МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН “УМАРД МОНГОЛ” ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын Үндэсний Музей, Америкийн Питссбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвийн хамтарсан  “Умард Монгол” археологийн судалгааны төсөл нь 2016 оны 7 дугаар  сарын 5-наас 7 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Хөгийн голын сав нутаг, Соёо толгойн дурсгалт газарт ажиллав.

Төслийн Хүрээнд Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Америкийн Монгол судлалын төвийн судлаач, доктор Жулиа Кларк болон  Австралийн Флиндерсийн их сургуулийн геофизикч, доктор Иан Моффат, АНУ-ын Мэйн их сургуулийн гео-археологич, эртний цаг уур судлаач доктор, Дейв Путнам, Австралийн Макюари их сургуулийн эртний ургамал судлаач Шиан Бэстэл, АНУ-н Эмори их сургуулийн угсаатан судлаач доктор Поол Хүүпэр, Питсбургийн их сургуулийн докторант Камилла, Вашингтоны их сургуулийн докторант Стеффани Клабтри зэрэг олон улсын эрдэмтэн судлаач нар нэг баг болж ажиллав.

Соёо толгойн дурсгалт газар археологийн хайгуул, малтлага судалгаа явуулахаас гадна эртний геологи, газар зүй, геофизик, ургамал зүй, угсаатан болон этноархеологийн цогц судалгааг нэг газар төвлөрүүлэн явуулсан нь  энэхүү төслийн давуу тал болно.

Хайгуул судалгааны ажил:                                                                           Соёо толгойгоос Багсагийн булан хүртэлх 9км квадрат талбайд 20 м нарийвчлалтай явган хайгуул судалгааны ажлыг доктор Жулиа Кларкын удирдлагаар хийсэн бөгөөд хайгуулын явцад уг талбайгаас 67 археологийн дурсгал, 166 ширхэг мал амьтны яс тэдгээрийн хугархай хэсэг, 162 ширхэг ваар савны хагархай хэсгүүд, 364 ширхэг чулуун зэвсгийн хаягдал, цахиур чулуунууд, 7 ширхэг төмөрлөгийн үлдэгдэл буюу нийт 699 ширхэг түүвэр олдвор цуглуулжээ.

Эртний геологийн тогтоцын судалгаа:

Доктор Дейв Путнам Соёо толгойн дурсгалт газрын  геологийн эртний хурдас, давхаргуудыг ойлгох үүднээс Хөгийн голын гарам бүхий элст эргээс урагш модны зах хүртэл 50х50 см хэмжээтэй 6 талбайд туршилтын малтлага хийсэн. Үүний үр дүнд дурсгалт газрын хөрсний бүтэц, соёлт давхаргын тогтоц, гүний хэмжээг тодорхойлсон билээ.

Гео-физикийн судалгаа:

Доктор Иан Моффатийн, Ч.Баяндэлгэр нарын баг хөрсийг гэмтээхгүйгээр дурсгалт газрын соёлт давхаргыг бүхэлд нь тодорхойлох зорилгоор нийт 500х90 м талбайд геофизикийн радар /GPR/ ашиглан судалгаа хийв. Судалгааг хийхдээ тэгш хэмд тэг татаж 0.5 м-ийн нарийвчлалтай тэг татаж GPR-ийн судалгааг явуулав. Судалгааны урьдчилсан үр дүнд дараа жилийн судалгааны  талбайг тодорхойлох, мөн эртний хүмүүсийн ул мөрөөр үлдсэн соёлт давхарга бүхий хэсгүүдийг  тодорхойлох боломжтой болох юм.  Мөн өндөр нарийвчлал бүхий газар зүйн байршил тогтоогч багажаар Соёо толгойд хийсэн малтлагын талбайг сантиметрийн нарийвчлалтай тодорхойлж, дурсгалт газрын дэвсгэр зурагт буулгах,  агаараас авсан гэрэл зургаар дурсгалт газрын гурван хэмжээст дэвсгэр зургийг гаргажээ.

