Монгол-Казахстаны хамтарсан экспидецийн археологийн хээрийн судалгаа

/ May 22, 2018/ 2017 он, Эрдэм, шинжилгээ

Ж.Баярсайхан , Ц.Одбаатар , Ч.Баяндэлгэр , Т.Түвшинжаргал , М.Барс

Монгол Казакстаны хамтарсан археологийн хээрийн судалгааны анги 2017 оны 8-р сарын 14-25-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Түрэгийн үеийн дурсгалын судалгаа хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажил тандалт судалгаа болон гүймэг хайгуул судалгаа гэсэн 2 үндсэн шаттай хийгдэв. Түүнчлэн зарим сумдын нутгаар Түрэгийн үед хамаарах дурсгалуудыг бүртгэж, баримтжуулах ажлыг гүйцэтгэв. Цаг хугацааны нөхцөл байдлаас шалтгаалан Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Батширээт, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг 7 сумын нутагт гүймэг хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

ГҮН БҮРДИЙН ДУРСГАЛ

Гүн бүрдийн дурсгалт газар
Гүн бүрдийн агаарын зураг

 

Гүнбүрдийн дурсгалт газар анх 1992-1993 Монгол-Японы хамтарсан “Гурван гол” шинжилгээний ангийн тайланд тусгагдсан . 1999, 2006 онд хэвлэгдсэн “Монгол улсын нутаг дахь түүх соёлын дурсгал” лавлах номонд дурдагдсан . 2010 онд хэвлэгдсэн Монгол нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгал 1-р дэвтэр Хэнтий аймаг сэдэвчилсэн лавлах номонд хэвлэгдсэн . 2011 онд МҮМ-н “Дэлгэрхаан” төслийн баг дурсгалт газрын хүн чулуун хөшөөд болон тахилгын хавтан чулуудыг хэмжиж, гар зураг, бүрэн тодорхойлолт хийж, тайландаа хэвлүүлжээ . Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх сумдын зааг нутаг Гүн бүрд хэмээх жижиг цөөрмийн захаас зүүн тйиш 350 м зайд, N46˚58,279’ E109˚28,912’ цэгийн огтлолцол дээр байрлах, эртний Түрэгийн үед хамаарах намхан шороон далан, гурван ширхэг тахилгын хавтан чулуу, толгой, гар нь хугарсан 2 ширхэг хүн чулуу буйг нутгийхан “Чингисийн гүүн зэл” хэмээн домоглон нэрлэдэг. Эдгээр дурсгалууд нь анхны байрлалаас хөдөлж, эмх замбараагүй болсон бөгөөд 24-30х26-32 м орчим хэмжээтэй дөрвөлжин бололтой шороон далантай.

Гүн бүрдийн дурсгалт газрын 3D зураг
Гүн бүрдийн өндөршлийн зураг
Гүн бүрдийн ургамалжилтын зураг
Гүн бүрдийн дурсгалт хаяалбар зураг

Хоёр хүн чулууны нэг нь хавтан чулуудын хамт шороон далангийн дотор байгаа бол нөгөөх нь хойд зүгт нэлээд хол зайд дэрсэн дотор байна. Гурван хавтан чулууны хувьд хоёр нь адил хийц, хээ чимэгтэй, үлдсэн нэг нь огт өөр товойлгон сийлсэн хээ чимэгтэй, хийсэн чулуу нь ч өөр байна.

Гүнбүрдийн 1-р хүн чулуу:

Саарал боржин чулуугаар хийсэн, 81х61х30 см зузаан. Уг хүн чулууны ерөнхий төрх нь завилан суугаа байдалтай бөгөөд баруун гартаа савал барьж энгэртээ нааж, зүүн гараа зүүн өвдгөн дээрээ тавьсан байх ажээ. Дээлийн зах, энгэр, бүс зэрэг тодорхой мэдэгдэх агаад баруун ташаан дээр нь хагас дугуй хэлбэртэй хавтага сийлжээ. Бүсний өргөн 3,5 см, тэгш өнцөгт хэлбэрийн аралтай, хээ товруутай боловч нарийн тодорхойлох боломжгүй болжээ. Түүнчлэн он цагийн уртад толгойгүй болсон төдийгүй баруун болоод зүүн гар дундуураа хугарч үгүй болжээ.

