МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН “УВС НУУРЫН САВ ДАХЬ НЭН ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АХУЙ ОРЧИН” ТӨСЛИЙН 2016 ОНЫ СУДАЛГАА

Уг судалгааны төслийг 2015 оноос эхлэн АНУ-ын Питсбургийн их сургуулийн Харьцуулсан археологийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд хоёр дахь жилдээ 2016 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 12-н хүртэлх хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Баян нуурын сав үргэлжлүүлэн ажиллав.

Энэ оны судалгаанд Монголын талаас МҮМ-н Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, археологич Т.Түвшинжаргал, АНУ-ын талаас Питсбургийн их сургуулийн Харьцуулсан археологийн судалгааны төвийн захирал, доктор Лукас Бартон, Невадагийн их сургуулийн Антропологийн тэнхимийн доктор Кристофер Морган нар хамтран ажиллаа.

Монголын умард бүс нутаг дахь Увс нуурын сав газрын эртний анчид түүвэрлэгчдийн ахуй амьдралын хувьсал, тэдгээрийн мал аж ахуйд шилжсэн үйл явцын талаарх ойлголт нь тун чухал асуудал юм. Харамсалтай нь энэ бүс нутгийн анчин түүвэрлэгчдийн тухай археологийн судалгааны ажил хомс байдаг. Энэ нь нэг талаар судлаачид төдийлөн анхаарал хандуулаагүйгээс гадна нөгөө талаар соёлт давхарга бүхий дурсгалт газар нэн ховор байдагтай холбоотой. Баян нуурын сав газар бол дэлхийн хамгийн хойд бүсэд буй элсэн манхан бөгөөд олон жижиг булаг горхиор тэжээгддэг цэнгэг уст нуур юм.

Өнгөрсөн 40 гаруй мянган жилийн туршид Баян нуурын усны төвшин олон удаа нэмэгдэж, хасагдаж байсан бөгөөд нуурын төвшний энэхүү өөрчлөлт бүрт нуурын эрэг дагуу үржил шимтэй хөрс, ургамлын аймаг бүрэлдэж байсан нь өнөөг хүртэл янз бүрийн төвшинд хадгалагдан үлджээ. Түүнчлэн усны эх үүсвэр бүхий нуурын эрэг орчимд хүмүүс байнга амьдарч эхэлсэн цагаас тэдгээр хүмүүсийн үлдээсэн ямар нэгэн ул мөр энэхүү хөрсөнд хадгалагджээ. Тиймээс хүний үйл ажиллагаатай холбоотой он цаг тогтоох боломж бүхий соёлт давхарга бүхий газрууд энд тэндгүй бий. 2015 онд бид хоёр соёлт давхарга бүхий дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн юм. BN001 дугаартай малтлагаас гарсан олдвороос он цаг тогтоох судалгаанд эртний хөрс, модны нүүрс болон хүлрийн дээжийг ашигласан бөгөөд хүлрийн тогтоц болон эртний хөрсний бүтцийн судалгаа нь одоогоос 4160-6880 жилийн хоорондох нуурын усны төвшин, хаялга зэргийг тодорхой харуулж буй юм. Нуурын хаялгын энэхүү ул мөр нь хэдийгээр салхиар нүүж тогтсон элсэн манхнаар хуваагдсан ч эртний хэлбэрээ тодорхой хэмжээгээр хадгалсан байна. Эндээс Шинэ чулууны үеийн иржгэр хээтэй ваарны хагархай болон чулуун зэвсгийн зүйлс тэдгээрийн дотор хоёр талаас нь засаж үйлдсэн сумны зэв гарсан соёлт давхарга нь одоогоос 4330-3920 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон.

