Музейн цуглуулгатай танилцана уу.

Манай музейн цуглуулга

Монголчуудын бүхий л үеийн түүх, соёл, угсаатны ховор нандин үзмэрүүд манай сан хөмрөгт хадгалагдаж байдаг. НТӨ 800000 жилийн өмнөх үеэс эхлэн XX зууны сүүл хүртэлх 60000 орчим нэгж үзмэрийн цуглуулга маань монголын түүхтэй холбоотой дэлхий дээрх хамгийн баялаг хөмрөг билээ. Тус музей нь археологи, түүх, угсаатан, гэрэл зургийн үндсэн болон туслах сан хөмрөгтэй. Тухайлбал, манай угсаатны сан хөмрөгт буй нүүдлийн соёлтой монгол угсаатны хувцас, гоёл чимэглэл нь монголчуудын уламжлалт ахуй соёлыг яруу тодоор илэрхийлдэг. Монгол хувцас, гоёл чимэглэл нь монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, эдлэж хэрэглэж буй хүнийхээ нас, хүйс, нийгмийн зиндаа зэргийг илэрхийлэх төдийгүй гоо зүйн хэм хэмжээг өнөөгийн үзэгчдэд харуулдаг юм.
Олон талын ач холбогдолтой, дахин давтагдашгүй өвөрмөц цуглуулгын дотор XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн монгол цэргийн байлдааны ялтсан хуягт гутал, монгол бөө, удганы маш ховор нандин хувцас хэрэглэл ч бий. Түүнчлэн XX зууны эхэн үеийн язгууртны хувцас, монголын сүүлчийн хааны хүрэм, мөн социализмын үеийн удирдагч, ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийн ёслолын хувцас хадгалагдаж байна.
Эдгээр ховор сайхан цуглуулгын дээжсийг дэглэсэн цогц үзэсгэлэнг та манай музейд үзэх боломжтой гэж бид найдаж байна. Манайд зочилсон жуулчид уламжлалт хувцас гоёл чимэглэлийг гайхан биширч буйгаа илэрхийлдэг. Монгол эхнэрийн дэргэр үс, гоёл чимэглэл, дээл, уужийг ихэд сонирхдог. Бид цуглуулгаа урт удаан хадгалахад анхаарч сэргээн засварлах, үзмэр цуглуулгаа баяжуулах зорилгоор угаастны болон археологийн судалгааны ажил хийж байна. Мөн XIX зуунаас эдүгээг хүртэлх гэрэл зургийн арвин баялаг сангаа ч баяжуулж байна.