордох, сэргээн засварлах ажлыг зохих дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.

2.2. Үзмэр, эд өлгийн зүйлийг бүртгэх, байнгын үзлэг хийх, тоолох, ангилах, баримтжуулах ажлыг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.

2.3.  Музейн үзмэрт түшиглэн судалгаа явуулах, баяжуулах, үр дүнг нийтийн хүртээл болгох, тэдгээрийн гарал үүсэл, үнэ цэнийг тогтоох чиглэлээр дангаар болон бусад холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхэлнэ.

2.4. Музейн үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэл, уран сайхны зохистой шийдэлтэйгээр дэглэн, дотоод, гадаадад үзэсгэлэн зохион байгуулж, үзэгчдэд сурталчлах ажлыг хийнэ.

2.5. Сургуулийн өмнөх насны болон сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид, байгууллага, иргэдэд зориулсан танин мэдэхүй, сурталчилгаа, соёл боловсролын ажлыг зохион байгуулна.

2.7. Музей судлалыг хөгжүүлэх, музейнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх, музейн ажилтнуудын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны эрдмийн зэрэгтэй ажилтны эзлэх хувийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

ГУРАВ. МУЗЕЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

3.1.  Музейн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.2. Музейн захирлын дэргэд Захиргааны зөвлөл, Үзмэр худалдан авах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Мэргэжил арга зүйн зөвлөл, Өмч хамгаалах байнгын зөвлөл тус тус ажиллана.

3.3. Музейн захиргаа, үйлчилгээний, аюулгүй байдал, хамгаалалтын, сан хөмрөг, бүртгэлийн, Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын, Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн, мэргэжил-арга зүйн албадтай байна.

3.4.   Музейн ажлын хэрэгцээний номын сантай байна.

3.5.  Музейн захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.

3.5.1. Захирал музейн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага,  зохицуулалт, хяналтыг хариуцах,

3.5.2.  Музейг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох, гэрээ хэлцэл байгуулах,

3.5.3. Батлагдсан төсөв, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хөрөн-гийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу захиран зарцуулах,

3.5.4.  Зохих журмын дагуу зөвшөөрөл авч, байгууллагын нэр дээр данс нээж, ашиглах,

3.5.5.  Байгууллагын дотоод журам, нэгжийн ажиллах журмыг батлах, мөрдүүлэх, бүх ажилтнууд мөрдөх тушаал, шийдвэр гаргах,

3.5.6. Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилох, чөлөөлөх,

3.5.7. Музейг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон музейг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулах,

3.5.8. Цуглуулгыг байнга баяжуулах, хадгалалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, үзмэрийг бүрэн бүтэн байдлаар хадгалах талаар холбогдох арга хэмжээг тогтмол зохион байгуулах,

3.5.9. Музейн үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан, техни-кийн ололт, шинэ технологийг нэвтрүүлэх,

3.5.10. Байгалийн аюул гамшиг, гэнэтийн халдлага, эрсдэл, галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах бүх талын арга хэмжээг авах,

3.5.11. Ажилтнуудын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах,

3.5.12.   Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг,

ДӨРӨВ. МУЗЕЙН ЭРХ ҮҮРЭГ

4.1.  Музей нь дор дурдсан эрх эдэлнэ:

4.1.1. Өөрийн сан хөмрөгт байгаа үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалах журмыг нийтлэг журмын үндсэн дээр тогтоон хэрэгжүүлэх,

4.1.2. Музейн төрөл чиглэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт үзмэрийн хайгуул, цуглуулгын ажил явуулах, үзмэр эд зүйл худалдан авах, мөн бэлэг хандиваар авах,

4.1.3.  Өөрийн сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлийг  судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор зохих журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулах, түрээслүүлэх, хэвлэн нийтлүүлэх, түүнээс олсон орлогыг сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад зарцуулах,

4.1.4. Нийтэд үйлчлэх журам, үйлчилгээний нөхцөлийг тогтоох

4.1.5. Музейн үйл ажиллагааны чиглэлд хамаарах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, суурь, хавсрах судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг гүйцэтгэх шалгаруулалтад оролцох, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдах, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, семинар зохион байгуулах, оролцох, харилцан мэдээлэл солилцох,

4.1.6. Музейн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар холбогдох дээд байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлэх,

4.1.7. Өөрийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай ажилтнуудаар хангагдах,

4.1.8. Дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, гэрээ хэлцэл байгуулах, хандив, тусламж авах,

4.1.9. Музейн нийтэд зориулагдсан талбайг соёл, боловсролын арга хэмжээ зохион байгуулахад зориулан, зохих журмын дагуу түрээслүүлэх,

4.1.10. Ижил, төстэй үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын байгууллагын гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох,

4.1.11. Музейнүүдэд мэргэжил-арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээ, судалгааг гаргуулах,

4.1.12. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх,

4.2.   Музей нь дор дурдсан үүрэг хүлээнэ.