Гүнбүрдийн 2-р хүн чулуу:

Саарал боржин чулуугаар хийсэн. 80х60х43 см зузаан. Уг хүн чулууны ерөнхий төрх нь завилан суугаа байдалтай бөгөөд баруун гартаа хундага барьж энгэртээ наасан байх ажээ. Дээлийн зах, энгэр, бүс зэрэг маш бүдэг мэдэгдэх учир нарийн тодорхойлох боломжгүй. Мөн он цагийн уртад толгойгүй болсон төдийгүй баруун гар дундуураа хугарч зүүн гар бараг огт үгүй болжээ.

Тахилгын хавтан чулуу № 1:

210х146х14 см зузаан тэгш өнцөгт хэлбэртэй. Хавтан чулууны нэг талд дөрвөн дэлбээтэй цэцэгнээс гадагшаа ижил давтамжтай дэлбээлэн 8 дэлбээ үүсгэсэн хос цэцгэн хээг угалзруулан уран гоёмсог орон зайд таацуулан хонхойлгон сийлж, тэдгээр цэцгэн хээний завсар хооронд болон булангийн зайд эвэр угалз, үүлэн хээ сийлжээ. Мөн дээд ирмэгийг дагуулан нэг шулуун гурви татаж түүнээс доош 12 см зайд хоорондоо 3 см зайтай зэрэгцээ хоёр шулуун гурви татжээ. Эдгээр зэрэгцээ хоёр гурви болон дээд ирмэг дагуух шулуун гурвийн завсар хооронд угалзарсан үүлэн хээ долоог дүрсэлсний зүүн талын нэг үүлэн хээний ихэнх хэсэг хагарч гэмтэсний улмаас үгүй болжээ. Түүнчлэн зүүн талын цэцгэн хээний зүүн дээд хэсэг болон зүүн булангийн хээ хагарч үгүй болжээ. Хавтан чулуунаа сийлсэн уран гоёмсог хээнүүдийн доод талд хагас дутуу болхидуухан тахиралдуулан дүрсэлсэн зэрэгцээ хоёр гурви байгаа нь мэдэгдэнэ. Уг хавтан чулууны зүүн дээд булан эрт үед хагарч үгүй болжээ.

Тахилгын хавтан чулуу №2: 

190х146х22 см зузаан тэгш өнцөгт хэлбэртэй. Уг хавтан чулуу 1-р хавтан чулууны урд хүн чулууны зүүхэнтээ газарт налж унаад хагас булагдсан байхад нь бид ил гарган босгож тодорхойлолт, гар зураг үйлдсэн юм. Энэхүү хавтан чулуунд дүрслэгдсэн хээ дээрх хавтан чулуутай адил бөгөөд зүүн доод булангаас бага зэрэг хагарч он цагийн уртад хээнүүдийн доод зарим хэсэг бүдгэрч харахуйяа бэрх болжээ. Тахилгын хавтан чулуу №3. 210х150х21 см зузаан, тэгш өнцөгт хэлбэртэй. Энэ хавтан чулуу дээрх хоёр хавтан чулууны зүүн талд газрын гадарга дээр ил хэвтэж байв. Хавтан дээр сийлсэн хээний үндсэн зохиомж нь өмнө тодорхойлсон хоёр хавтан дээрх хээтэй ижил боловч гагцхүү хээнүүдийг товойлгон гаргаж дүрсэлснээрээ нөгөө хоёр хавтангаасаа ялгаатай төдийгүй ихээхэн хөдөлмөр зарж үйлдсэн нь тодорхой харагдана. Хавтан чулууны ирмэгүүд энд тэндээсээ бага зэрэг эмтэрч хагарснаас гадна хавтангийн дунд хэсгээр хагас ташуу цуурч, цав гарсан зэрэг гэмтэлтэй.