Ургамал зүйн судалгаа

Доктор Шиан Бэстэл (Shehan Bestel)  дурсгалт газрын орчимд ургадаг ихэнх ургамлыг ажиглаж, Соёо толгой орчмын өнөөгийн монголчууд тэдгээрийн хэрхэн амьдрал ахуйдаа ашигладаг талаар зарим мэдээлэл цуглуулсан. Соёо толгойн дурсгалт газраас макро болон микро ботаникийн үлдцүүд цуглуулсан бөгөөд уг цуглуулгын нарийвчлан судалж, дурсгалт газрын орон нутгийн байгал цаг уурын өөрчлөлт, ургамлын аймгийн түүхэн өөрчлөлтийг гаргаж ирэх зорилгоор ургамал зүйн судалгааг явуулсан байна.

Малтлага судалгаа

Соёо толгойн неолитийн бууц суурины орчим гурван газарт 2х2 м хэмжээтэй туршилтын малтлага хийв. Бид урьд жилийн судалгаа болон энэ жилийн судалгаанд үндэслэн энэхүү дурсгалт газар нь шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн нэг соёлт давхаргатай болохыг олж мэдсэн юм. 2003 оны судалгаагаар илрүүлсэн мод, ваар болон хөрсний дээжид хийсэн он цаг тогтоох радио-карбоны шинжилгээгээр 6090+/-70 ВР3., 5440+/-130 ВР жилийн өмнө холбогдох нь тогтоогдсон [The Hovsgol Deer Stone Project 2003 Field Report. Washington., May 2004. page 10]  билээ. Энэ жилийн малтлагаар илрүүлсэн олдворууд нь бүхэлдээ монгол орны бусад неолитын дурсгалт газруудаас олддог чулуун зэвсгүүдтэй ижил төстэй байна. Өмнөх жилүүдэд малтсан малтлагын дугаарыг үргэлжлүүлэн №6,7,8 хэмээн дугаарлан малтав.

Туршилтын малтлага №6 (Unit 6):Энэхүү малтлага нь Соёо толгойн баруун хэсэг болон 50х50 см хэмжээтэй геологийн туршилтын малтлагын үргэлжлэлийг тодорхойлох зорилгоор хийгдсэн болно.  Өөрөөр хэлбэл эртний соёлын үлдэц болон геологийн үйл явцыг нэгэн зэрэг ойлгоход тус дэм болсон билээ. Өнгөн хөрснөөс доош 125 см гүн хүртэл соёлын ул мөр үргэлжилсэн болон түүнээс цааш цэвдгийн төвшин хүртэл 165 см гүн хүртэл малтсан. Энэхүү туршилтын малтлагаас амьтны ясны хугархай хэсгүүд 376 ш, ваар савны хагархай 6 ширхэг,  чулуун зэвсгийн хаягдал цахиур 1ш гарсан.

Туршилтын малтлага №7 (Unit 7):Энэхүү малтлага нь дурсгалт газрын зүүн хойд хэсгийн талаар мэдээлэл цуглуулах зорилготой хийгдсэн. Малтлагын талбай нь голын эргийн дагуу нурж, борооны усаар угаагдсаны улмаас гадаргуун дээр ил харагдаж байсан бүлэг чулуун зэвсгийн хаягдал цахиур бүхий гадрын ойролцоо байсан бөгөөд өнгөн хөрснөөс доош 115 см гүн хүртэл соёлын ул мөр (олдвор) үргэлжилж байсан бол түүнээс доош 150 см гүн хүртэл малтахад ямар нэгэн олдвор гарсангүй. Уг малтлагаас нийт  мал, амьтны ясны хугархай хэсэг 25 ш, чулуун зэвсгийн хаягдал цахиур 22 ширхэг тус тус илрүүлэн олсон болно.

Туршилтын малтлага №8 (Unit 8):  Энэхүү малтлага нь галын ор бүхий бөөн чулууд болон ваар савны хагархай, чулуун зэвсгийн хаягдал  зэрэг олноор байсан хэсэг газрын ойролцоо хийгдсэн. Мөн 2015 онд шинэ чулууны үед хамаарах олон тооны ваар савны хагархай илрүүлэн олсон туршилтын малтлага №5-ын ойролцоо байв. Энэ малтлагын талбайг өнгөн хөрснөөс доош  80 см гүн хүртэл малтсан бөгөөд 50 см гүнээс хамгийн сүүлийн олдвор гарсан. Малтлагаас нийт ваар савны хагархай 3 ш, мал амьтны ясны хугархай хэсэг 9 ширхэг гарав.

МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН “УВС НУУРЫН САВ ДАХЬ НЭН ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АХУЙ ОРЧИН” ТӨСЛИЙН 2016 ОНЫ СУДАЛГАА

Уг судалгааны төслийг 2015 оноос эхлэн АНУ-ын Питсбургийн их сургуулийн Харьцуулсан археологийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд хоёр дахь жилдээ 2016 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 12-н хүртэлх хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Баян нуурын сав үргэлжлүүлэн ажиллав.

Энэ оны судалгаанд Монголын талаас МҮМ-н Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, археологич Т.Түвшинжаргал, АНУ-ын талаас Питсбургийн их сургуулийн Харьцуулсан археологийн судалгааны төвийн захирал, доктор Лукас Бартон, Невадагийн их сургуулийн Антропологийн тэнхимийн доктор Кристофер Морган нар хамтран ажиллаа.

Монголын умард бүс нутаг дахь Увс нуурын сав газрын эртний анчид түүвэрлэгчдийн ахуй амьдралын хувьсал, тэдгээрийн мал аж ахуйд шилжсэн үйл явцын талаарх ойлголт нь тун чухал асуудал юм. Харамсалтай нь энэ бүс нутгийн анчин түүвэрлэгчдийн тухай археологийн судалгааны ажил хомс байдаг. Энэ нь нэг талаар судлаачид төдийлөн анхаарал хандуулаагүйгээс гадна нөгөө талаар соёлт давхарга бүхий дурсгалт газар нэн ховор байдагтай холбоотой. Баян нуурын сав газар бол дэлхийн хамгийн хойд бүсэд буй элсэн манхан бөгөөд олон жижиг булаг горхиор тэжээгддэг цэнгэг уст нуур юм.

Өнгөрсөн 40 гаруй мянган жилийн туршид Баян нуурын усны төвшин олон удаа нэмэгдэж, хасагдаж байсан бөгөөд нуурын төвшний энэхүү өөрчлөлт бүрт нуурын эрэг дагуу үржил шимтэй хөрс, ургамлын аймаг бүрэлдэж байсан нь өнөөг хүртэл янз бүрийн төвшинд хадгалагдан үлджээ. Түүнчлэн усны эх үүсвэр бүхий нуурын эрэг орчимд хүмүүс байнга амьдарч эхэлсэн цагаас тэдгээр хүмүүсийн үлдээсэн ямар нэгэн ул мөр энэхүү хөрсөнд хадгалагджээ. Тиймээс хүний үйл ажиллагаатай холбоотой он цаг тогтоох боломж бүхий соёлт давхарга бүхий газрууд энд тэндгүй бий. 2015 онд бид хоёр соёлт давхарга бүхий дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн юм. BN001 дугаартай малтлагаас гарсан олдвороос он цаг тогтоох судалгаанд эртний хөрс, модны нүүрс болон хүлрийн дээжийг ашигласан бөгөөд хүлрийн тогтоц болон эртний хөрсний бүтцийн судалгаа нь одоогоос 4160-6880 жилийн хоорондох нуурын усны төвшин, хаялга зэргийг тодорхой харуулж буй юм. Нуурын хаялгын энэхүү ул мөр нь хэдийгээр салхиар нүүж тогтсон элсэн манхнаар хуваагдсан ч эртний хэлбэрээ тодорхой хэмжээгээр хадгалсан байна. Эндээс Шинэ чулууны үеийн иржгэр хээтэй ваарны хагархай болон чулуун зэвсгийн зүйлс тэдгээрийн дотор хоёр талаас нь засаж үйлдсэн сумны зэв гарсан соёлт давхарга нь одоогоос 4330-3920 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон.

 BN003 дугаартай малтлагаас гал түлж байсан ор, тулгын чулууд, сүүн тэжээлт амьтны яснууд (буга, хандгай, адуу), ялтсан ирний үлдэц, бэлдэц болон ялтсан ир, залтас зэрэг гарсан. Эдгээр хоёр бүлэг олдворууд нь он цаг тогтоох боломжтой байснаараа хөрсөн дээр ил байрлах олдворуудаас ялгаатай юм. BN001 болон BN003 зэрэг эртний соёлт давхарга бүхий дурсгалаас он цаг тогтоож чадсан явдал нь Увс нуурын сав газрын археологийн дурсгалт газруудыг тайлбарлах, таньж мэдэх боломжийг олгож байна. Хэдий тийм боловч Шинэ чулууны үе болон Түрүү хүрлийн үеийн шилжилтийн цаг хугацааг оролцуулаад эрт болон дундад Голоцены үеийн (НТӨ 9500-3000 жил) олдворын цуглуулгад он цаг тогтоох, соёлын болон технологийн өөрчлөлтийн талаар цэгцтэй дараалал гаргах, бэлчээрийн мал аж ахуйн үүсэл болон малыг гаршуулах үйл явцыг ойлгох боломж хомс хэвээр байна.