4.2.1. Цуглуулгыг байнга баяжуулах, сан хөмрөгийн хадгалалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах төлөвлөгөө гарган ажиллах,

4.2.2. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэл, баримтжуулалтыг зохих стандартын дагуу хийх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл-Мэдээллийн санд бүртгүүлэх,

4.2.3. Үзүүллэг, зохион байгуулалтын үзэл баримтлал боловсруулан батлуулах, үзүүллэгийг тогтмол баяжуулан шинэчлэх, үзэсгэлэнгийн тусгай танхимд сан хөмрөгөө түшиглэн үзэсгэлэн тогтмол зохион байгуулж байх,

4.2.4. Музейд цэвэр, тохилог орчныг бүрдүүлж, шуурхай чанартай үйлчлэх, үзүүллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг боловсруулж, тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хийх зрхистой хэлбтэрийг сонгож ажиллах, соёл гэгээрлийн ажил зохиох,

4.2.5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодитой хэрэгжүүлж, тогтоосон журмын дагуу тайланг хүргүүлэх, бүртгэх,

4.2.6. Музейн үйл ажиллагаа, үзмэр, эд өлгийн зүйлийг сурталчилсан танилцуулга, товхимол гаргах, цомог, бэлэг дурсгалын зүйл бэлтгэн гаргах,

4.2.7. “Музейн судлал” болон эрдэм шинжилгээний сэтгүүл, мэргэжил арга зүйн ном, сэтгүүл, гарын авлага, мэдээлэл зэргийг эрхлэн гаргах,

4.2.8. Музейн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий олон нийтийн санаачлага, хөдөлгөөнийг дэмжих,

4.2.9. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулах, хамтран ажиллах, тэдний арга туршлагаас музейн үйл ажиллагаанд нэвтрүүлэх,

4.2.10. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн даатгалын асуудлаар бодит тооцоо, судалгаа гаргасны үндсэн дээр даатгалд хамруулах,

4.2.11. Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг

ТАВ. МУЗЕЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

5.1.  Музей нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна.

5.2.  Музейн хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ.

А. Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн үзмэр, эд өлгийн зүйл

Б. Музейн үндсэн хөрөнгөд тусгагдсан зүйлүүд

5.3.  Музей нь улсын төсвөөс санхүүжинэ.

5.4. Музейн санхүүжилт нь батлагдсан төсөв, музейн үндсэн үйл ажиллагааны орлого, байгууллага, хувь хүмүүсээс өгсөн хандив, өөрийн хөрөнгийг бусдад ашиглуулсан, түрээслүүлсний орлого, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.

5.5.  Музей нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нягтлан бодохын болон анхан шатны, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөж, санхүүгийн тайлан тэнцэл гарган баталгаажуулна.

ЗУРГАА. ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ЖУРАМ

6.1.  Музейг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

6.2. Татан буулгах шийдвэр гарсан бол татан буулгах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс Иргэний хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

6.3.  Бүртгэх байгууллага музейг улсын бүртгэлээс хассанаар музей үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдсанд тооцогдоно.

Татах линк: Word хувилбар  PDF хувилбар

Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 11 дугаар сарын 8-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Монгол улсын музейн сан хөмрөг нь гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацааг харгалзахгүйгээр байгаль, түүх, соёл урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий соёлын өвийн цуглуулгаас бүрдэнэ.
  2. Музейн сан хөмрөгийг мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болохын зэрэгцээ, улс орны шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд туслах зорилгоор түүх, соёлын өвйиг цуглуулах, бүртгэн тодорхойлох, бүртгэл-мэдээллийн санд бүрдүүлэх, баримтжуулан хадгалах, хамгаалах, судлан сурталчилж ашиглах үндсэн чиглэлээр бүрдүүлнэ.
  3. Музейн сан хөмрөгийн байгалийн түүхийн дурсгалт зүйлст: геологи, палеонтологи, хөрс, эрдэс судлал, ерөнхий биологи, ургамал, амьтан судлал, хүн судлал, ертөнцийн зүйн цуглуулга болон байгалийн түүхийг тодорхойлогч бодит материалууд багтана.
  4. Музейн сан хөмрөгийн түүхийн дурсгалт зүйлст: монголын эрт, эдүгээгийн түүх, төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түүх, хөгжлийг илтгэх бодит зүйл, түүний дотор ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн, цэрэг арми, улсын баатар, ахмад дайчдын амьдрал, түүхэн үйл явдал, шашны түүх, эртний судлал, угсаатны зүй, зоос зүй, сүлд зүй, тэмдэг зүй , хэмжил судлал зэрэгт холбогдох цуглуулга, эд зүйлс, тэрчлэн орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлд, техник, технологийн бүтээлийн явцад үйлдэж хийсэн загвар /макет/зарим бодит зүйлс болон түүх , соёлын биет ба биет бус өв багтана.
  5. Музейн сан хөмрөгийн урлаг, утга зохиолын холбогдолтой дурсгалд: эртний ном судар, бичгийн дурсгал, утга зохиол, урлагын зүтгэлтнүүдийн түүх, намтар, уран зохиолын бүтээлүүд, зохиогчдын намтар, зохиолын эх ноорог, гарын үсэг, гэрээслэл, цирк, театр, чуулга, дуу хөгжим, кино дүрс бичлэг, гэрэл зураг, дүрслэл ба гоёл чимэглэл, ардын гар урлал, үндэсний уран барилгын түүх, хөгжлийг харуулсан материал, нэрт уран бүтээлчдийн дурсгалтай холбоотой зүйлс орно.
  6. Дүрмийн 3,4,5-р зүйлд дурьдаагүй боловч төр нийгэм, шинжлэх ухаан, түүх, соёлын ач холбогдол бүхий зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох байгууллага, эзэмшигч, өмчлөгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр музейн сан хөмрөгт шилжүүлэн авч болно.

