МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУСЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 60 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.
1921 онд хувьсгал ялсны дараагаар музей байгуулах бэлтгэл ажлыг Судар бичгийн хүрээлэн голлон хариуцаж, 1924 онд Богд гэгээний дэргэдийн үзмэрийн зүйлд байсан зарим хэсэг юмыг хүлээн авч, анх Жонон ван Ширнэндамдингийн хашаа байшинд хадгалж байгаад 1924 оны эцсээр албан ёсоор нээж, Жамъяан гүнг даргаар томилжээ. Энэ музей нь өнөөгийн Монголын Үндэсний музейн эх үүсвэр байсан бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн юм. 1931 онд “Хувьсгалын музей”, 1940 онд “Орон нутаг судлах Улсын төв музей”, 1956 онд ”Улсын төв музей”, 1971 онд” Монгол Ардын Хувьсгалын музей”, 1991 онд “Монголын Үндэсний Түүхийн музей”, 2008 оноос “Монголын Үндэсний Музей” болон өргөжиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор “Монголын Үндэсний Түүхийн музей”-г улс, аймаг орон нутгийн музейг эрдэм шинжилгээ- судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэгтэй “Монголын Үндэсний Музей” болгон өөрчлөн зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнд зохих шинэтгэл хийжээ.
Ингэснээр Монголын Үндэсний Музей нь Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс, Эрдэм шинжилгээний төв, Музей судлалын мэргэжил-арга зүйн төв, Аюулгүй байдал үйлчилгээний алба, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн алба, Сан хөмрөгийн алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл, Мэргэжил-арга зүйн зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл, Өмч хамгаалах байнгын зөвлөл, Ёс зүйн зөвлөл ажилладаг.
Цуглуулгын хувьд монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгодог. Цуглуулгын ихэнх нь монголчуудын өв соёлын нэн ховор, үнэт эд өлгийн зүйлс юм.
Байнгын үзүүллэгийн хувьд Нэн эртний монгол орон, Эртний улсууд, Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Монголын уламжлалт соёл, Монголын уламжлалт аж ахуй, XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон, Социализмын үеийн Монгол улс, Ардчилсан Монгол Улс гэсэн сэдэв, агуулгад хуваан дэглэсэн 9 танхимтай. Түр үзэсгэлэнгийн нэг танхимтай. Мөн хүүхдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх Музейн боловсролын өрөөг тохижуулан ажиллуулж байна.
Монголын Үндэсний музей нь музейн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж өргөжүүлэх, сан хөмрөг, хадгалалт хамгаалалт, үйлчилгээний орчинг сайжруулах, судалгааны болоод дотоод, гадаадын соёлын өвийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, бүс нутагт өөрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Монголын түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, цуглуулах, судлан сурталчлах, Монгол орны нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, үзэгчид, залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, өв соёл, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхийн ард түмнүүдэд эх орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах олон талт зорилго өвөрлөн ажилладаг. Энэ зорилгын хүрээнд сүүлийн жилүүдэд тус музейн албадууд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Ажилтнуудын 50 хувь нь магистр зэрэгтэй, 90 гаруй хувь нь 4-өөс дээш жил ажилласан туршлагатай.
Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс: Тус алба нь музейн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бодлогоор хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, үйлчилгээг хэвийн ханган явуулах, сан хөмрөгийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд музейн үйл ажиллагааг олон улсын түвшинд явуулах, боловсон хүчин, ажилтнуудын мэргэжил чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн хангамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар олон арван ажил, сургалт, судалгаа хийж байна.
Эрдэм шинжилгээний төв: Археологи-антропологийн сектор, Түүх-угсаатны зүйн секторын мэргэшсэн 9 эрдэм шинжилгээний ажилтантай. Тус албаны эрдэм шинжилгээний ажилтнуудын бүрэлдэхүүнд 2 доктор, 3 докторант, 4 магистр, ажиллаж байна.
