card

ХҮННҮ – АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ - ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Хугацаа: 2021.11.30-2022.03.01

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон “шинэ нээлт” болсон юм.

Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажил бүрэн хийгдснээр энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж бүрдлээ.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.

Та бүхэн хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
ХҮННҮ – АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ - ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

БНМАУ-ын ЕРӨНХИЙ САЙД, ШАЛГАРСАН БААТАР, МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН тусгай үзэсгэлэн

Хугацаа: 2021.03.18-04.11

“БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэн 2021 оны 03 дугаар сарын 18-нд нээлтээ хийв. 

Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын Үндэсний Музей, Стратеги академи хамтран “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан 1895 онд одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбай хэмээх газар төржээ. 1921-1924 онд Бүх цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ. Х.Чойбалсан нь 1936 оны 2 дугаар сарын 21-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 14 дүгээр хурлын тогтоолоор анх Маршал цолыг хүртсэн бөгөөд 1936 оны 4 дүгээр сард ДЯЯ-ны бие бүрэлдэхүүнийг цэргийн цолны дүрмийг боловсруулан Сайд нарын Зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж байжээ. Эдүгээ Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг Тусгай архив, Үндэсний музейн сан хөмрөгөөс дэглэн үзүүлж байна.

Дэлгэрэнгүй

ХУБИЛАЙ ХААН БА МОНГОЛ ЖАНЖИД

ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН

Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан юм.

Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монгол гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн Эрхэм үзэгч танаа толилуулж байна.

Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдарын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл билээ.  Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэгдсэн юм.

Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг олгож буй энэ үзэсгэлэнг бид Мөнх тэнгэрийн цаг ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран зохион байгуулж байна.

 Үзэсгэлэн 2020 оны 09 дүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.

Холбогдох утас:  70110913, 99123922

Нээлтийн ёслол: 2020 оны 09-р сарын 23-ны 15 цагт болно

 

Монгол наадам үзэсгэлэн

МОНГОЛ НААДАМ ҮЗЭСГЭЛЭНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд зориулсан энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй үзмэрийг дэглэн үзэгч таны гэгээн мэлмийд толилуулж байна.

Төрт ёсны эртний уламжлалтай Монголчуудын үндэсний баяр наадам нь төрийн ёслолын хүндэтгэл их цэнгэлд зүй ёсоор тооцогддог төдийгүй энгүүн аж амьдралын язгуур өв соёлыг тээж ирсэн үнэт өв маань билээ. Тийм ч учраас 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм.

Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол билээ. Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүд нь XX зууны үеийн уламжлалт гоёл, чимэглэл, гар урлалын бүтээлүүдээс гадна алдар цуут бөхчүүлийн өмсөж эдлэж байсан хувцас хэрэглэл, хурдан морины хүүхдийн хувцас, өмсгөл, нум сум, товх болон шагайн харвааны эд эдлэл зэрэг олон сонирхолтой цуглуулгыг дэлгэж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Монголчуудын хайртай бөх дархан аварга Б.Түвдэндоржийн эдлэж хэрэглэж байсан малгай, зодог шуудаг, тэрлэг дээл уг үзэсгэлэнд тавигдсан. Тэрээр Монголын бөхийн түүхэнд тодорсон домог шалгарсан манлай олныг баясуулагч, баяр наадмын манлай дархан аварга байлаа. Мөн ард олноо Боохой хэмээн алдаршсан Монгол улсын арслан Дамдинсүрэнгийн Данзангийн зодог шуудгийг анх удаа уг үзэсгэлэнгээр олон нийтэд үзүүлж байна.

Уг үзэсгэлэнд наадмын чимэг хурдан хүлгийн унаач хүүхдийн хувцас, хэрэгсэл, монгол эр хүний гоёл чимэглэл хийгээд адууны соёлын өвөрмөц илэрхийлэл ширэн хөхүүр, айргийн хул, мөнгөн аяга болон адууны тоног хэрэгсэл, мөн сур харвааны тоног хэрэгсэл, Маршал Х.Чойбалсангийн нум сум, Урианхай сурын уламжлалт нум, сумыг үзэж болно. Мөн шагайн харвааны хасаа, хашлага, сум тэргүүтэнийг сан хөмрөгөөсөө дээжлэн уг үзэсгэлэнд дэглэн байрлуулав.

Энэхүү үзэсгэлэн нь 2020 оны 07 сарын 10-аас 08 дугаар сарын 10 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. Та бүхэн таалан соёрхож баяр наадамдаа сайхан наадаарай.

Монгол наадам үзэсгэлэн

Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын дурсгалууд

Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тохиож буй энэ өдөр Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА- СОЁЛЫН ДУРСГАЛУУД” хэмээх үзэсгэлэнг дэглэж та бүхэнд толилуулж байна.