7.Музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулгын бүрдүүлэлт, бичлэг тодорхойлолт, бүртгэл данс зэрэг бүх баримт бичгийг ангилан бүртгэж хадгалах эрдэм шинжилгээний архив музейд ажиллана. Музейд байнга хадгалж байгаа архивын байгууллагын бүртгэлд орох бөгөөд тэдгээрийг хадгалах, цуглуулах, нэг музейгээс нөгөөд шилжүүлэх, төлвөлүүлэх, бүртгэл, ашиглах болон устгах асуудлыг Үндэсний архивыг байгууллагын заавраар гүйцэтгэнэ.

ХОЁР. МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  1. Монгол Улсын музейн сан хөмрөгт:

а) байгаль, түүх, ард түмний эдийн ба оюуны, соёлын дурсгалт зүйлс түүний дотор үнэт металл /алт,мөнгө, / үнэт чулуу/ бадмаараг, индранил, очир алмаз…шүр, сувд г. м/-аар хэсэгчлэн буюу бүтнээр хийсэн эд өлгийн зүйлс харьяа байгууллага хамаарахгүйгээр багтана.

б)  соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны болон  албан байгууллага, үйлдвэрийн газрын мэдэлд байгаа байгаль, нийгмийн түүх, ард түмний эдийн ба оюуны соёлын холбогдолтой дурсгалт зүйлс, эд хэрэглэлүүд

в) музейн хайгуул анги, эрэл, сурвалжлагаар хуримтлуулсан цуглуулгууд

г) музейн дэргэдэх үзмэр худалдан авах ба үнэ тогтоох комиссын шийдвэрээр авсан зүйлс

д) гадаад, дотоодын үзэсгэлэнгээс музейн үзмэрт шилжин ирсэн зүйл

е) төр нийгмийн зүтгэлтэн, төр, олон нийтийн байгууллагад өгсөн бэлэг дурсгалын зүйлс тэдгээрийн дотор гадаад орны байгууллага, хүмүүсээс ирүүлсэн дурсгалууд

ж) ард иргэд, эрдэмтэд, уран бүтээлчдийн хувийн цуглуулгын зүйлээс музейд зориуд дурсгасан эд, өлөг,

з) эзэмших буюу өвлөх эзэнгүй болсон элдэв дурсгалт зүйлсийн цуглуулга

и) сүсэгтний ашиглаж байсан тахилга шүтлэгийн эд зүйлс, эдлэл хэрэгсэл

к) шүүх болон гаалийн байгууллагын тогтоол шийдвэрээр хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлс

л) эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн хайгуул цуглуулгын олдвор, археологийн малтлагаар олж ирүүлсэн түүх, соёлын ач холбогдолтой үнэт металл, чулуун эдлэл, бусад биет зарим зүйлс бүрдэл болж орно.

  1. Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн орсон бүхий л цуглуулга, үзмэр хэрэглэгдэхүүнийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр аль нэгэн байгууллага, хүмүүст шилжүүлэх, худалдах, түрээслүүлэх, бэлэг дурсгалд өгөхийг хориглоно.

ГУРАВ. МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Музейн сан хөмрөг нь Монгол Улсын үндэсний эрхэм баялаг, соёлын өв, төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна.
  2. Музейн сан хөмрөгийн хадгалагч үндсэн байгууллага нь :

а) Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа соёлын өвийн төв, Улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн  сан.