2016 оны судалгааны ажил урьдын адил Баяннуурын эргэн тойрон дахь эртний хүмүүсийн ул мөрийн талаарх мэдээллийг баяжуулж, ил хадгалагдсан эртний соёлт хөрсийг илрүүлэн байршил болон өндрийн төвшинг, нуурын өнөөгийн усны мандлын төвшинтэй харьцуулан хэмжих ажлыг хийв. Түүнчлэн 2015 онд хайгуул судалгаа хийгдээгүй Цагаан голын савд хайгуул судалгааг үргэлжлүүлж, нуурын цутгалан жижиг голуудыг эртний хүмүүс хэрхэн ашиглаж байсныг судалгааны үр дүнд тодорхойлохыг хичээж байна.

Хайгуул судалгааны дүн: Нийт цуглуулсан олдвор 1668 ш. Үүнд: Чулуун зэвсгийн зүйлс 739 ш, ваар савны хагархай 628 ш, мал, амьтны ясны хэлтэрхий 179 ш, төмөрлөг эд зүйлс 28 ш, бусад (сувс, цацагт хяруулын өндөгний хальсны хагархай, гэх мэт) 94 ш зэрэг багтана.

Баян нуурын сав нь эртний түүхийн олдвороор маш баялаг. Баяннуурын баруун хойд хэсэг болон Өгөөмөр уулын хооронд эртний булш оршуулга олноор байрлах бөгөөд эртний хүмүүс өөд бологсдоо үдэх зан үйлийн нэгэн том төвлөрсөн газар байсан илэрхий байна.

Түүврээр цуглуулсан асар олон тооны олдвороос барагцаалан үзвэл Монгол нутгаас маш цөөн тоогоор олдоод буй Шинэ чулууны болон Түрүү Хүрлийн үеийн булш оршуулга байх магадлал өндөртэй. Тиймээс цаашид эдгээр дурсгалаас дээжлэн малтаж, Баян нуурын сав дахь нэн эртний өөр өөр цаг үеийн хүмүүсийн ДНК, хоол хүнсний эх үүсвэр, оршуулгын соёл, газар ашиглалт зэрэг нуурын өмнөх суурин газрын үлдээгчдийн талаарх мэдээллийг цуглуулж, нарийвчлан судалснаар бүс нутгийн хүрээнд энэхүү дурсгалт газрын ач холбогдол, түүхэн үнэ цэнийг тодорхойлох боломж бүрдэнэ. Тэрчлэн, Баяннуурын сав нь дэлхийн хамгийн хойд бүс нутаг дахь  цөлөрхөг элсэн манхантай  газар нутгийн эртний анчид, түүвэрлэгчдийн ул мөрийг (соёлт давхарга) хөрсөндөө маш сайн хадгалсан газар болох нь судалгааны урьдчилсан үр дүнгээс харагдаж байна. Бид дараа дараагийн судалгааны ажлаар дээрх асуудлуудыг тодруулахыг хичээх бөгөөд 2017 онд илүү өргөн хүрээнд малтлага хийхээр төлөвлөж байна.

 

МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН “БАРУУН МОНГОЛ” АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

  Монголын Үндэсний музей болон АНУ-ын Баруун Кентаки их сургуулийн  хамтарсан “Баруун Монгол” судалгааны төсөл 2014 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, 2015 онд Увс аймгийн Зүүнхангай суманд археологийн хээрийн судалгааны ажил хийж гүйцэтгэв. Хээрийн судалгааны төслийг Монголын талаас археологич, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас археологич, доктор Жеан Лук Хоул нар ахлан ажилладаг бол, 2014 археологич Г.Бүрэнтөгс, 2015 археологич Т.Түвшинжаргал нар монголын талын туслах судаачдаар хамтран ажиллажээ.

