Захирлын мэндчилгээ

      XXI зууны иргэд бид мэдээ мэдээллийн хурдтай эрин зуунд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж байдаг билээ. Энэ ч үүднээс музейд хадгалагдаж байгаа түүх соёлын хосгүй үнэт үзмэр, дурсгалт зүйлс, шинэ шинэ олдворуудаар дамжуулан Монголчуудын соёлын өвийг гадаад, дотоодын үзэгчид олон нийтэд цахим сүлжээгээр сурталчлах зорилгоор Монголын үндэсний музейн хамт олон бид http://nationalmuseum.mn/ цахим хуудсаар та бүхэнтэйгээ мэндчилж байна. Бидний өвөг дээдэс түүхийн нугачаанд үнэлж баршгүй хосгүй соёлын өвийг бүтээн хойч үедээ өвлүүлсэн бөгөөд энэхүү соёлын их өвийг одоо цагт түүчээлэн авч ирээдүйд өртөөлөн хүргэх эрхэм үүргийг музейн салбарынхан бид хоёргүй сэтгэлээр үүрч яваа билээ. Бид үндэстэнийхээ түүх, өв соёлын онцлогыг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлөн уламжлуулах, соёлын үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах гэх мэт хийсэн бүтээсэн арвин туршлагатай, хийх бүтээх их хүсэл тэмүүлэлээр дүүрэн ажиллаж байна. Бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан мянга мянган он жилийг өртөөлөн ирсэн өвөг дээдсийнхээ түүх соёл, музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг хосгүй үнэт олдвор, үзмэрүүдээр түүвэрлэн дэлгэн үзүүлдэг түр үзэсгэлэнгүүд, цаг үеийн мэдээ мэдээлэл, арга зүйн сургалт, боловсрол олон нийтийн хөтөлбөр гэх мэт мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй хурдан шуурхай эрхэм үзэгчид та бүхэндээ хүргэх болно. Монголын Үндэсний музейн цахим хуудсаар зочлон, эх орныхоо түүх соёлоор бахархан, өвөг дээсдийнхээ бүтээсэн гайхамшигтай агаад агуу түүхтэй танилцан, мартагдашгүй дурсамжаар хөглөгдөн аялахыг та бүхэндээ хүсч байна. Дэлхийн талыг морин туурайгаараа тамгалан эзэлж явсан өвөг дээдсийн минь буян заяа, босоо хийморь та биднийг үргэлж ивээж байх болтугай.