Санжаасүрэнгийн Зориг “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”

Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой 4 дүгээр сарын 20-ны  өдөр тохиосонтой холбогдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г зохион байгуулж, олон нийтэд толилууллаа. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. Тэрбээр “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн алдартай үгээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн эгэл эрхэм билээ.