Манай хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг сайхан түүхэн замналтай. 1952 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 3 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ.

Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь тус музейд хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь “Монгол Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэглэгдэж буй тус музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг хамтатган, хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд танилцуулж байна.

 

Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын дурсгалууд

"ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨВӨӨР ТЭТГЭГДСЭН МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН СОЁЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО" гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨВӨӨР ТЭТГЭГДСЭН МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН СОЁЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО" гэрэл зургийн үзэсгэлэн 03 дугаар сарын 02-наас 03 дугаар сарын 12 хүртэл зохион байгуулагдав.  
Энэхүү үзэсгэлэнг Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан дэлгэж буй юм.
Их Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн болох Алтан орд, Цагаадайн улс, Юан гүрэн, Ил хаант улсаас өнөө цагт юу үлдэж хоцорсныг харуулж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой. Түүнчлэн үзэсгэлэнд дэлхийн Монголчууд хэсэгт Индо-Монголойд, Балбын Монголчууд, Афганистаны Хазарчууд (ХIII зуны монголчууд), Мяньмарын монгол гаралтнуудын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол-Энэтхэгийн эртний болон өнөө цагийн хэлхээ холбооны харилцааг гаргахыг зорьжээ. Тухайлбал, хоёр орны шинэ үеийн дипломат харилцааг 1955 онд тогтоосон, түүний дараах улс төрийн удирдагчдын айлчлалууд, хамтын ажиллагааг гаргажээ. 

“Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” үзэсгэлэн

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, Марс-В төсөл, Монсаат хөтөлбөр, МУИС-ын Мазаалай хөтөлбөр зэрэг байгууллагууд болон хувь хүмүүс оролцов. Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлсэн юм.

“Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” үзэсгэлэн

“БАЯСГАЛАНТАЙ ИРЭЭДҮЙ” – ХҮҮХДИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Өнөр бүл хүүхдийн төвийн сурагчдын бүтээлийн “Баясгалантай ирээдүй” үзэсгэлэн 06 сарын 01-ээс 06 сарын 10-ны хугацаанд олон нийтэд нээлттэй ажиллав.

Монгол Улсын хойч ирээдүй болсон авъяаслаг хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлагийн гоо зүйн мэдрэмжтэй болгож, байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлгүй хог хаягдлыг ашиглан өөрт хэрэгцээтэй бүтээл урлах, улмаар тэдний дотоод ертөнц, авъяас чадварыг нээн илрүүлж, урлагаар дамжуулан нийгэмшүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэх зорилгоор 2017 онд “Миний ертөнц”, 2018 онд “Хог бол баялаг”, 2019 онд “Эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд уран зураг болон чимэглэлийн урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, сурч мэдсэн зүйлсээ иргэд, олон нийтэд тайлагнасан билээ.

Монголын Үндэсний музей нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллаааг дэмжин жил бүрийн хүүхдийн баяраар хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд нээлттэй толилуулдаг бөгөөд энэ жил уран зураг, хайчилбар, сийлбэр, баримал, арьсан хөөмөл зэрэг уран зургийн төрлийн 70 гаруй, олсон урлал, шигтгээн наамал, хүүхэлдэй урлал, зөөлөн тоглоом гэх мэт чимэглэлийн урлалын 200 гаруй бүтээлийн үзэсгэлэнг танхимаар болон цахимаар олон нийтэд толилуулж байна.

“БАЯСГАЛАНТАЙ ИРЭЭДҮЙ” – ХҮҮХДИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

"ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ, АРХИВЫН БАРИМТ, БИЧГИЙН ДУРСГАЛ" тусгай үзэсгэлэн

Уг үзэсгэлэнг Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2021.06.21-25-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд ажиллана. 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 06 сарын 21-ний 11 цагаас болсон бөгөөд Соёлын Дэд сайд М.Батбаяр, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Чингис хаан музейн захирал С.Чулуун болон эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

ХХ ЗУУНЫ МОНГОЛ БА ГУРВАН ХУВЬСГАЛ” тусгай үзэсгэлэн

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэнгээс 1911 оны Үндэсний эрх чөлөө, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэнэ, залгамж холбоог илэрхийлэх 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлс, 60 гаруй архивын баримт материал, баримтат кино, гэрэл зургийг судалгааны ач холбогдол зэргийг харгалзан дэлгэн үзүүлж байна. Үүнд: Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид ЗОУ-аас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны “Улсын эрх” олон улсын төр эрхийн орчуулгын бүтээл, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, улсын сүлд, далбаа зэрэг залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зураг багтжээ.

Тус үзэсгэлэн 2021 оны 07 сарын -нээс 8 дугаар сарын 1 хүртэл нээлттэй, үнэ төлбөргүй байна.