б) Утга соёлын өвийн төв

в) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Улсын музейнүүд

г) Эрдэнэсийн сан, архив, номын сан

д) Аймаг, хот нийслэлийн музейнүүд

е) ШУА-ийн хүрээлэн , лаборатори музей

ж) Их, дээд, дунд сургуулийн дэргэдэх музей

з) Төрийн яамд, албан газрын харъяа музей

и) Сүм хийд болон өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бусад музей, танхимүүд

  1. Музей бүр өөр өөрийн үзмэр зохион байгуулалт, цуглуулгын үндэсн сэдэвт тохирсон төрөлжсөн сан хөмрөгт байна. Үүнд:

а) байгалийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

б) түүхийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

в) угсаатны зүй, ардын урлагийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

г) үнэт метал, чулуугаар бүтсэн зүйлс, гар урлалын  бүтээл зэрэг түүх, соёл, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олдвороор бүрдсэн хосгүй үнэт үзмэр цуглуулгын сан хөмрөг

д) хуулбар болон гэрэл зураг , үлгэр загвар, зурагт хуудас, панарам диорам, хорго жааз, тавиур зэрэг зүйлсийг хадгалах эрдэм шинжилгээ, туслах хэрэглэгдэхүүний сан хөмрөг

  1. Улсын музейн сан хөмрөгийн дэргэд үзмэр сэргээн засварлах лаборатори, аймаг хотын музейд үзмэр сэлбэн засагч, сэргээн засварлагч ажиллана.
  2. Улс, аймгийн музейд соёлын өвийн бүртгэл- мэдээллийн сан буюу алба ажиллана.
  3. Музейн сан хөмрөг, үзмэр цуглуулгыг доорхи нөхцөл бүрдсэн тусгай байранд хадгална. Үүнд:

а) зориулалтын хадгалалт, хамгаалалтын дохиоллын системээр тоноглосон өрөө танхим, сейф, хорготой байх

б) сан хөмрөгийн өрөө нь үзмэр хадгалалтын нөхцөлийг /гэрэл, дулааан чийг/ хангасан байх.

  1. Улс , аймаг , нийслэлийн музейд сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл-мэдээллийн , эрдэм шинжилгээний ажилтан, салбар музейд сан хөмрөгч нар тус тус ажилах ба дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

а) музейн сан хөмрөгийн үзмэр, цуглуулгыг олж ирүүлэх, бүртгэл- мэдээллийн санд бүртгэх, цуглуулах, иж бүрдүүлэх, эрдэм шинжилгээний тодорхойлолт бичлэг хийх, төрөлжүүлж ангилал хадгалах, Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн санд тайлан, мэдээ өгөх

б) сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч аюулгүйбайдлыг хангах, хамгаалалтын сайжруулахтай холбогдсон саналыг музейн захиргаанд тавих, хадгаламжийн өрөө байрыг зориулалтын  хамгаалалт бүхий хаалга, бат бөх цоож түгжээ, баталгаа бүхий лац, ломбоор битүүмжлэн харуулд хүлээлгэн өгч байх.

в) сан хөмрөгийн бүртгэл- мэдээллийг тогтоосон журмын дагуу ямагт эмх цэгцтэй байлгах

г) үнэнч шударга, нягт нямбай, сонор сэрэмжтэй байж сан хөмрөгийн бүртгэл- мэдээлэл, үнэт сан хөмрөгийн нэр төрөл, үнэ зэргйг нууцлан хадгалах

д) сан хөмрөгийн ашиглалт дээр анхаарч сонирхсон албан байгууллага, хүмүүст мэдээлж таницуулах, дурсгалт зүйлсийн цэс каталоги гаргах.

е) музейн сан хөмрөгийг ашигласны үндсэн дээр музейн хөтөлбөр бичиг, танилцуулга, эрдэм шинжилгээний бүтээл, эмхэтгэл гаргах, нэгэн сэдэвт зохиол хэвлэлд бэлтгэх зэрэг ажилд оролцох

  1. Музейн үзмэр, сан хөмрөгийн хадгалалт бүрэн бүтэн байдал ашиглалтыг тухайн музейн захирал, сан хөмрөгийн эрхлэгч бүртгэл- мэдээллийн ажилтнууд хариуцна.
  2. Музейн сан хөмрөгийн үзмэр, цуглуулгаас албан зориулалтаар хэрэглэхийг хүссэн байгууллагын хүсэлт, уг үзмэрийн ач холбогдлыг үндэслэн сан хөмрөгөөс түр шилжүүлэхийг тухайн музейн захиргаабүр мөсөн шилжүүлэхийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
  3. Музей нь сан хөмрөг, үзмэр үзэсгэлэнгийн хэрэгцээг удирдамж болгон сан хөмрөгийг баяжуулах, тодорхой зорилго чиглэл тавьж ажиллана.
  4. Музейн сан хөмрөгт орж буй түүх, соёлын өв, үзмэр, цуглуулгыг сан хөмрөгийн ерөнхий бүртгэлд бүртгэн хувийн дугаартай болгосны дараа сан хөмрөгийн төрөлжсөн бүртгэлд оруулна.
  5. Музейн сан хөмрөгийн улсын тооллогыг улсын музейд 4 жилд, аймаг, хотын ба салбар музейд 2 жилд, үзмэр сан хөмрөгийг бүртгэх, шалгах хэлбэрээр тогтмол тоолллогыг жил бүр , сан хөмрөгийн тогтмолбус тооллогыг тухайн шаардлагатай үед соёл, шинжлэх ухааны асудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тус тус хийж байна.

