Танхим 4: Монголын эзэнт гүрэн (XIII-XIV зуун)

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын эзэнт гүрэн (XIII-XIV зуун) ‏, Мэдээ, мэдээлэл

Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан юм. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл, эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон толилуулж байна.
Ханлиг улсын үе: X-XII зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Ийнхүү хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр бичигдэх их түүхийг монголчууд бүтээж эхэлсэн ажээ. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Чингис хаан түүний байлдааны урлагийн гайхамшигт ур, арга, төлөвлөгөө үргэлж ялалт авчирч байлаа. Чингис хаан дэлхийн цэргийн урлагийн шалгарсан жанжин, аугаа их улс төрч байжээ. Тийм ч учраас хожмын хүмүүс түүнийг мянганы хүн, суут дөрвөн жанжны нэг хэмээн тодруулжээ. Тахтай хурдан мориндоо мордож нум сумаа агссан гавшгай морин цэргүүд бол Чингис хаан ба түүний залгамжлагчдын байлдааны гол хүч юм. Монголын арми тухайн үеийнхээ дэвшилтэт технологийг эзэмшсэн байнгын арми байв. Хятад ба Ислам мэргэжилтнүүдийн ур ухааныг армийн зэвсэг хэрэглэлийг боловсронгуй болгоход ашиглаж байв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга, төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан гэдэг.
Чингис хааны үеийн Их Монгол Улс умардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Алтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдын үед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан аугаа эзэнт гүрэн болов. Монголын эзэнт гүрэн нь бүрэлдэхүүний хувьд таван үндсэн хэсэгт хуваагдаж байв. Чингэс хаанаас эхлэн 1259 онд Мөнх хааныг таалал төгсөх хүртэлх төв хэсгийн Монголын эзэнт гүрэн, Хубилай хаанаас эхэлсэн Хятадын Юань гүрэн, Персийн Ил хааны улс, Оросын алтан орд, Төв Азийн Цагаадайн хаант улс.
Монголын эзэнт гүрэн нь дэлхийн олон үндэстэн, шашин, түүх, хэл соёлоороо ялгаатай улс орнуудыг эрхшээлдээ оруулж дорно өрнийг холбосон ба эдгээр улсуудын улс төр, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд чухал нөлөөг үзүүлж байв. Монголын байлдан дагуулагчдын гүйцэтгэсэн гол үүрэг роль нь, анх удаа өрнө ба дорныг холбосонтой уялдаад хүн төрөлхтөн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, худалдаа арилжаа, шашинтай холбоотой нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан явдал хэмээн судлаачид тэмдэглэдэг. Хубилай хааны хаанчлалын үед монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Японы арлаас бусад дорно зүгийн газар нутаг үндсэндээ харьяалдаж байлаа.
Хубилай хаан 1264 онд нийслэл хотоо одоогийн Бээжинд шилжүүлсэний дараа өмнөх нийслэл Хархорины нөлөө аажмаар суларчээ. Судлаачид, Хубилай хааныг бойжиж боловсорсон талын язгууртан байсан хэмээн үнэлдэг. Тэрээр Юань гүрнийг 34 жил удирдсан бөгөөд 1294 онд тэнгэрт хальжээ. Хубилайн хааны дараа төр барьсан хаад эзэнт гүрний улс төрийн хямралыг намжааж чадалгүй байсаар 1368 онд Юань гүрэн мөхжээ.
Ил хааны улсыг Хүлэг хаан /1256-1265/ Перс, Ирак, Анатоли зэрэг улсыг байлдан дагуулсны дүнд байгуулсан нь түүхийн тавцанаа 100 орчим жил оршин тогтнов.
Чингис хааны хөвүүн Цагаадай зүүн Уйгар улсаас баруун Бухар болон Самарканд хүртлэх эзэмшил газрыг өвлөн авсан нь уламжлан түүхнээ Цагаадайн хаант улс хэмээгдэх болсон. Төв Ази дахь Монголчуудын хаант засаглалтай байсан Цагаадайн улс нь 125 жилийн турш оршин тогтножээ.
Монголын эзэнт гүрэн нь нэгдсэн хаант засаглалаар өөр өөр соёлтой, олон улс орон, Евроазийн эх газрын ихэнх хэсгийг захирч байжээ. Монголын эзэнт гүрний үед монголчууд дэлхийн тэн хагасыг нэгтгэн нэгэн төрийн жолоонд захирч байсан нь хүн төрөлхтний түүхэн дэхь анхны бөгөөд эцсийн тохиол байлаа. Монголчуудын байлдан дагуулал асар их гарз хохирлыг дагуулсан ч дорно өрнийн соёл, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард түмнүүдийн харилцааг идэвхжүүлсэн эерэг талууд ч цөөнгүйг эрдэмдэт тэмдэглэжээ.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*