Танхим 3: Уламжлалт хувцас, гоёл чимэглэл (XIII-XIX зуун)‏

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Уламжлалт хувцас, гоёл чимэглэл (XIII-XIX зуун)‏

Монгол улс нь 2 үндэсний бүрэлдэхүүнтэй 20 гаруй угсаатны бүлгээс бүрэлддэг билээ. Угсаатны бүлэг бүр өөр өөрийн уламжлалт хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь хүний нас, хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тухайн бүлгүүдийн байгаль орчин, түүх, зан заншлыг ч тусгасан байдаг. Тэдгээр нь дээл, хантааз, бүс, гадуур хувцас, гутал, малгай зэрэг юм.
Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнх гэх мэт.
Монголын малгай ба толгойн чимэг нь хэлбэр, зориулалтын хувьд ондоо байдаг. Малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын, улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт, элбэг баян зэргийг зөгнөн мөрөөдсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий.
Монгол гутал нь нүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм. Арьс, ширээр эх биеийг хийж улыг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээ чимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө.
Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалз, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос гэх мэт хээ чимэгтэй сийхэн ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгээр донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы улчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана.
Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн, гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж загвар хийцтэй хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох нь уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*