“ХАДАН ГЭРИЙН СОЁЛ” үзэсгэлэн

…Хан Тоорил би

Ханат гэрээс салж

Хадат гэрт очвол

Хамаг хураасан улсыг минь

Харж хамгаалж байх хүн

Хаана хэн байх билээ?… хэмээн халаглан өгүүлсэн байдаг нь Дундад эртний нүүдэлчдийн өтгөс дээдсээ тэнгэрт үдэх нэгэн заншилийг тодхон сануулна.

Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна. Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас нэн онцгой, судалгааны чухал ач холбогдолтой байдаг.

Энэ удаа бид Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж, олон түмний хүртээл болгож байна.

Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворууд гарсан бөгөөд судаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байна.

Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан бөгөөд судлаачид олдворын харьцуулалт болон лабораторын судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоогоод байна.

Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэглэгдэнэ.

Үзэсгэлэнг 2017 оны 5 дугаар сарын 3-ны 11 цаг 30 минутад Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээж, 2 сарын турш олон нийтэд үзүүлэхээр төлөвлөөд байна.

Бэлтгэсэн: Ж.Баярсайхан

(Монголын үндэсний музейн БТУХ-ын дарга, доктор)

 

Санжаасүрэнгийн Зориг “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”

Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой 4 дүгээр сарын 20-ны  өдөр тохиосонтой холбогдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г зохион байгуулж, олон нийтэд толилууллаа. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. Тэрбээр “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн алдартай үгээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн эгэл эрхэм билээ.