Танхим 6: Монголын уламжлалт аж ахуй

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын уламжлалт аж ахуй, Мэдээ, мэдээлэл

Монголын уламжлалт аж ахуйн онцлогийг харуулсан эд өлгийн зүйлс, монгол гэр, таван хошуу малын хэрэгсэл, ан агнуурын хэрэгслүүд, ахуйн хэрэгсэл, уламжлалт нүүдлийн аж ахуйтай холбогдох үзмэрүүд тус танхимд буй. Монголчууд адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа зэрэг таван хошуу мал адгуулан малласаар ирсэн нүүдлийн сонгодог аж ахуй эрхэлдэг ард түмэн билээ. Монголчууд мал аж ахуйн зэрэгцээ ан ав хийх, тариа тарих, гэр зуурын үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг туслах чанартай аж ахуйн төрлүүдийг эрхэлсээр ирсэн.
Монгол гэр: Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалттай бөгөөд хөгжил хувьслын олон шатыг туулсаар өнөөг хүрчээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг. Хөнгөн авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг. ХIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн байдаг. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед эсгий сууцаа дан модоор хийж байснаас модон гэр гэх болжээ. Хожим мод эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь хана, хаалга, үүд, бүрээс нь туурга, дээвэр зэргээс бүрдэнэ. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь дөрвөн ханатай байна. ХIХ зууны эцсээр жирийн малчны гэр дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь таван ханатай, мөн 8-9 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ. Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс ажээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*