ДӨРӨВ. МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

  1. Музейн сан хөмрөг дахь байгаль, түүх, нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн эх болох үзмэр, цуглуулгыг доорхи зориулалтаар ашиглаж байна. Үүнд:
  2. a) Эрдэм шинжилгээ, судалгааны болон нийгмийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн зорилгоор агишлахдаа уул музейг шууд харъяалсан дээд байгуулагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
  3. b) Эрдэм шинжилгээ, сурталчилгааны нэг маягийн нийтлэг болох музейн үзүүллэг /үзмэр/ зохион байгуулахад
  4. c) Байнгын ба нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулахад
  5. d) Мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгох, сургалт, мэдээлэл- сурталчилгааны зориулалтаар г.м

23 . Сан хөмрөгийн үзмэр цуглуулгаас соёл, боловсрол, эргдэм шинжилгээ судалгааны байгууллага болон судлаач, сонирхогч, багш сурагчдад сургалтын  материал болгон ашиглахад туслах зорилгоор сан хөмрөгийн нээлттэй хадгаламжийг байгуулж болно.

  1. Хувь хүн албан байгууллагаас музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулгаас ашиглаж хэвлэн нийтлүүлэх, хувилан түгээн дэлгэрүүлэхдээ соёлын өвийг хадгалж байгаа музейн нэр, сан хөмрөгийг ишлэн заах бөгөөд уул бүтээлийн гурван хувийг үнэлгүйгээр тухайн музейд өгч байна.
  2. Музейн сан хөмрөг, үзмэр, үзүүллэгийн сэдэвт нийцүүлэн хэвлүүлсэн ном хэвлэл, бүтээл туурвил, судалгаа шинжилгээний материал, соёлын өвийн талаарх түүх, шашдир, эх сурвалж бүхий эрдэм шинжилгээний номын сан музейд ажиллана.
  3. Музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулга, тооллого, бүртгэл- мэдээлэл , хадгалалт, хамгаалалт, ашиглалт зэрэгт музейн захиргаа тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэжмээг цаг тухайд нь авч байна.
  4. Музейн сан хөмрөг, үзмэр цуглуулгыг гэмтээсэн устгасан, хулгайлсан, хосгүй үнэт, үнэт үзмэр болон түүний гэрэл зургийг албан ёсны зөвшөөрөлгүй хувилан олшруулсан , дамжуулсан буруутай этгээдэд Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
  5. Музейн сан хөмрөгийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Татах линк: Word хувилбар  PDF хувилбар

Татах линк:  PDF хувилбар

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ҮЗМЭР, ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАЖ

АЖИЛЛАХ АЖИЛТНУУДЫН МӨРДӨХ ЖУРАМ

 

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Тус музейн үзмэр, цуглуулга нь Монголын ар түмний олон үеийн турш бүтээсэн эдийн болоод оюуны соёлын үнэт өв, давтагдашгүй, нөхөн бүтээгдэшгүй, үндэсний баялаг, нийгэм-соёлын онцгой ач холбогдолтой эд зүйлс төдийгүй дэлхийн соёлын өвийн нэгэн хэсэг мөн. Энэхүү соёлын өв, үзмэр цуглуулгыг хайрлан хамгаалах, хадгалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь монголын төр, засаг захиргаа, соёл, гэгээрлийн байгууллагууд, музейн салбарын ажилтнууд хийгээд иргэн хүний эрхэм үүрэг юм. Энэхүү журмаар тус музейн, үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудын үйл ажиллагаа, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулна.

1.2. Тус музейн албан ёсны шийдвэрээр сан хөмрөгт авч, үнэлгээ тогтоосон, үзмэрийн хувийн дугаар авсан бүх эд зүйлсийг ашиглалт, байршил харгалзахгүйгээр музейн үзмэр цуглуулга гэж үзнэ.

1.3.  Үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, арчлах, цэвэрлэх, тоолох, бүртгэх, сэргээн засварлах, судлах, музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх, дэглэлтийг өөрчлөх, гадаад дотоодын үзэсгэлэнд гаргах, сурталчилах, хэвлэн нийтлэх, сургалтанд ашиглах зорилгоор гар хүрэх, байршлыг өөрчлөх, зөөвөрлөх, шилжүүлэх. тээвэрлэх үйл явцыг үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаа гэж хэлнэ.

