Category Archives: Үндсэн цэс

Сан хөмрөг

/ September 12, 2018/ Сан хөмрөг

Сан хөмрөгт хэрэгжүүлсэн төсөл 2015 оны 3 сард Япон Улсын Хамтын Ажиллагааны агентлаг ЖАЙКА ба Монгол Улсын Засгийн газар хооронд хэрэгжих Япон Улсын Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейд үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан. Үүнд: Эд өлгийн зүйлд байх хортон шавжийг устгах автомат азотын генератор, чийг бууруулагч, агаар цэвэрлэж чийгшүүлэгч, шат, үзмэр зөөх тэрэг, дижитал аппарат, гүн хөлдөөгч хөргөгч, лед гэрлүүд, үзмэрийг вакумжуулах төхөөрөмж багтана. Дээрх тоног төхөөрөмжийг сан хөмрөгүүдэд байршуулан өрөөний чийгийг соруулах, агаарыг цэвэршүүлэх, үзмэрийг вакумжуулах, генераторт хийн ариутгах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Энэхүү үйл ажиллагаа тогтмолжоод байгаа бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн музейнхэн хүрэлцэн ирж сонирхон  туршлага судлаж байна. Азотын генератор Гүн хөлдөөгч хөргөгч

/ September 12, 2018/ Сан хөмрөг

Музейн сан хөмрөг гэдэг нь цуглуулгыг албан ёсоор бүртгэн,баримтжуулж, хянаж, урт удаан хугацаанд муутгахгүй хадгалж хамгаалахад чиглэгддэг музейн зүрх болсон үндсэн үйл ажиллагааны нэгж хэсэг юм. Сан хөмрөгийн алба: Албаны дарга, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч гэсэн 9 ажилтантай. Археологи Угсаатны зүй Туг, дуу авиа Гэрэл зураг Уран зураг Партизан Бэлэг дурсгалын зэрэг 14 сан хөмрөгтэй.

Монгол-Казахстаны хамтарсан экспидецийн археологийн хээрийн судалгаа

/ May 22, 2018/ 2017 он, Эрдэм, шинжилгээ

Ж.Баярсайхан , Ц.Одбаатар , Ч.Баяндэлгэр , Т.Түвшинжаргал , М.Барс Монгол Казакстаны хамтарсан археологийн хээрийн судалгааны анги 2017 оны 8-р сарын 14-25-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Түрэгийн үеийн дурсгалын судалгаа хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажил тандалт судалгаа болон гүймэг хайгуул судалгаа гэсэн 2 үндсэн шаттай хийгдэв. Түүнчлэн зарим сумдын нутгаар Түрэгийн үед хамаарах дурсгалуудыг бүртгэж, баримтжуулах ажлыг гүйцэтгэв. Цаг хугацааны нөхцөл байдлаас шалтгаалан Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Батширээт, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг 7 сумын нутагт гүймэг хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. ГҮН БҮРДИЙН ДУРСГАЛ Гүн бүрдийн дурсгалт газар Гүн бүрдийн агаарын зураг Гүнбүрдийн дурсгалт газар анх 1992-1993 Монгол-Японы хамтарсан “Гурван гол” шинжилгээний ангийн тайланд тусгагдсан . 1999, 2006 онд хэвлэгдсэн “Монгол улсын нутаг дахь түүх соёлын дурсгал” лавлах номонд дурдагдсан . 2010 онд хэвлэгдсэн Монгол нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгал 1-р дэвтэр Хэнтий аймаг сэдэвчилсэн лавлах номонд хэвлэгдсэн . 2011 онд МҮМ-н “Дэлгэрхаан” төслийн баг дурсгалт газрын хүн чулуун хөшөөд болон тахилгын хавтан чулуудыг хэмжиж, гар зураг, бүрэн тодорхойлолт хийж, тайландаа хэвлүүлжээ . Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх сумдын зааг нутаг Гүн бүрд хэмээх жижиг цөөрмийн захаас зүүн тйиш 350 м зайд, N46˚58,279’ E109˚28,912’ цэгийн огтлолцол дээр байрлах, эртний Түрэгийн үед хамаарах намхан шороон далан, гурван ширхэг тахилгын хавтан чулуу, толгой, гар нь хугарсан 2 ширхэг хүн чулуу буйг нутгийхан “Чингисийн гүүн зэл” хэмээн домоглон нэрлэдэг. Эдгээр дурсгалууд нь анхны байрлалаас хөдөлж, эмх замбараагүй болсон бөгөөд 24-30х26-32 м орчим хэмжээтэй дөрвөлжин бололтой шороон далантай. Гүн бүрдийн дурсгалт газрын 3D зураг Гүн бүрдийн өндөршлийн зураг Гүн бүрдийн ургамалжилтын зураг Гүн бүрдийн дурсгалт хаяалбар зураг Хоёр хүн чулууны нэг нь хавтан чулуудын хамт шороон далангийн дотор байгаа бол нөгөөх нь хойд зүгт нэлээд хол зайд дэрсэн дотор байна. Гурван хавтан чулууны хувьд хоёр нь адил хийц, хээ чимэгтэй, үлдсэн нэг нь огт өөр товойлгон сийлсэн хээ чимэгтэй, хийсэн чулуу нь ч өөр байна. Гүнбүрдийн 1-р хүн чулуу: Саарал боржин чулуугаар хийсэн, 81х61х30 см зузаан. Уг хүн чулууны ерөнхий төрх нь завилан суугаа байдалтай бөгөөд баруун гартаа савал барьж энгэртээ нааж, зүүн гараа зүүн өвдгөн дээрээ тавьсан байх ажээ. Дээлийн зах, энгэр, бүс зэрэг тодорхой мэдэгдэх агаад баруун ташаан дээр нь хагас дугуй