Үндэсний болон олон улсын хамтарсан археологийн хээрийн шинжилгээний ангийг жил бүр ажиллуулж, малтлага судалгаа хийдэг нь музейн цуглуулгыг баяжуулахад чухал үүргийг гүйцэтгэж байна. Эдүгээ тус музей нь Америк, Солонгос, Герман, БНХАУ-ын их сургууль, музей зэрэг судалгааны байгууллагуудтай хамтарсан археологийн судалгааны 5 төсөл хэрэгжүүлж буйгаас гадна өөрийн хүч бололцоондоо тулгуурлан үндэсний судалгааны багуудыг ажиллуулж, монголын эртний түүхийн судалгаанд зохих хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Эрдэм шинжилгээний үр дүнд нэгэн сэдэвт зохиол болон жил бүр олон арван судалгааны өгүүлэл нийтлүүлжээ. 2008 оноос хойш музейгээс эрхлэн гаргаж байсан “Музей судлал” сэтгүүлийг хоёр салгаж, эрдэм шинжилгээний чиглэлээр “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлийг хэвлүүлж байна.
“Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлд археологи, түүх, угсаатан судлал, соёл урлаг судлалын олон тооны судалгааны үр дүнг нийтэлж, уншигчдад хүргэж байна. Түүнээс гадна музейн үзмэр судалгааны ажлыг эрчимжүүлэх тал дээр анхааран үзмэрийн эрдэм шинжилгээний тодорхойлолт бичихийн сацуу судалгааны чиглэл, түүхэн үед холбогдох төрөлжсөн үзмэрээр судалгааны өгүүлэл, каталог ном зохиол нийтлүүлж олон түмний хүртээл болгохоор чармайн ажиллаж байна. Мөн түүхэн ой, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан томоохон үзэсгэлэн зохион байгуулахаас гадна олон тооны түр үзэсгэлэнгүүд дэглэн гаргаж, үзэсгэлэнгийн каталог номуудыг хэвлэжээ. “Монгол Улс 1911-1921 он”, “Ардчилсан Монгол орон”, “XX зууны Монгол Улс” каталоги, тусгай үзэсгэлэнгүүдийн танилцуулгыг монгол англи хэлээр хэвлүүлж олны хүртээл болголоо.
Тус албаны ажилтнууд улс, орон нутгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран ажиллах, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2013 онд музейн эрдэм шинжилгээний ажилтнуудын анхдугаар уулзалт, сургалтыг зохион байгуулсан юм. Музейн эрдэм шинжилгээний ажилтнуудын уулзалтыг тогтмолжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Музей судлалын мэргэжил-арга зүйн төв: 2008 онд Арга зүйн алба болон байгуулагдсан бөгөөд 2014 оноос Музей судлалын мэргэжил арга зүйн төв болон өргөжиж зохион байгуулагдсан. Музей судлалын мэргэжил арга зүйн төв нь улсын хэмжээний нийт музейн ажилтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжил-арга зүйн сургалт, дадлагын ажил зохион байгуулах, ном гарын авлага, сэтгүүл хэвлэх, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Мэргэжил-арга зүйн удирдлага мэдээллээр хангах музейн үндсэн үйл ажиллагааны арга зүйг бий болгох талаар ном сэтгүүл гарын авлага боловсруулах, музейн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох, хурал, уулзалтыг зохион байгуулж, музейн хөгжлийн бодлого боловсруулахад оролцох, музей судлалыг хөгжүүлэх, музейн түүхийн судалгааг хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
2018 оны байдлаар Мэргэжил-Арга зүйн албанаас доорх ном, товхимол, гарын авлага, зөвлөмж, эмхтгэлүүдийг хэвлэн гаргажээ. Үүнд: “Музейн мэдээлэл” мэргэжил арга зүйн цуврал сэтгүүл /8 дугаар/, “Музейн сан хөмрөгийн хадгалалт” гарын авлага, “Монголын музей” архивын баримтын эмхтгэл ном, “Монголын музейн үүсэл хөгжлөөс” үзэсгэлэнгийн танилцуулга, “Музейн цуглуулгыг хадгалах горим” хэвлэмэл хуудас, Музейн эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалах зөвлөмж, “Музейн үзүүллэг дэглэлтийн зөвлөмж”, “Бөс даавуун эд өлгийн зүйлийг дэглэх арга зүй”, “Музей судлал-XVII”, “Музей судлал-XVIII-I”, “Музейн үзмэрт тулгуурласан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй (ЕБС-ийн жишээн дээр)” зэргийг хэвлэн гаргажээ.