1.4. Журмын 1.3-т заасан үйл ажиллагаанд оролцогсдыг албан тушаал харгалзахгүйгээр үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнууд гэнэ.

1.5. Олон улсын музейн зөвлөлийн зааварчилгаанд заасны дагуу музейн үзмэр цуглуулгад зайлшгүй тохиолдлоос бусад үед аль болох олон удаа гар хүрэхгүй байх зарчимыг баримтлана.

1.6. Үзмэр цуглуулгатай харьцах бүрт ажилтнууд тухайн үйл явцтай холбогдох бусад дүрэм, стандарт, журам, заавар зэргийг баримтлахаас гадна мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо бүрэн ашиглаж, олон улсын музейн ажилтны ёс зүйн дүрмийн баримтлан ажиллана.

ХОЁР: ҮЗМЭР ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ ДАДАЛ, БЭЛТГЭЛ

2.1  Үзмэр цуглуулгатай байнга болон түр хугацаагаар харьцах бүх хүмүүст үзмэр цуглуулгатай харьцах анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг музейн арга зүйч, сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч нар өгнө. Музейд шинээр орсон болон үзмэр, цуглуулгатай ямар нэг байдлаар харьцаж ажиллах музейн ажилтнуудыг музейн захирлын тушаалаар тодорхой хугацаанд, шат дараалалтай дадлагажуулж сургана.

2.2       Үзмэр цуглуулгатай харьцахдаа аль болох биед эвтэйхэн хувцас, хальтрахгүй нам өсгийтэй гутал, тухайн эд зүйлд хүрэхэд тохиромжтой, хор хөнөөл учруулахгүй, харилцан урвал үүсгэхгүй бээлий, амны хаалтыг сонгон өмсөнө. Бээлийгүй харьцах шаардлагатай үзмэр байна.

2.3       Үзмэр цуглуулгатай харьцахдаа тухайн үзмэрийн хэмжээ, онцлогг тохирсон хайрцаг баглаа боодол, жийрэг, хөдөлгөх хүч, багаж хэрэгслийг бэлтгэсэн байна.

2.4       Музейн удирдлага үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаанд шаардагдах өрөө тасалгаа, шүүгээ, багаж хэрэгсэл, баглаа боодол, хайрцаг сав, тоног төхөөрөмж, эд зүйлсээр хангаж өгөх үүрэгтэй.

2.5       Үзмэр цуглуулгын энэ журмын 1.3-т заасан зорилгоор хөдөлгөхдөө заавал захирлын тушаалыг үндэслэж, бусад холбогдох дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.

ГУРАВ: ҮЗМЭР ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ ҮЙЛ ЯВЦ, ХАРИУЦЛАГА

3.1       Энэ журмын 1.3-т заасан тохиолдлууд нь үзмэр цуглуулгыг хөдөлгөх, үзмэртэй харьцах үндэслэл болно.

3.2       Энэ журмын 2.2-т заасныг үндэслэн үзмэр цуглуулгыг сан хөмрөгөөс гаргах бүх үйл явцыг сан хөмрөгийн алба, сан хөмрөгийн эрхлэгч нар холбогдох дүрэм, заавар, журмын дагуу гүйцэтгэнэ.

3.3       Сан хөмрөгийн эрхлэгчийн хэн нэгэн эзгүй үед шаардлага гарсан тохиолдолд Сан хөмрөгийн албаны журмын 3.9, 4.2.13-т заасны дагуу албаны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана. Сан хөмрөгийн эрхлэгчийн буруутай үйлдлээс албаны хэвийн үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т заасан хариуцлага тооцно.

3.4       Олон хүний хүч хөдөлмөр шаардагдах овор хэмжээ ихтэй үзмэрийг хөдөлгөхдөө захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч нарын төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу харьцаж хөдөлгөнө. Энэ үйл явцад гарсан бүх зөрчил дутагдлыг тухайн үед үзмэр цуглуулгатай харьцах үйл явцад оролцсон ажлын хэсэг, ажилтнууд хариуцана. Хөдөлгөөний акт болон бусад холбогдох баримт бичигтэй холбоотой зөрчил дутагдлыг сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч хариуцана.

3.5       Эрдэм шинжилгээний ажилтан нар болон бусад ажилтнууд үзмэр, цуглуулах судлах, тодорхойлолт хийх зорилгоор сан хөмрөгийн албанд бичгээр хүсэлтээ гаргаж, захирлын тушаалаар сан хөмрөгийн эрхлэгчээс 20-иос дээшгүй үзмэрийг 14 хоногийн хугацаагаар түр хүлээн авч, музейгээс гаргаж өгсөн өрөө тасалгаа, аюулгүй орчинд, тусгай цоож, түлхүүр, лац бүхий сейфэнд хадгалж судална. Сан хөмрөгийн эрхлэгчээс албан ёсоор хүлээн авснаас буцааж хүлээлгэн өгөх хүртэлх үеийн үзмэр цуглуулгын бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөний актанд гарын үсэг зурж хүлээж авсан эрдэм шинжилгээний ажилтан бүрэн хариуцана. Үзмэр, цуглуулгыг ноцтой гэмтээх эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д заасан хариуцлага тооцно.

