Танхим 8: Социалист Монгол Улс

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Мэдээ, мэдээлэл, Социалист Монгол Улс

Монголын засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж байв. Хятадын харгислал Унгерний дэглэмээр солигдсон ч Унгерний босгосон автономит засаг нь улс болон тогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээзнэж байсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв.

1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж Монгол Ардын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө Зөвлөлт Орос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо, Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авч явжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн, Д.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийг зарлажээ.

1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй аэмжээт цаазат хаант засгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийн бүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү Үндсэн хуулийг баталсан нь 20-р зууны монголын түүхэнд онцгой чухал үйл явдал болсон юм.

1925-1953 онуудад Монголын засгийн газраас үндэсний ардчилсан зорилтийг хэрэгжүүлэх оролдлогыг хийж бие даасан байдлаа хадгалахыг чармайж байв. Коминтерний “ардын дайсан” гэсэн нэр томъёог гарган ирж, улмаар Монголын Хувьсгалт Намыг өөрчлөхийг ятгах болов. 1932 онд ЗХУ-аас, лам нарыг үймээн самуун гаргаж байгаа хэмээн буруутгаж, засгийн газар бүх сүм хийдүүдийг хааж эхэлжээ. 1937 онд засгийн газраас улсын дайсан болох буддын шашны сүм хийд ба эрдэм мэдлэгтэй хүмүүсийг оролцуулан тэдгээр хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлсэн гашуун түүх өрнөсөн ажээ. Хувийн өмчийг нийгэмчилж, сүм хийдүүдийг нурааж сүйтгэв. Бүрэн бус мэдээгээр 36000 хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хэмээдэг. Дэлхийн 2-р дайны үед монголын төрийн бодлогод коммунист үзэл онол хүчээ авч МАХН үндэсний ардчилсан үзэл бодол, үйл хэргээсээ социалист үзэл баримтлалд шилжин улс үндэсний эрх ашиг, сонирхол орхигдоход хүрсэн ажээ.

Ингээд 1953-1965, 1965-1989 онуудад БНМАУ-д Социалист өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*