ХХ ЗУУНЫ МОНГОЛ БА ГУРВАН ХУВЬСГАЛ” тусгай үзэсгэлэн

"ЧУЛУУНЫ ХЭЭ-4" чулуужсан ойн дууль үзэсгэлэн

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэс судлаач сэтгүүлч, профессор Г.Гонгоржавын хувийн цуглуулгын "ЧУЛУУНЫ ХЭЭ-4" чулуужсан ойн дууль үзэсгэлэн 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 19 хүртэл зохион байгуулагдав.

Үзэсгэлэн музейн түр үзэсгэлэнгийн танхимд 15 хоног олон нийтэд нээлттэй ажиллах бөгөөд Монгол хүн бүр, ялангуяа өсвөр үеийнхэнд өвөг дээдсийнхээ өлзий хутгийн авшигт өсөж, төрсөн нутаг усныхаа эрдэнэсийн сан, үүц, нөөцөд ямагт элгэмсэг, ажигч гярхай, хайрлаж хамгаалах, аригч сэтгэлээр хандах сэтгэглгээг төлөвшүүлэх эрдэс чулуулгийн гайхамшигт гоо сайхны мэдрэмж таашаалыг бадраах чин эрмэлзэлээр энэхүү үзэсгэлэнг толилуулбай.

“МОНЦАМЭ-100” үзэсгэлэн

Хугацаа: 2021.09.22-09.28

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн юм. Түүнчлэн англи, орос хэлээр хэвлэн гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг. 

Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Түүнчлэн цахилгаан мэдээ дамжуулж байсан морзын аппарат, МОНЦАМЭ агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, “МОНЦАМЭ-гийн алтан дүрэм”, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслүүдийг толилуулж байна. 

“МОНЦАМЭ-100” үзэсгэлэн

“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс санаачлан Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний музейтэй хамтран  “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн, номын нээлтийг 2021 оны 10-р сарын 21-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд хийлээ. Тус үзэсгэлэнд алтан ургийн ноёдын түүхэн ховор гэрэл зургууд, хэрэглэж байсан 20 гаруй тамгыг тайлбар хөрвүүллэгийн хамт  олон нийтэд хүргэсэн юм. 

 

“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн

“МОНГОЛЫН БОЛОВСРОЛ 100 ЖИЛД” тусгай үзэсгэлэн

Монголчуудын бичиг эрдмийн эхний улбаа бүр Хүннү гүрний үед холбогдох бөгөөд өнгөрсөн зууны 40-өөд онд кирилл үсэгт шилжих хүртэл бараг 10-аад үсэг зохион хэрэглэж ирсэн гайхам түүхтэй. Бахдам энэ түүхтэйн хэрээр хүүхэд багачуудаа эрдэмд хөтөлж, сургаж ирсэн баялаг уламжлалтай билээ.

Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей, Боловсрол, Шинжлэх ухааны Яамтай хамтран “Монголын боловсрол 100 жилд” тусгай үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд Монголын боловсролын нэгэн зууны хөгжил, түүхийг харуулсан ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэж байна. Тэдгээрийн дотор Ардыг гэгээрүүлэх яам болон аймаг, орон нутгийн сургуулиудын тамга тэмдэг, 1920,30-аад оны багш нарын үнэмлэх, бичиг баримтууд, үе үеийн сурагчдын ном, сурах бичиг, дэвтрүүд, пионер сурагчдын шагнал - баярын бичгүүд зэрэг олон арван эд зүйлс бий. Мөн үнсэн самбар, хулсан үзэг тэргүүтнээс орчин үеийн цахим тооцоолуур, жирийн сурагчаас эхлээд гавьяат багшийн цүнх хүртэл сонин зүйлс ч цөөнгүй. Мөн түүнчлэн МУИС, МУБИС-ийн Багшийн сургууль зэрэг манай дээд боловсролын ууган байгууллагуудаас ирүүлсэн Монголын боловсролын түүхэнд холбогдох ховор чухаг үзмэрүүд нийтийн хүртээл болно.

Үзэсгэлэн 2021 оны X сарын 1-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

“МОНГОЛЫН БОЛОВСРОЛ 100 ЖИЛД” тусгай үзэсгэлэн

"МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ" үзэсгэлэн

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, Урлагийн газартай хамтран Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд монгол нутаг дахь эрт, дундад үеийн хот суурины гэрэл зураг болон Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжээр “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын Бэлхийн амны язгууртны булшны малтлага судалгаанаас илэрсэн ёслолын шүхэрт тэрэгний төмөр чимэглэл, хатирч буй морины дүрст хүрэл чимэг, Түргэний голын балгас буюу "Хар түнэ" ордны археологийн малтлага судалгааны хэрэглэгдэхүүн зэрэг 30 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн гарах хугацаа: 10-р сарын 29 -нөөс 11-р сарын 4 хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 

Блокын гарчиг / img