3.6       Сан хөмрөгийн эрхлэгч нь эрдэм шинжилгээний ажилтнууд, музейн бусад ажилтнууд болон томилогдсон ажлын хэсэгт үзмэр цуглуулгыг түр болон байнгын үзэсгэлэнд дэглэх зорилгоор сан хөмрөгөөс гаргахдаа заавал захирлын тушаалыг үндэслэл болгоно.

3.7       Сан хөмрөгийн өрөөнөөс зөвшөөрөгдсөн ажилтанд захирлын тушаалын хэрэгжилтийг биелүүлж үзмэрийг хүлээлгэн өгөхдөө  үзмэр бүрийг зөвшөөрөгдсөн маягтын  дагуу акт үйлдэн, хадгалалт хамгаалалтын байдал болон гэмтэл, онцлог шинж зэргийг тусгайлан бичиж тэмдэглэнэ. Энэхүү баримтыг хөтөлж, үзмэрийг зөөх хүнээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Үзмэрийг зөөхөөр хүлээн авсан ажилтан болон ажилтнууд тухайн үзмэрийг сан хөмрөгөөс байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим  болон бусад хэсэгт хүртэл зөөх явцад бүрэн бүтэн байдлыг хариуцана. Үзмэрийг зөөж буй хүн нь энэ журмын 2-р бүлэгт заасан дадлыг эзэмшиж, бэлтгэл хангасан байна. Зөөх явцдаа үзмэр цуглуулгыг өөр хүнд дамжуулахыг хатуу хориглоно. Тухайн үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх ажлын хэсэгт хүлээлгэн өгч, үзмэрийн жагсаалт бүхий актанд эвдрэл, гэмтэлгүй хүлээлгэн өгснийг баталгаажуулан гарын үсэг зурна. Үүнээс хойш үзмэрийн бүрэн бүтэн байдлыг тухайн үзмэртэй харьцаж, дэглэх ажилтнууд хариуцана.  Дээрх хөдөлгөөний үйл явцад үзмэр, цуглуулгыг зөөх явцдаа бусдад шилжүүлсэн, ноцтой гэмтээсэн эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60.1.7  болон Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5 -д заасан хариуцлага тооцно. Тухайн үзмэр, цуглуулгыг үзэсгэлэнд дэглэж дууссаны дараа үзмэр харагч болон дохиолол, аюулгүй байдлын ажилтанд хүлээлгэн өгч, хүлээлцсэн акт үйлдэнэ.

3.8       Үзмэр харагч болон үзэсгэлэн дэглэх үйл ажиллагаанд оролцож, үзмэртэй харьцах ажилтан бүр зөвхөн тухайн ажлын хэсгийн ахлагчийн зааврын дагуу, үзмэртэй туйлын нарийн нямбай, арга зүйн дагуу ажиллана. Тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа үзмэрт ямар нэгэн гэмтэл учруулбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулнйн 31.1-т заасан хариуцлага хүлээнэ.

3.9       Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгын аюулгүй байдал,  бүрэн бүтэн байдлыг үзмэр харагч, Аюулгүй байдал,  үйлчилгээннй алба бүрэн хариуцана.

3.10     Үзмэр цуглуулгын байршил харгалзахгүйгээр хадгалалт хамгаалалтын орчины горимыг музейн сан хөмрөгийн эрхлэгч, арга зүйчид, сэргээн засварлагч нар тогтсон хугацаанд хянаж, шаардлагатай үед санал зөвлөгөөг Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэст албан ёсоор мэдэгдэж шийдүүлнэ.

3.11     Байнгын болон түр үзэсгэлэнгээс буух, солих шаардлагатай болсон үзмэрийг хөдөлгөхдөө тухайн танхим, түр  үзэсгэлэнг хариуцсан ажилтан захиргаанд албан хүсэлт гаргаж, захирлын тушаалаар холбогдох дүрэм, журам, зааврын дагуу сан хөмрөгийн эрхлэгчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө бүртгэл мэдээллийн санч, тухайн үзэсгэлэнгийн танхим хариуцсан үзмэр харагч зэрэг хүмүүсийг байлцуулан буулгаж, сан хөмрөгийн өрөөнд зөөж оруулна. Энэ үйл явцад гарсан зөрчил дутагдлыг тухайн эрдэм шинжилгээний ажилтан болон уг үйл ажиллагааг гардан болон хамтран гүйцэтгэсэн албан ёсны ажилтнууд хариуцана. Сан хөмрөгт оруулсны дараа үзмэрийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлын талаар акт үйлдэн, хоёр  тал гарын үсэг зурж хүлээлцэнэ. Үүнээс хойш сан хөмрөг дотор байршуулах явцын үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч бүрэн хариуцана.