ХАЯА ХУДГИЙН ДУРСГАЛ

Хаяа худагийн агаарын зураг
Хаяа худагийн өндөршилийн зураг
Хаяа худагийн ургамалжилт
Хаяа худагийн дурсгалт газрын 3D зураг
Хаяа худагийн хаяалбар зураг

Энэхүү дурсгал нь 26 х 28 м хэмжээтэй дугуй шороон далантай бөгөөд далангийн төвд буй хонхорхой хэсэгт нэг томоохон хавтан чулууны ирмэг газраас цухуйж байна. Хавтан чулууны ил харагдаж буй хэсэгт шулуун гурви сийлсэн нь илт харагдана. Энэ бүгдээс харахад эртний Түрэгүүдийн үлдээсэн дурсгал болох нь тодорхой ажээ. Хаяа худагийн дурсгал N46˚58,517’ E109˚23,527’ цэгийн огтлолцол дээр далайн төвшнөөс дээш 1145 метрийн өндөрт оршино.

 

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Монгол-Казахстаны хамтарсан археологийн хээрийн судалгааны анги Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хаяа худаг, Гүнбүрд хэмээх газарт буй Түрэгийн үеийн тахилгын онгоныг өнөөгийн байгаа байдлаар нь баримтжуулах, тандах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах судалгаа хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн судалгаанд хоёр дурсгалт газрын агаарын зургийг 2D, 3D болон өндөршил, ургамалжилтын гэсэн дөрвөн үзүүлэлтээр боловсруулав. Мөн Гүнбүрдийн дурсгалт газарт буй хүн чулууд болон хавтан чулуудын хэмжилт, гар болон гэрэл зургийг нарийвчлан үйлдэж, бүрэн баримтжууллаа. Мөн фотограмметрийн аргаар 3D зураглал үйлдэв.

Геофизикийн судалгааны үр дүн:

Гүн бүрд.

Цахилгаан хайгуулын дундаж градиент, георадарын үр дүн болон соронзон хайгуулын тархалтын зүй тогтлыг харуулсан зураг, зүсэлтийг давхцуулахад гажил давхцаж байгаа нь тахилгын структурын хил заагийг илэрхийлж байх магадлалтай тул археологийн малтлага хийж, батлах хэрэгтэй.

Цахилгаан, Георадар, соронзон хайгуулын гажлын давхцалууд /Гүн бүрд/

Хаяа худаг.

Цахилгаан хайгуулын дундаж градиентийн үр дүн болон соронзон хайгуулын тархалтын зүй тогтлыг харуулсан зургийг давхцуулахад талбайн баруун хэсэгт байрлах 8-12м –ийн хэмжээтэй талбайд цахилгаан эсэргүүцлийн дундаас өндөр гажил, цахилгаан туйлширлын бага гажил, соронзонгийн өндөр гажил, радарын ойлтууд амплитудын огцом тасалдалтууд давхцаж байгаа хэсэгт археологийн малталтын судалгаа хийх шаардлагатай байна.

Цахилгаан, Георадар, соронзон хайгуулын гажлын давхцалууд /Хаяа худаг/

Хайгуул судалгааны үр дүн:

Хайгуул судалгаагаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Батширээт, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг 7 сумын 23 газарт эртний Түрэгийн үед холбогдох 27 тооны дурсгалыг бүртгэн баримтжуулав. Эдгээрт хүн чулуун хөшөө 10 ширхэг (4 хүн чулуун жижиг тахилгын байгууламжийн нүүрний дүрслэл бүхий хөшөөд), язгууртны тахилгын онгон (хавтан чулуу) 3 ширхэг (Гүнбүрд, Хаяа худагийн дурсгалаас гадна), тахилгын байгууламж 10 ширхэг, шивээ 1 ширхэг, хөшөө чулуу 4 ширхэг, түрэгийн тамга бүхий хадны зураг 1 ширхэг тус тус багтана. Мөн Гүн бүрд, Хаяа худагийн дурсгалт газрыг гадны физик гэмтлээс хамгаалах үүднээс дурсгал бүрийн шороон далан болон гео-физикийн тандалт судалгааны илрэцийн хүрээг багтаасан хамгаалалтын төмөр хашаа, дурсгалт газрын талаарх ерөнхий мэдээлэл бүхий мэдээллийн самбарыг тус тус бүтээн байгуулав.

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Баянголын амны хүн чулуу
Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Баянголын амны түрэгийн үеийн тахилгын байгууламж

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*