 BN003 дугаартай малтлагаас гал түлж байсан ор, тулгын чулууд, сүүн тэжээлт амьтны яснууд (буга, хандгай, адуу), ялтсан ирний үлдэц, бэлдэц болон ялтсан ир, залтас зэрэг гарсан. Эдгээр хоёр бүлэг олдворууд нь он цаг тогтоох боломжтой байснаараа хөрсөн дээр ил байрлах олдворуудаас ялгаатай юм. BN001 болон BN003 зэрэг эртний соёлт давхарга бүхий дурсгалаас он цаг тогтоож чадсан явдал нь Увс нуурын сав газрын археологийн дурсгалт газруудыг тайлбарлах, таньж мэдэх боломжийг олгож байна. Хэдий тийм боловч Шинэ чулууны үе болон Түрүү хүрлийн үеийн шилжилтийн цаг хугацааг оролцуулаад эрт болон дундад Голоцены үеийн (НТӨ 9500-3000 жил) олдворын цуглуулгад он цаг тогтоох, соёлын болон технологийн өөрчлөлтийн талаар цэгцтэй дараалал гаргах, бэлчээрийн мал аж ахуйн үүсэл болон малыг гаршуулах үйл явцыг ойлгох боломж хомс хэвээр байна.

2016 оны судалгааны ажил урьдын адил Баяннуурын эргэн тойрон дахь эртний хүмүүсийн ул мөрийн талаарх мэдээллийг баяжуулж, ил хадгалагдсан эртний соёлт хөрсийг илрүүлэн байршил болон өндрийн төвшинг, нуурын өнөөгийн усны мандлын төвшинтэй харьцуулан хэмжих ажлыг хийв. Түүнчлэн 2015 онд хайгуул судалгаа хийгдээгүй Цагаан голын савд хайгуул судалгааг үргэлжлүүлж, нуурын цутгалан жижиг голуудыг эртний хүмүүс хэрхэн ашиглаж байсныг судалгааны үр дүнд тодорхойлохыг хичээж байна.

Хайгуул судалгааны дүн: Нийт цуглуулсан олдвор 1668 ш. Үүнд: Чулуун зэвсгийн зүйлс 739 ш, ваар савны хагархай 628 ш, мал, амьтны ясны хэлтэрхий 179 ш, төмөрлөг эд зүйлс 28 ш, бусад (сувс, цацагт хяруулын өндөгний хальсны хагархай, гэх мэт) 94 ш зэрэг багтана.

Баян нуурын сав нь эртний түүхийн олдвороор маш баялаг. Баяннуурын баруун хойд хэсэг болон Өгөөмөр уулын хооронд эртний булш оршуулга олноор байрлах бөгөөд эртний хүмүүс өөд бологсдоо үдэх зан үйлийн нэгэн том төвлөрсөн газар байсан илэрхий байна.

Түүврээр цуглуулсан асар олон тооны олдвороос барагцаалан үзвэл Монгол нутгаас маш цөөн тоогоор олдоод буй Шинэ чулууны болон Түрүү Хүрлийн үеийн булш оршуулга байх магадлал өндөртэй. Тиймээс цаашид эдгээр дурсгалаас дээжлэн малтаж, Баян нуурын сав дахь нэн эртний өөр өөр цаг үеийн хүмүүсийн ДНК, хоол хүнсний эх үүсвэр, оршуулгын соёл, газар ашиглалт зэрэг нуурын өмнөх суурин газрын үлдээгчдийн талаарх мэдээллийг цуглуулж, нарийвчлан судалснаар бүс нутгийн хүрээнд энэхүү дурсгалт газрын ач холбогдол, түүхэн үнэ цэнийг тодорхойлох боломж бүрдэнэ. Тэрчлэн, Баяннуурын сав нь дэлхийн хамгийн хойд бүс нутаг дахь  цөлөрхөг элсэн манхантай  газар нутгийн эртний анчид, түүвэрлэгчдийн ул мөрийг (соёлт давхарга) хөрсөндөө маш сайн хадгалсан газар болох нь судалгааны урьдчилсан үр дүнгээс харагдаж байна. Бид дараа дараагийн судалгааны ажлаар дээрх асуудлуудыг тодруулахыг хичээх бөгөөд 2017 онд илүү өргөн хүрээнд малтлага хийхээр төлөвлөж байна.