3.12     Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгатай захирлын тушаал, хүлээн авсан ажилтнуудын зөвшөөрөл, хяналтгүйгээр харьцах, хөдөлгөхийг хатуу хориглоно. Зөвшөөрөл, хяналтгүйгээр үзмэр цуглуулгатай харьцах болон энэ үед гарсан зөрчил дутагдлыг тухайн зөрчил гаргасан ажилтан бүрэн хариуцана.

3.13     Дотоод, гадаадад түр үзэсгэлэн гаргах үед үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж, зөөвөрлөх, тээвэрлэх, дэглэх үйл ажиллагааг тусгай гэрээгээр зохицуулна.

3.14     Сэргээн засварлах шаардлагатай болсон үзмэр цуглуулгыг сан хөмрөгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагчид болон бусад шинжээчийн санал хүсэлтэд үндэслэн захирлын тушаалаар сэргээн засварлагч болон сэргээн засварлах эрх бүхий улсын байгууллагад холбогдох акт, баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэн өгнө.

3.15    Үзмэр цуглуулгыг сэргээн засварлуулахаар сан хөмрөг болон үзэсгэлэнгээс гаргаж, тухайн цуглуулга хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч хүлээн авснаас хойш сэргээн засварлагч болон сэргээн засварлах газарт хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч, сэргээн засварлагч нар бүрэн хариуцана.

3.16     Сэргээн засварлуулахаар тээвэрлэх болон зөөвөрлөх үеийн аюулгүй байдалд музейн удирдлага, Сан хөмрөгийн алба болон Аюулгүй байдал, үйлчилгээний алба хяналт тавьж, тухайн ажлыг гүйцэтгэхээр албан ёсоор томилогдсон ажилтнууд дүрэм, журам, зааврыг баримтлан, хариуцлагатай ажиллана.

3.17     Сэргээн засварлахаар албан ёсоор хүлээн авснаас хойш сэргээн засварлаж дууссаны дараа буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тухайн үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сэргээн засварлагч, байгууллага бүрэн хариуцана.

3.18     Мөн үзмэр цуглуулгыг гадны хувь хүн болон албан байгууллагын санал хүсэлтээр захирлын тушаал гарсны дагуу үзүүлэх, гэрэл зураг авах зэрэг үйл ажиллагааг сан хөмрөгийн албаны дарга, хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч  нар бүрэн хариуцаж, хяналт тавьж ажиллана.

3.19     Гадны судлаач болон гэрэл зурагчид үзмэр цуглуулгын аюулгүй болон бүрэн бүтэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр үйлдэл хийсэн тохиолдолд тухайн үйл явцыг даруй зогсоож, удирдлагад мэдэгдэнэ. Ийнхүү санамсаргүй болон санаатайгаар үзмэр цуглуулгад хор хохирол учруулсан бол тухайн хариуцлагыг гадны судлаач болон гэрэл зурагчид бүрэн хариуцаж, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.

3.20     Үзмэр цуглуулгыг арчлах цэвэрлэх зорилгоор харьцахдаа сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч, музейн арга зүйчдийн боловсруулж, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталгаажуулсан цэвэрлэгээний журмыг баримтлан ажиллана.

3.21     Сан хөмрөгийн эрхлэгчид өөрсдийн хариуцсан сан хөмрөг дэх үзмэр цуглуулгыг аль болох тогтмол арчилж цэвэрлэх шаардлагатай бөгөөд чингэхдээ сэргээн засварлагч, музейн арга зүйчдийн зөвлөгөө тусламжыг авч болно.

3.22     Үзмэр цуглуулга солигдсон, үрэгдсэн тохиолдолд сан хөмрөгийн эрхлэгч нар яаралтай албаны дарга болон музейн удирдлагад мэдэгдэнэ.

3.23     Үзмэр харагч нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд буй зарим ил үзмэрүүдийг сэргээн засварлагч, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч нарын зөвлөснөөр тоггмол хөнгөн цэвэрлэгээ хийж болно. Харин хоргонд буй үзмэрүүдийг захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хамт цэвэрлэнэ.

3.24     Үзмэр цуглуулгыг байршил харгалзахгүйгээр арчлах цэвэрлэх явцын бүрэн бүтэн байдлыг тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилтан бүрэн хариуцана.

3.25     Үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудаас үл шалтгаалан үүсэх байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад хүмүүсийн буруутай уйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зөрчил дутагдлыг тухайн ажилтан хариуцахгүй

-оОо –

Татах линк: Word хувилбар  PDF хувилбар