2014 онд Цэнгэл сумын Цагаан асга орчимд 54 км2 талбайд 20 метрийн нарийвчлалтай явган хайгуул судалгаа хийж булш оршуулга, тахилгын байгууламж, хадны зураг зэргийг болон чулуун зэвсэг, ваар савны хагархай зэрэг нийт 873 ширхэг археологийн дурсгалыг бүртгэж, түүвэрлэжээ. Түүнчлэн голдоо хөшөөтэй чулуун хашлага бүхий дурсгал, мөн зориулалт тодорхойгүй чулуун байгууламж зэрэг 2 дпусраглыг малтан судалсан байна.

Зүүнхангай сумын төв орчимд 55 км хавтгай дөрвөлжин талбайд археологийн хайгуул хийсний дүнд нийт 490 археологийн дурсгал бүртгэн баримтжуулж, 354 ширхэг ваар савны хагархай, чулуун зэвсгийн зүйлс түүврээр олж цуглуулжээ. Түүнчлэн 2 газар эртний бууц суурины туршилтын малталт хийж ваар савны хагархай,  мал амьтны яс илрүүлэн олжээ. Үүнээс гадна сумын төвийн баруун урд “Замын өтөгийн хөтөл” хэмээх газарт гурван бүлэг нийт 92 ш хүннүгийн жирийн иргэдийн булш шинээр илрүүлэн бүртгэж, эдгээрээс хоёр булшийг малтан судлав. Мөн Саваа хар толгойд Хүрлийн үед холбогдох дугуй хэлбэрийн тэгш чулуун дараастай нэг булш, хоёр хиригсүүрийн хажууд нийт 8 ш тахилгын байгууламж тус тус малтаж, нарийвчлан судалж байна.

 

АЙРАГИЙН ГОЗГОРЫН ХҮННҮ, СЯНЬБИЙН ҮЕИЙН ДУРСГАЛЫН СУДАЛГАА

Тус музейгээс хэрэгжүүлдэг археологийн судалгааны нэг бол “Айрагийн гозгор” хэмээх үндэсний төсөл юм. 2014 оноос Монголын Үндэсний Музейн судлаачид Орхон аймгийн Жаргалант /хуучнаар Улаан толгойн САА/ сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газарт археологийн судалгаа явуулж байна. Монголын Үндэсний Музейн ЭШТ-ийн дарга, доктор Ц.Одбаатар ахлагчтай судлаачид ажилладаг. Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол, соёлын газар, Орхон аймгийн музейн хамт олон уг төслийг дэмжиж, хамтран ажилласаар иржээ.

Тус судалгааны анги Айрагийн гозгорт нарийвчилсан хайгуул хийх явцад нийт 97 булш бүртгэсэн байна. Айрагийн гозгорт 2014-2016 онд нийтдээ 10 булшийг малтан судалсаны үндсэн дээр булшны он цагийг оршуулгын байгууламж, зан үйл, с14-ийн судалгаа болон илэрч буй олдвор хэрэглэгдэхүүнд үндэслэн Хүннүгээс Сяньби рүү шилжих шилжилтийн үе буюу НТ I-II зуунд хамааруулан үзэж байна. Айрагийн гозгор дахь цагираг хэлбэрийн чулуун дараастай жижгэвтэр булшинд хүннүгийн оршуулгатай төстэй шинж давамгайлдаг бол дөрвөлжин чулуун өрлөгтэй, үүдэвч бүхий хөмөгт булш нь Хүннүгийн язгууртны булшуудаас ялгаатай байна. Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд булшнаас илэрсэн олон тооны олдвор хэрэглэгдэхүүнээр Монголын Үндэсний Музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг тус тус баяжуулжээ. Мөн 2015-2016 онд Орхон аймагт “Айрагийн гозгорын дурсгалууд I, II” хэмээх үзэсгэлэнг зохион байгуулж, нутгийн иргэдэд сурталчилжээ.

Уг төсөлд АНУ-ын Калифорн мужийн Их сургуулийн профессор Кристине Лее, Японы Нара Их сургуулийн сэргээн засварлагчид ажиллаж, палеоантропологи болон олдворын сэргээн засварлалтын ажилд тусалж, хамтран ажиллаж байна.

  • Зураг 1. Айрагийн гозгорын оршуулгын газар