Дэлгэрэнгүй

1.Гэр тэрэгний цөн

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

  Гэр тэрэгний цөн: МУ-н Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XIII-XIV зуун Хэмжээ: диаметр 35 см, жин 20 кг. Тоо ширхэг: 1 Материал: ширэм Шинж байдал: Ширмээр цутгасан 6 тал бүхий гэр тэрэгний цөн. Цөн хэмээх нь Монгол орноос олдсон хамгийн том цул цөн. Цөн хэмээх нь тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөгийг хэлнэ. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж байдаг.  

2.Ялтсан гутал

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

  Ялтсан гутал: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан тул гэрчилгээ олгов. Холбогдох он цаг: XY-XYI зуун Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг Тоо ширхэг: хос /2 ширхэг/ Материал: Төмөр, савхи, ялтас Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай. Товч түүх: Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.  

3.Лянганы багаж

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Лянганы багаж: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XIX зууны сүүлч XX зууны эхэн Тоо ширхэг: 1 иж /15 ширхэг/ Материал: ган Шинж байдал: Ган сийлбэрийн аргаар бүтээсэн. Шашны зан үйл ялангуяа цам бүжгийн үед ихэд ашигладаг байжээ. Хонх, очир, сэрээ, жад, алх, балт, дэгээ, пүрэв, цавчуур, сүх, цалам зэргээс бүрдэнэ.  

4.Ширмэл ширдэг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Ширмэл ширдэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: Хүннүгийн үе МЭӨ III-МЭ I зуун Хэмжээ: 265х60 см Тоо ширхэг: 1 Материал: эсгий, торго, ноосон утас Шинж байдал: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны 6-р булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн. Тодорхойлолт: Энэхүү ширдэгийн эх бие нь эсгийгээр хийгдсэн. Эсгийг улаан торгоор бүрж, ногоон, улбар шар хээтэй хар хүрэн торгоор эмжсэн. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24-28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар төвийлгөн шигүү ширсэн. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар төвийлгөж ширсэн. Товч түүх: Энэхүү ширдэг Хүннүгийн 6-р булшны дотоод гадаад хашлагын хоорондох нэг гудамны шалыг бүхэлд нь бүтээж байсан бололтой. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байна.  

5.Алтан домбо

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан домбо: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 12.5 см, суурийн голч 3.5 см, жин 66.9 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Цүлхэгэр бөөртэй өндөр нарийн хүзүүтэй, хавчиг амсартай. Цувимал алтыг гогцооруулан бариул хийжээ. Савны амсарт бөөрөнхий алтан тээг хийсэн байна. Уг савны бөөр болон хошууны доод хэсэг цөмөрч дотогш хонхойсон.    

6.Цөгцөн суурьтай алтан аяга

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Цөгцөн суурьтай алтан аяга: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 3.5 см, голч 3 см, жин 23.1 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Дэрэвгэр амсартай, хотгор бөөртэй, цөгцөн ёроолтой алтан аяга.  

7.Сэнжтэй алтан аяга

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Сэнжтэй алтан аяга: /цүлхэгэр бөөртэй/ Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 3 см, голч 2.3 см, жин 16.4 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Цүлхэн бөөртэй, бүдүүн хүзүүтэй, дэрэвгэр амсартай. Амсраас доош цагирган хэлбэрт бариулыг босоо байдлаар гагнажээ.