Төвийн болон орон нутгийн музейн ажилтнуудад зориулж “Музей-сургалт, судалгаа, сурталчилгааны төв болох нь” Дундговь аймаг /2009 он/, “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, судалгаа ба тайлбарын тулгамдсан асуудал” /2009 он/, “Музейн сан хөмрөгийн хадгалалтын горим” /2010 он/, “Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох – I” /МҮМ-н шинэ залуу ажилтнуудад 2013 он/, “Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох – II” /Улс, аймгийн музейн тайлбарлагч нарт зориулсан гэрчилгээт сургалт 2013 он/, “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан Үндэсний сургагч бэлтгэх цуврал сургалт /2013 он/, “Музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” Монголын нийт музейн ажилтнуудад зориулсан сургалт /2013 он/-ыг Баянхонгор аймагт зохион байгуулсан байна.
Сан хөмрөгийн алба: Сан хөмрөгийн алба нь албаны дарга, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч гэсэн 9 ажилтантай. Археологи, Угсаатны зүй, Үнэт, Гэрэл зураг, Уран зураг, Партизан, Бэлэг дурсгалын зэрэг 14 сан хөмрөгт монголын соёлын өвийн 60000 орчим үзмэр, эд өлгийн цуглуулгыг хадгалж байна. Сан хөмрөгт буй үзмэр, эд өлгийн зүйлийн улсын болон байгууллагын тооллого хийх, үзмэрийн арчлалт, хадгалалт хамгаалалт, сан хөмрөгийн өрөөний чийгшил, дулааныг хэмжих, тогтмолжуулах болон шинээр ирсэн үзмэрийг бүртгэх, баримтжуулах, хувийн дугаар өгөх, архив үүсгэх зэрэг асуудлыг хариуцан ажилладаг. 2017 онд АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт Бүртгэлийн зураасан кодны систем нэвтрүүлэх төсөлийг Музей судлалын мэргэжил-арга зүйн төвтэй хамтран хэрэгжүүлж байна.
Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн алба: Боловсролын ажилтан, маркетингийн ажилтан, олон нийттэй харилцах ажилтан, хэвлэлийн дезайнер, тайлбарлагч зэрэг музейг олон нийттэй холбох, музейн бүхий л үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үүрэг бүхий ажилтантай.
Музей үзэхээр ирсэн дотоод гадаадын зочид төлөөлөгчид, үзэгч, оюутан сурагчдад музейг англи болон монгол хэлээр тайлбарлан таниулах, музейн үндсэн үйл ажиллагаа, төлөвлөгөөт болон тусгай үзэсгэлэн, зохион байгуулагдаж буй олон нийт, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах, аймаг, орон нутгийн музейн ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Монголын Үндэсний музейн боловсролын ажил нь монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг тал бүрээр түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн, бага насны хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнууд, насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан олон төрлийн хөтөлбөрөөр музейн орчинд танин мэдэхүйн сургалт, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Музейн хөтөч тайлбарт ном”-ыг монгол, англи, орос, солонгос хэлээр нийтлүүлснээс гадна монгол бичигт хөрвүүлэн олон нийтэд хүргэж байгаа бөгөөд мэдээ, арга зүй, танин мэдэхүйн агуулга бүхий “Музейн мэдээлэл” сэтгүүлийн 13 дугаарыг эрхлэн гаргаад байна.
Аюулгүй байдал, үйлчилгээний алба: Албаны дарга, тооцооны нягтлан, нярав, үйлчилгээний зохион байгуулагч, касс, дохиолол хамгаалалтын ажилтан, үзмэр харагч, жолооч, харуул, мужаан, слесирь гэсэн ажилтнуудтай. Монголын Үндэсний музейн байнгын аюулгүй байдал, цэвэр, үзэмжтэй ажиллах нөхцлийг ханган ажилладаг.
Монголын Үндэсний Музейн үйл ажиллагааны гол чиглэл бол өөрсдийн цуглуулгаар болон албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран үзэсгэлэн зохион байгуулж, соёлын өвүүд, тэр дундаа түүх, археологийн дурсгал, угсаатны зүй, биет бус соёлын өв, уламжлалт ёс заншил, судалгааны үр дүнг олон түмэнд таниулан сурталчлах явдал билээ.